PHOTO: Shataakshi Verma (RSF)

 

Газын зурваст жил хүрэхгүй хугацаанд Израилийн зэвсэгт хүчний гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо нэмэгдсээр 130 даваад байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) эдгээр сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэж, Палестины сэтгүүлчдийг хамгаалахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал, цуглааныг арван улс оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна.

RSF энэ Пүрэв гарагт буюу есдүгээр сарын 26-ны өдөр Газын зурваст амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх жагсаал, цуглааныг дэлхий даяар өрнүүлж байна. Израилийн арми өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ноос хойш Палестины нутаг дэвсгэрт 130 гаруй сэтгүүлчийн амийг хөнөөсөн бөгөөд тэдний 32-ыг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь хороожээ. RSF нь дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах кампанит ажлаараа сэтгүүлчдийн амь нас эрсдэх явдал нэмэгдэж, чөлөөт, хараат бус мэдээлэл авах эрхийг хөсөрдүүлэхэд хүргэсэн ноцтой хямралын талаар олон улсын хэмжээнд сэрэмжлүүлэх зорилготой юм.

Эсэргүүцлийн жагсаалыг Герман, Бразил, Испани, АНУ, Франц, Их Британи, Сенегал, Швейцарь, Тайвань, Тунис гэсэн арван оронд бүтэн өдрийн турш зохион байгуулж байна. Дэлхий нийтийг мэдээ мэдээллээр хангахын төлөө амь насаа зориулсан сэтгүүлчдийн сэрдхийлгэсэн тоо баримтыг илэрхийлж, цусанд будагдсан хантаазуудыг тухайн орны түүхэн дурсгалт газруудад байрлуулна. Тухайлбал, Тайпэй хотын Эрх чөлөөний талбай, Лондонгийн Биг Бэн цамхаг, Дакар дахь Африкийн сэргэн мандалтын хөшөөний урд, Парис дахь Эйфелийн цамхагийн дэргэд байрлуулах аж. Мөн “Сэтгүүлчид Газын зурваст ингэж олноороо амиа алдсаар байх юм бол биднийг мэдээллээр хангах хүн үлдэхгүй нь” гэж бичсэн самбар тавина.   

RSF-ын Ерөнхий захирал Тибо Бруттин хэлэхдээ “Газын зурваст сэтгүүлчдийг хоморголон устгах явдлыг эцэслэх ёстой. Израилийн арми нэг жил хүрэхгүй хугацаанд Газын зурваст 130 гаруй сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн нь бүслэгдсэн бүс нутагт хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг нэг мөсөн зогсоох аюул учруулж байна. Сэтгүүлчдийн амь насанд ийнхүү халдах нь Палестины хэвлэл мэдээллийг онилодд зогсохгүй дэлхий нийтээрээ ажиглаж буй мөргөлдөөнт бүс нутгийн тухай үнэн бодит, чөлөөт, хараат бус, олон ургальч мэдээ мэдээлэл авах олон нийтийн эрхийг хөсөрдүүлж байна. Газын зурваст ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалж, ял завших явдлыг эцэслэх, тус зурваст гадаад сэтгүүлчдэд нэвтрэх боломж олгохыг бид шаардаж байна. Мэдээлэл авах бид бүхний эрх хөсөрдөж байна” гэсэн байна.

RSF Газын зурваст ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалахын төлөө ажиллаж байна

RSF Газын зурваст сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн дайны гэмт хэргээр Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д дөрвөн гомдол гаргажээ. Эхний хоёр гомдлын дагуу ОУЭШ-ийн прокурор Карим Ханы ажлын албанаас Палестин дахь нөхцөл байдлыг шинжлэн судлахдаа сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг шалгаж буйгаа RSF-д мэдэгджээ.

RSF нь “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөө Арабын сурвалжлагчид” (ARIJ) байгууллагатай хамтран Газын зурваст ажиллаж буй орон нутгийн болоод олон улсын хэвлэл мэдээллийн 250 гаруй сэтгүүлчдэд тусламж дэмжлэг үзүүлжээ. Үүнд, дайныг сурвалжлах ажлаа үргэлжлүүлэх боломжоор хангах үүднээс сурвалжлагчдыг хоргодох байр, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Үүнээс гадна, Газын зурвас дахь сэтгүүлчдийн амь насыг хоморголон хөнөөхийг эсэргүүцэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, сэтгүүлчдийг бүс нутаг руу орох, гарах боломжоор хангахыг уриалж, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийг баримтжуулж байна.

Мөн түүнчлэн, бүс нутгийн сэтгүүлчдэд, ялангуяа дайныг сурвалжилж буй сэтгүүлчдэд дэлхий нийтийг мэдээллээр хангах ажлаа аль болох аюулгүйгээр хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тусламж, нөөцөөр хангах зорилгоор Ливаны Бейрут хотод хэвлэлийн эрх чөлөөний төвийг үүсгэн байгуулсан байна.

Эх сурвалж: