Доржийн ОЮУНЧИМЭГ

“Залуудаа надад ер нь хийгээгүй ажил байхгүй. Хүний хийдэг юм бүгдийг хийж байсан. Ер нь мод, чулуу, төмрөөр ч юм хийдэг байлаа. Байшин барилга ч барьсан гэхэд буруудахгүй ээ, хүү минь” гэсэн хүн бол Завхан аймгийн Улиастай хотын оршин суугч З.Мөнө юм. Бид түүнийг сонины “Амьдралын тойрог” буландаа урилаа.

 

ЗАГАР БАНДИХАЙН ТАНХИ ОХИН

1957 онд анх нийслэл хотод орж ирээд ээжтэйгээ хамт.

Загар овогтой Мөнө. Сантмаргаз суманд төрж өсчээ. Хуучнаар бол Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу гэх газар малчин ард Чойжоогийн тав дахь охин болон мэндэлж хамаатны ах Загар бандихайнд өргүүлсэн гэдэг. Айлын ганц охин танхи өссөн хэдий ч бусдын төлөө өөрийн эрдэм авьяасыг харамгүй зориулсан гэнэ.

Бага залуугаасаа бага унтаж, их хөдөлмөрлөж ирсэн түүнийг нутгийн түмэн Мөнө амаа хэмээн авгайлдаг. Өдгөө 100 настай тэрээр монгол ахуйд хэрэгтэй бүхнийг гар доорх материал ашиглан хийсээр байгааг түүний хүүхдүүд хэлэв. “Ээж минь гартаа эрдэмтэй хүн юм шүү дээ. Миний ээжийн гар хүрсэн бүхэн илааршиж, өнгө орж байдаг болохоор ээжээрээ бахархдаг. Бусдын санаанд ч ороогүй зүйлийг хэдийнээ сэдэж, өчүүхэн төдий өөдөс даавуу, арьс шир, мод төмөр юугаар ч болов хэний ч сонирхол шохоорхлыг татах эд эдлэл болгон амилуулж чаддаг байгалиас заяасан авьяастай” хэмээн түүүний хүү Р.Төгсбат бидэнд хэлэв.

“Би сургуульд суугаагүй л дээ. Тийм мөртөө одоо нутгийнхан намайг ажилсаг гэдэг юм. Би хүний ганц охин болж өссөн учраас хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой гэж боддог. Эмээ нь 15 хүүхэдтэй. Хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан” хэмээн хуучлана. Мөнө амааг зорьж ирэх зочид тасрахгүй. Хүүхдийн толгой илүүлэх гэж ирнэ. Бас хөгшинтэй сонин хуучлахаар ирдэг нь ч бий. Тэрээр отгон охин, хүргэнтэйгээ хамт амьдардаг бөгөөд 100 насыг насалж, зургаадай таяг авчээ. Бас болоогүй орсон гарсантай “хөзөр тавьчихаад” сууж байдаг гэнэ лээ.

 

АМ БҮЛ “280-УУЛАА”

Хань Д.Ралхжавын хамт.

Мөнө амаагийн ханийг Догсомжавын Ралхжав гэдэг. “Миний нөхөр 1938 онд цэргийн албанд татагдан, 1938-1943 он хүртэл Тамсаг Булаг дахь Хуягт дивизэд Хуягтын новадчикаар таван жил эх орноо хамгаалах үүрэгт оролцож явсан юм” хэмээн бидэнд танилцуулав. 1939 оны Халхын голын байлдааны ахмад дайчин ханиараа үргэлж бахархаж ирснээ ч хэлэв. Д.Ралхжав ажил хөдөлмөрийн 50 гаруй жилийн хугацаанд цэрэг, малчин, ухуулагч, манаач, харуул гээд хийж байгаа ажилдаа идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласныг нь төр засаг үнэлэн одон медалиар шагнаж байсан аж.

Сантмаргазаас Улиастай руу нүүж суурьшсан Ралхжавынх аймгийн төв бараадах болж. Угийн л хөдөлмөрч хосууд суугуул нутагтаа ч ажил хөдөлмөрөөрөө гайхуулсан гэдэг. “Энд ирээд өвгөн бид хоёр юм, юм л хийсэн. Нэг удаа өөрсдийн хийсэн бүтээлээр уралдаанд орж шагнуулж байлаа. Хотоос шагнал иржээ гээд гүйгээд очтол “дан дээл, ээрүүл дамартай утас, товч, нэг сайхан хайч” ирсэн. Танд баяр хүргэе гээд” хэмээн ярьж суухдаа мод чулуугаар бишгүй л эд зүйл хийж ирснээ, янз бүрийн хээ, хуараар хашаа, хороогоо “гоёж” явсан тухайгаа хуучиллаа.

1982 он хүүхдүүдийн хамт.

1977 онд аймгийн оршин суугчид шургааган хашаатай байжээ. Мөнө амаагийнх суурьшихдаа үлгэр жишээ хашаатай болсон гэдэг. Хашаагаа төмрөөр хийж хээлж будаад гангалчихжээ. Төд удалгүй сум нэгдлийн дарга нар ирж үзээд явсан гэнэ. Тэр цагаас эхлээд амьтны хашаа хэвлэж өгдөг болсон гэдэг.

Ралхжавынх өдгөө үр, ач, гуч, зээ гэсээр дөрөв дэх үетэйгээ золгож, ам бүл 280-уулаа болжээ.

“Эмээ нь 100 насны баяраа тэмдэглэчихээд төрсөн нутаг Сантмаргазынхаа 100 жилд явчихаад ирсэн. Хоёр хөл муудаад хүүхдүүд нэг тэрэг авчирч өгч би тухтай сайхан явж байгаад ирлээ” гэж байлаа. Мөнө амаатай хэсэг хуучлав.

-Таныг хөзөр сайн тоглодог гэж байна лээ?

- Би яахав завтай хүн хүүхдүүдтэй хөзөр тоглоод байж байна.

-Тэгээд таныг хожих хүн байна уу?

-Аа байдаг юм аа. Гэхдээ эд нар цөмөөрөө л надад шүүгдчихдэг юм.

-Хөзрийн аваргын алтан медальтай гэх юм?

-Хотод чинь хөзрийн аварга олгодог юм байна аа. Би Монголын анхны хөзрийн аварга алтан медальтай болсон гэж хүүхдүүд хэлж өглөө л дөө.

-Хоёулаа нэг баг болж байгаад нэг хөзөр тоглодог юм билүү?

-Тэгье. Хэдэн хүн байна. Алив зургуулаа цуглачихъя. Хөзөр бундангаас эхэлдэг юм шүү дээ.

-Танд масс байна уу.

-Масс байна. Хаячих уу?

-Тэг, тэг.

-Гурван масс хаяад дараа нь намайг татаарай

-Би ийшээ хөзрийн туг өгсөн, тиймээ

-Тэгсэн үү?

-Тэгсэн. За ингэхэд барих юм байна.

-Өө барьчихлаа гэхэд нүдээ онийлгож ирээд жаал хөхрөв. За одоо нэг татна биз дээ?

-Энд юугаар гарч. Ингээд дарчихья байз, гилийн боол, цэцгийн боол дарах нь ээ?

-Одоо айл хожигдчихжээ. Дахиад хоёулаа хожчихлоо.

Мөнө амаа бөөн баяр. Тоглох зуураа “Хөөе хоёулаа нэг хожигдож өгөхгүй бол энэ хоёр уйлах нь” гэж хошигнох 100 настай З.Мөнө яг л хүүхэд шиг хөөрч, бас биднээр оньсого таалгана.

 

ӨВ ТЭЭГЧ МӨНӨ АМАА

 

“Миний хүү энэ хол газар ирээд надтай ярьж байгаа нь овоо л доо” гэх Мөнө амаа “Хүйн ээж” юм билээ.  Хэд, хэдэн хүүхэд эх барьж авсан тэрээр эмнэлэгт сувилагч хийж байсан удаатай. Дөнгөж төрсөн нярай ээжийнхээ сүүнд цадахгүй үед хөхүүлж, хуурайлаад унтуулчихдаг байж. Нутгийнхан түүнд таны буянаар өдий зэрэгтэй сайн явна шүү гэж урмыг үг хэлдэг тухай бидэнд хэлэв.

Ач зээ гуч гээд өөрийн хүүхдүүдийн тоог “алдсан” Мөнө амаа гэрийнхээ ажлыг хийж барахаа байж отгон охиныдоо амьдардаг болсноо ч бас ярив. “Өвгөнөөс хойш ганцаараа гэр ахуйгаа тордож дийлэхээ болиод отгон хүргэнийдээ ирсэн юм. Түмэн олноор хүрээлүүлээд сайхан л амьдарч байна, хүү минь” гэж суугаа тэрээр оньсого таалгана. Таахгүй бол бас шоолноо. Таадаггүй шүү, барахгүй нь ээ гээд жоготой харж байгаад л инээнэ. Уулзаж учирсан хэнд ч болов бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлж, харамын сэтгэлгүй, өглөгийн сэтгэлээр урдуураа гарсныг ундаалж, хойгуураа гарсныг хооллож ирснээрээ хоосроогүй ээ хэмээн насны буян хурааж суугаа Мөнө амаа бусдын хүндлэл хүлээсэн өндөр настан ажээ. “Бусдад өгсөн сэтгэлийн их өглөг буцаад ирэхдээ бороо шиг шаагин асгардаг юм” гэж бидэнд захиж байлаа.

Мөнө амаа өв тээгч гэдгийг түүний хүүхдүүд хэлж байлаа. Эртний уламжлал, ёс жаяг, дэг журмын үр хойчдоо захиж сургахын зэрэгцээ нутгийн түмэнд ч хэл дуулгаж суудаг байна. “Хүүхдүүддээ ардын уламжлалт ёс жаяг, оньсого таавар, монгол ахуйтай холбоотой соёлын өвийг өвлөн уламжлуулах гэж өөрийн мэддэг, чаддаг бүхнээ л ярьж, зөвлөдөг юм, миний ээж” гэж түүний отгон охин Р.Цэнд-Аюуш ярив. Түмэн олныхоо төлөө чин сэтгэл, халуун хайр энэрэл болон ээж ааваас заяасан удмын авьяас  мэдрэмжээрээ өвдөж зовсон, бэртэж гэмтсэн олон түмэндээ тус буянаа үзүүлсээр өдгөө 100 насыг зоогложээ.

-Таныг олон оньсого мэднэ гэж байсан. Та түүнээсээ манай уншигчдад хэлж өгч болох уу?

-Болно. Чи таах юмуу. Оньсого ч зөндөө л байна л даа. Оньсогоо таалгах гэж муусайн хүүхэд хөхрөлдүүлээд л сууж байна, эмээ нь.

-Оролдоод үзье. Таныг оньсогоо зохиогоод таалгадаг гээд нутгийн хүмүүс хэлж байна лээ?

-Дүүдэн баадан дөрвүүлээ. Дүүдээ баадай хоёулаа. Наран хатан ганцаараа. Харанхуй хойшоо тэр юу вэ?

-Би сонсож байгаагүй юм байна?

-Хаб гэхээс дутдаггүй хар гөлөг тэр юу вэ, тэгвэл. За таахгүй нь ээ. Тэгвэл шап гэхээс дутдаггүй шар гөлөг тэр юу вэ. Бидний хийдэг л юм байгаа даа /инээв/

-Би таахгүй нь ээ.

-Дов тойрсон долоон нүх, доошоо харсан хоёр нүх тэр юу вэ?

-Наад оньсогийг чинь бол таах юм байна. Хамрын нүх.

-Тансаг хатан чилээрхээд. Таван элч мордоод. Гүндүү ламыг залж ирээд гүргүүлэн чинээ гай гаргана, тэр юу вэ?

-За би бууж өгье. Та надад энэ оньсогонуудын тайлалыг хэлж өгнө биз дээ?

-Өгнөө, дараа нь хэлж өгнө.

-Та мартчихав аа?

-Мартахгүй ээ би гэж суугаа Мөнө амаа “Асгалдайг 13 хүн мордуулна гэхийг таасангүй юу” гэснээ “Ишигний эвэр ийшээ, тийшээ гэдэг чинь ханын толгой. Шап гэхээс дутдаггүй шар гөлөг гэдэг чинь шанага, хар гөлөг нь бариул. Тансаг хатан чилээрхээд. Таван элч мордоод. Гүндүү ламыг залж ирээд гүргүүлэн чинээ гай гаргана гэдэг чинь шүд чигчийлэх. Асгалдайг 10 хүн мордуулаад гэсэн шүү дээ. Тэр чинь малгай өмсөхийг хэлж байгаа юм. Дүүдэн баадан дөрвүүлээ. Дүүдээ баадай хоёулаа. Наран хатан ганцаараа. Харанхуй хойшоо гэдэг чинь, тэмээ” за таахгүй нь ээ гээд ход ход инээж, би бас 10 хүртэлх тоогоор оньсого таалгана гэж байлаа.

Мөнө амаа гартаа увидастай бариач. Ардын аргаар домноод үзэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүс тэдний гадаа гэр бариад суудаг байж. Эмчилгээгүй гэгдсэн айлын жаахан хүү Мөнө амаагийн гарын увидасаар хүн болж эрийн цээнд хүрсэн тухай домог шиг яриаг нутгийнхан хэлж байлаа. “Ээж минь олон хүнд амьдрал бэлэглэсэн ачтан юм шүү” гэж түүний хүү Р.Төгсбат ярив. Ээжийн минь гэрийн гадаа долоо хонож хүүгээ бариулж байгаад явсан хүмүүс өдгөө сар шинээр золгох гэж ирдэг тухай ч бас хэлсэн юм. Хүний амь насыг аварч эмчилнэ гэдэг сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс хүнтэй харьцах, аливаад хандах хандлагаас олон зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны өндөр мэдрэмж, төлөвшилтэй байх ёстой хэмээн Мөнө амаа хүүхдүүддээ захиж хэлдэг ажээ. Амьдрал гэдэг хүний сайхан сэтгэл, чин сэтгэлээс ундарсан сайн үг бүрээс эрчим хүч авч тэжээгддэг гэдгийг Мөнө амаа хэлж байлаа. “Олон сайхан хүүхдийнхээ хүчинд, түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээж, сэтгэл тэнүүн сайхан амьдарч байна, хүү минь. Хүнийг хэдий чинээ баясгаж, гоё үг, сайхан сэтгэлээр ундаална тэр хэрээр чамд хүндлэл ирдэг юм шүү” хэмээн бидэнд захисан юм. Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан. Үр хүүхдээр өнөр, үржил малаар арвин, дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг, урт насалж удаан жаргаарай хэмээн Мөнө амаа бидний араас ерөөл өргөсөн юм. Түмэн олон минь өвдөх өвчингүй, зүдрэх зовиургүй амьдраасай гэж өдөр бүр залбирч, маань уншиж суугаа тэрээр төрж өссөн алтан нутаг, орон дэлхий, түмэн олон, төр засгийнхаа хайр ивээлд сэтгэлийн угаас залбиран шүтэж сууна.

Мөнө амаагийн 280 ам бүл хорвоогийн тод өнгийг гэрэлтүүлэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж буй ажээ.

100 насыг насалж, зургаадай таяг тулсан Мөнө амаадаа эрүүл энхийг хүсье.

1975 он Дамдинбазар дарга болон ажлын хамт олонтойгоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)