С.УРТНАСАН
Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлэхийг шаардаж Иргэдийн төлөөллөөс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлаар цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. Хүүхдээ асарч буй ээжид 0-3 нас хүртэл нь сар бүр 50 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог. Тухайн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар олон шум сонсогдсон ч “Цалинтай ээж” гэх нэрэн дээ хамааралгүй мэт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй тэтгэмжийг олгож байгаа талаар иргэдийн төлөөллөөс ярилаа.
Мөн хурлын үеэр “Баялагтаа эзэн монгол” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа оны дараа цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэж ярьсан ч маш олон ээж нарыг “хуурсан” асуудал үүссэн гэж бид харж байна. Сар бүрийн 20-ний өдөр цалинтай ээжийн 50 мянга олгогддог байсан бол энэ сарынх олгогдоогүй байгаа талаар олон эхчүүд надтай холбогдлоо. Би энэ мөнгийг нэмж эсвэл хасаж олгодог хүн нь биш шүү дээ.
Ээж нарт олгогдож байгаа энэ мөнгө халамж биш. Иргэндээ чиглэсэн бодлогоор дэмжигдэж байгаа чухал ажил юм. Мөн хоол тэжээлийн дутагдлаас болж олон хүүхэд эндэж байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч нэг нь ч цалинтай ээжид олгодог 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх сэдвийн талаар яриад гарч ирсэнгүй. 1-6 сарын хооронд 150 мянгаар олгоё гэсэн саналууд ч одоо олгогдож байгаа 50 мянган төгрөгийнхөө хэмжээнд хүрэхгүй, үр дүнгүй, үнэ цэнгүй байна.
Тиймээс эхчүүдийн хувьд хүүхдээ гурван нас хүрч ажилтайгаа золгох хүртэл “цалинтай” гэдэг нэрэн дээ багтах хэмжээнд цалингийн доод хэмжээнд хүргэж өгөөч гэх шаардлагыг хэвлэлийн хурлаар дамжуулан Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байна. 2024 оны гуравдугаар сарын 11нд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цалинтай ээж хөтөлбөрийн талаар ярьж байсан. Түүнээс хойш 11 албан шаардлага хүргүүлсэн ч тухайн асуудлыг төр засгийн хэмжээнд шийдэх хариу өгсөн ч үр дүн нь гараагүй хэвээр байна. Хэвлэл, мэдээллийнхнийг харахаараа л цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлэх талаар ярьдаг УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудал дээр оролцоотой байх хэрэгтэй.
Гурван жилийн хугацаанд сар бүр 50 мянган төгрөг өгөх үү эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг нярай байх үед ээжид нь 100-150 мянган төгрөг өгөх үү зэрэг тооцооллуудын талаарх яриа гарсан энэ сэдвийн хүрээнд дорвитой шийдвэрүүд гаргах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаа талаараа ярилаа.
Эх сурвалж: zms.mn