Өдөр тутмын сонины үнэ цэнийг мэдрүүлж, мэргэжлийн баг хамт олны бэлтгэсэн баримт нотолгоотой мэдээллийг өдөр бүр уншигчдынхаа гарт хүргэдэг “Өнөөдөр” сонины хамт олон өнөөдөр 8000 дахь дугаараа гаргаж байна. 
“Хэн сэтгэж байна түүнд зориулав” хэмээн тунхагласан нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн үүсгэн байгуулсан Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсэн хөгжихөд, уламжлалт хэвлэл буюу цаасан сонины үнэ цэнийг хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 
Цахим шилжилт, сошиал мэдээллийн энэ цаг үед худал мэдээллийг сөрж, үнэн бодит баримттай мэдээллээр уншигчдаа хангахын төлөө өдөр тутмын сониныхон үүргээ нэр төртэй биелүүлж явна. Өөрийгөө хүндэлдэг, мэдлэг боловсролтой уншигчдадаа зориулан сэтгүүлзүйн даацтай материалуудыг бэлтгэн хүргэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчийн хөдөлмөр амар биш. 
28 дахь жилийнхээ түүхийг бичиж буй “Өнөөдөр” сонины хамт олон энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, өчигдрөөс илүү маргаашийг Өнөөдөр бүтээхийн төлөө ажиллаж ирсэн үе үеийн өнөөдөрчүүддээ 8000 дахь дугаараа гаргаж буйд нь халуун баяр хүргэе. 

“Зууны мэдээ” сонины хамт олноос