Ц.МЯГМАРБАЯР

Ойрын өдрүдэд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Монгол Улс дахь Хятадын худалдааны танхимын нарийн бичгийн дарга Бо.Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хятад Улс дахь бизнесийн холбоодын зөвлөлийн нэгдсэн мэдээллийн санг МҮХАҮТ дээр төвлөрүүлэх ажилд Монгол Улс дахь Хятадын худалдааны танхимыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Ингэснээр Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хамтарч ажиллах сонирхолтой Монголын аж ахуйн нэгжүүдэд дундын зуучлалгүй бодит үнээр худалдаа хийх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн хоёр улсын сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн аялал жуулчлал, хуулийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчдийн “шинэ түншлэл” үүсгэхээр болов. Улмаар арга хэмжээг арваннэгдүгээр сарын эхээр өргөн цар хүрээнд зохион байгуулахаар тохиролцжээ.

 

Лиаонин мужаас бүх төрлийн цас цэвэрлэх төхөөрөмж нийлүүлэх боломжтой

Энэ хүрээнд  БНХАУ-ын  “Ляонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” худалдаа Улаанбаатар хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд боллоо. БНХАУ-ын 70 гаруй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан. Ляонин мужийн хамгийн хойд хэсэгт орших ТиеЛинг хот нь аж үйлдвэрлэл ихээр хөгжсөн. Тиймээс  бүх төрлийн овор хэмжээтэй цас цэвэрлэх машин нийлүүлэх боломжтой аж. Түүнчлэн өөрөө явагч цас цэвэрлэж шүүрддэг  бага оврын төхөөрөмж аж ахуйн нэгж байгууллагын сонирхлыг ихэд татаж байлаа. Харин Даньдун болон ЧаоЯнг хотоос барилгын материал, цемент, далай бүтээгдэхүүнийг манайд нийлүүлэх сонирхолтой байна гэж тус компанийн төлөөлөл онцолж байсан юм. Үзэсгэлэнгийн  арга хэмжээнд МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар амжилт хүсэж үг хэлсэн юм. Тэрээр “Хоёр улсын  экспорт импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, харилцан солилцох замаар хамтын ажиллагааг  илүү бодит болгох нь чухал” гэсэн юм. Мөн Ляонин мужийн Жан Вэй Дунгаар ахлуулсан бизнес эрхлэгчид Монгол Улстай уул уурхай, дэд бүтэц, барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр логистикийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцов. Мишээл экспо төвд хоёр өдөр үргэлжилсэн уг үзэсгэлэн хүн ихтэй байлаа. Энд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, автомашин, сэлбэг хэрэгсэл, цахилгаан дугуй, ноолуур болон нэхмэл бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэргийг дэлгэн тавьж худалдаалж байсан юм. БНХАУ-ын дэвшилтэт технологийн салбарт тэргүүлэгч Лиаонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд хүнс, хүнсний боловсруулалтын салбарын 70 гаруй үйлдвэрлэгчдийн бараа бү­тээг­дэхүүнээ мөн танилцуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)