Хөрөнгө хамгийн органик, байгалийн аргаар гаргаж авсан исгэгч юм. Хөрөнгийг зөвхөн ус, гурил, таргаар өөрөөр нь буюу үр тарианд агуулагдах ферментүүдээр исгэдэг тул ямар нэг химийн бодис ордоггүйгээрээ давуу талтай. “Одонтой ээжийн хөрөнгөний” талх хэмээх гарааны бизнес Эрдэнэт хотод бойжиж байна. “Одонтой ээжийн хөрөнгөний талх” брэндийг үүсгэн байгуулагч Э.Номин-Эрдэнийн бяцхан талхны цехээр зочиллоо.
Чихрийн шижинтэй, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн байнгын сонголт болсон
Э.Номин-Эрдэнэ дөрвөн хүүхдийн ээж. Тэрээр гэртээ үйлдвэрийн талх, боорцог аваад байдаггүй, өөрийн сэтгэл шингээн урласан талх, нарийн боовоор гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг аж. Улмаар ковидын үед буюу 2019 оноос эхлэн хоббигоо хөгжүүлж бизнес хийхээр шийдсэн байна. Ингээд гэрийнхээ гал тогоонд ганц жижиг шарх шүүгээтэй эхэлж, өөрөө хүргэлтээ хийдэг байжээ. Ийнхүү төсөл бичиж Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк ОНӨҮГ-т хандсанаар таван саяын дэмжлэг авч тоног төхөөрөмжөө нэмж, доороо хоёр ажилтантай болжээ.
Хөрөнгөний талх бүхэл үрийн, энгийн гэсэн хоёр төрөлтэй. Сахартай хүмүүс төдийгүй эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн байнгын сонголт болжээ. Өдөрт 50 ширхэг талх үйлдвэрлэдэг тус үйлдвэр хүчин чадлаа улам бүр нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж байна. Мөн тэрээр захиалагчдадаа хүссэн лого, хэлбэр дүрсийг талхан дээрээ зурж өгдөг нь онцлог байлаа.
Талхны хөрөнгийг хэн ч гэртээ өөрөө гаргаж авах боломжтой
Э.Номин-Эрдэнэ “Дөрвөн жилийн настай сагсуу хөрөнгөндөө талархдаг. Нэг ахимаг насны эрэгтэй хүн залгаад танай талх чинь үнэтэй байна гэсэн. Хөрөнгөний талх өөрөө артизан буюу гар ажиллагаа, цаг хугацаа, анхаарал халамж их шаарддагаараа онцлогтой. Гадаадад бол энгийн талх нь 10 ам.доллароос эхэлдэг. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болсноосоо хойш идмээр байгаа гурилан бүтээгдэхүүнээ хэрхэн хийх талаар youtube дээрээс хайж олоод, видео зааврыг үзэж, жорыг нь даган хийж өөрийн гараар эрүүл, амттай гурилан бүтээгдэхүүн гэр бүлдээ хийж өгөх болсон. Талхны хөрөнгийг хэн ч гэртээ өөрөө гаргаж авах боломжтой. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Хөрөнгөнд исэлтийн явцад ашигтай бактериуд ихээр үүсэх ба эдгээр ашигтай бактериуд нь бидний ходоод гэдэсний ашигтай бактериудыг хооллох, олшруулах сайн талтай. Ингэснээр ходоод гэдэсний ашигтай бактериуд нэмэгдэж, хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг” гэв.
Хөрөнгөний талх идэх таван шалтгаан
Гэдэсний бичил биетний хэвийн орчныг хангана
Түргэн исгэгчээр хөөлгөсөн талхтай харьцуулахад хөрөнгөний талхыг исгэх үйл явц харьцангуй удаан үргэлжилдэг. Энэ үйл явцад хөрөнгөнд агуулагддаг ашигт бактериуд алдагддаг боловч үр тарианд агуулагдах эслэг, полифенолт нэгдлүүдийн био идэвх нь нэмэгддэг бөгөөд ингэснээр бүдүүн гэдэсний ашигт бактериудын гол хоол болж өгдөг байна.
Цусан дахь сахрын түвшнийг хэвийн байлгахад тусална
Исгэх үйл явц болон эслэгийн био идэвх нэмэгдсэнээр цусан дахь сахрын түшингээ хянах заалттай хүмүүст хөрөнгөний талх нь ашиг тустай хүнс болдог. Түргэн исгэгчээр хийдэг талхтай харьцуулахад хөрөнгөний талх нь цусан дахь сахрын хэмжээнд харьцангуй бага нөлөөлдөг байна.
Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
Үр тарианд агуулагдах эслэг нь цусан дахь холестериныг бууруулахад өндөр ач холбогдолтой бөгөөд энэ нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал нөлөөтэй байдаг. Хөх тарианы гурил эсвэл бүхэл үрийн гурил нь эслэгийн агууламж илүү өндөр байдаг.
Илүү шингэцтэй
Хөрөнгөний талхыг исгэх үйл явц дунджаар 8-24 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед үр тарианд агуулагдах амин дэм, эрдэс бодисын био идэвх нэмэгддэг. Мөн олон цагийн исгэлтийн үед үр тарианд агуулагдах уураг задардаг аж. Энэ нь бидний ходоод гэдсэнд ороод илүү хурдан задарч шингэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Илүү шим тэжээллэг
Буудайн гурилд кали, фосфор, цайр, магни зэрэг хэрэгцээт эрдэс бодис агуулагддаг ч үр тарианд агуулагддаг фитиний хүчил нь эдгээр эрдэс бодисын шимэгдлийг бууруулдаг антинутриент нэгдэлд тооцогддог. Харин олон цагийн исгэлтийн үйл явцад сүүн хүчлийн бактериуд нь фитиний хүчлийг задалдаг байна. Хөрөнгөний талханд худалдааны талхтай харьцуулахад 24-50 хувиар бага фитиний хүчил агуулагддаг бөгөөд энэ хэмжээгээр бидэнд хэрэгтэй эрдэс бодисын агууламж нэмэгдэнэ гэж үздэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)