П.ЛХАГВАЖАРГАЛ

“Gotcha” энтертайнмент Монголын анхны хүүхдэд зориулсан “Чухал” фестивалийг аравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өдрийн 13-аас оройны 19 цагийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хүүхэд багачуудад зориулсан “Үнэ төлбөргүй” цогц үйл ажиллагаа юм. “Чухал” фестивалийн тухай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулагчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.

“Чухал” фестивалиар хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагаа болно. Тодруулбал, циркийн үзүүлбэр, хүүхэлдэйн баатар, зохиомжит жүжиг, үзлэг оношилгоо, сургалт болох ажээ. Үүнээс гадна хүүхэд багачуудын дуртай дуучин, жүжигчин, хөгжимчин гэсэн олны танил эрхмүүд хүрэлцэн ирж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Мөн анх удаа хотын төвд хүүхэд залууст зориулан агаарын бөмбөлөг хөөргөж буйгаараа онцлог юм. Харин нар жаргах үеэр буюу 19 цагт галт наадам болох юм. Орчин үед хүүхэд залуус интернэт орчин, дэлгэцэд хэт донтох, түүнд хамааралтай болох шинж илрэх болсон тул түүнээс холдуулах, нийгэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд 30-40 цагдаагийн албан хаагч хамгаалалтад гарна. Мөн хүүхдэд учирч болзошгүй нийгмийн бусад хүчин зүйлээс сэргийлж эцэг эх, асран хамгаалагчдыг 10 мянган төгрөгийн тасалбараар оруулах ажээ.

Эх сурвалж: www.polit.mn