Б.ЖАВХЛАН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох “Nor mount” компанийн ажилчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. “Nor mount” компанийн ажилчдын хоолноос удаа дараа хиймэл хумс, хөөсөнцөр, гялгар уут, үс зэрэг гарсан байна. Үүнээс үүдэж тус компанийн ажилчид хоолноосоо хордсоор байгаа юм. Гэтэл удирдлагууд нь ажилчдынхаа санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа аж. Энэ талаар Зогсолтгүй ажиллах хамтын хүч уурхайчдын холбооний үйлдвэрчний эвлэлиийн дарга Б.Төгсбаяр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч “Эрдэнэс Тавантолгой” бол Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа компани. Тэгвэл тус компанийн ажлын 58 хувийг “Nor mount” компани хийж гүйцэтгэдэг. Гэтэл ажилчид нь хоолноосоо хордож, гүйлгээд ажиллаж байна. Удаа дараа ийм асуудал үүссэн тул хоол үйлдвэрлэлийн компаниа сольж, биднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаж өгөөч гэдэг шаардлагыг удирдлагуудад тавьсан. Харин удирдлагын зүгээр тус компанийг солих боломжгүй. Энэ хоолоо идээд ажил гэдэг. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд хандан “Биднийг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангаж өгөөч ээ” гэж хүсэж байна” гэсэн юм.

Ажилчдын хоолноос үс, хумс зэрэг гадны биетүүд удаа дараа илэрдэг байна. Энэ тухай ажилтан Н.Чинзориг “Би тус компанийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн ажиллаж байна. Гэтэл байгууллагын зүгээс үргэлж ажилчдын эсрэг шийдвэр гаргаж ирсэн. 2022 оны зургадугаар сард хоолноос нь гадны биет илэрч, ажилчид гүйлгэж, бие нь өвдсөн. Тухайн үед дарга нар ажилчдыг дарамталж ажлаа үргэлжлүүлэхийг шаардсан. Гэвч дахиад хоолноос гадны биет буюу үс, хумс зэрэг гарсаар байна. Энэ талаар удирдлагуудад удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч арга хэмжээ авахгүй байна. Харин ажлын бүтээмж чинь муу байна гэх зэргээр эргээд биднийг дарамталдаг. Компанийн гол зүйл бол ажилчид. Гэтэл ажилчдынхаа эрүүл мэндэд занал хийсэн үйлдэлдээ арга хэмжээ авахгүй байгааг гайхаж байна. Сүүлдээ ажилчдыг та нар өөрсдөө гал тогоонд хяналт тавьж ажил гэдэг зүйлийг хэлж байна. Бид хүнсний эрүүл ахуйч биш шүү дээ. Бид хяналт тавихын оронд хүнсний эрүүл ахуйчтай болох ёстой биз дээ. Гэтэл одоог болтол хүнсний эрүүл ахуйчгүй байна. Өчигдөр компанийн удирдлагуудтай уулзахад энэ хоолоо идээд ажил. Эсвэл ажлаасаа буу. Цалин өгөхгүй шүү гэсэн” гэв.