Ардын уран зохиолч,академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн номын сангийн ахмад номын санч номзүйч Лантуу овогтой Цагаан нь Дорнод аймгийн Н.Ф.Гастелогийн нэрэмжит I сургуульд орж VIII ангиа төгсөөд 1973 онд Багш нарыг бэлтгэх сургуульд номын санч мэргэжлээр суралцаж 1976 онд төгссөн. 1994-96 ондуудад Соёлын дээд \ бакалавр дээд \ номзүйч мэргэжлээр суралцаж өдрөөр онц дүнтэй төгссөн байдаг.

Улсад 44 жил үүнээс номын санд 33, аймгийн ҮЭ-ийн Холбооны  даргаар 11 жил тасралтгүй  ажилласан. Тэрээр ажлын гараагаа Дорнод аймгийн Булган сумын номын сангаас эхэлсэн түүхтэй. 1975 онд тус сумын номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан, Лодойн Лувсаншаравын ажлын туршлагыг улсын  бүх номын санчид  хэрэгжүүлж эхэлсэн үе юм.

Л.Цагаан нь Дорнод аймгийн Булган сумын Номын сангийн ажлыг 1976 онд 7500 боть номын фондтой хүлээж  авсан бол 1982 онд  15000 мянга гаруй номын фондтой  МУ-ын тавдугаар зэргийн номын сангийн болзлыг хангасан  аймгийнхаа анхны сумын  номын сан болгож амжилттай ажилласан байна.

1979 онд Соёлын яамнаас  зарласан удирдамжийн дагуу  Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” туужаар дүрийн тоглолттой “УНШИГЧДЫН БАГА  ХУРАЛ”, 1981 онд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын “Далан худалч” хөгжимт драмын жүжгийг, МУ-ын төрийн шагналт зохиолч Л.Ванганы “Арвай хээрийн талд” жүжгийг сумын уран сайханчид, залуучуудын байгууллагатай хамтран тавьсан нь тус сумын иргэд уншигчдын  ном унших идэвхийг сэргээж  хүүхэд залуучуудыг  номонд дурлуулах  том алхам болжээ.

Л.Цагаан нь Аймгийн Зохиолчдын Хороо, Оюутны зөвлөл, Олон нийтийн байгууллагатай  байнга хамтран ажилладаг.1998 онд Дорнод аймагт Д,Нацагдоржийн нэрэмжит шагналыг Эрээнцавын Данзангийн Нямсүрэн  яруу найрагч анх авчирсан.  Түүний бичсэн “Долоон нас" дууг цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд дуулж сонирхуулахад зохиолч маань Монголын бүх хүүхдүүдийн дуулах  дуртай дууг яаж бичсэн түүхээ ярьж баярласнаа илэрхиййлсэн байдаг.

Л.Цагаан нь Аймагтаа Д,Нацагдоржийн нэрэмжит Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал -1999”  зохиолчдын яруу найргийн наадмыг  зохион байгуулсан ба 2009 онд  анхны “Электрон номын санг” ажиллуулахад санаачлага гаргасны  үр дүнд 21 аймгаас анхдагч  болсон сайхан амжилтуудыг дурдахад таатай байна..

Уншигчдыг ном унших, номын сангаас хэрэгтэй мэдээллээ авахад  уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулан ажилладаг тэргүүний номын санч Л.Цагаан нь Дорнод аймгийн төв номын сангийн 60 жилийн ойгоор  2006 онд “Орон нутгийн номзүй”-г анх удаа хэвлэн  гаргасан, мөн АНУ-ын  нэрт эдийн засагч Фридманий “Хувь заяагаа сонгох нь” номоор УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ-ыг хийсэн нь  зах зээлийн  үеийн уншигчдын боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажил болсон гэж уншигчдаас үнэлгээ авч байжээ.

Л.Цагаан нь Дорнод  аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор   буюу 2001 онд аймгийн хэмжээний монгол хэлний багш нарын дунд “Миний мэдэх алдартнууд” “АГШИН”.”Бид Мэдэж Байна” танин мэдэхүйн тэмцээнүүдийг зохион байгуулсан нь уншигчдыг, хүүхэд  залуучуудыг ном уншихад дурлуулах ,Дорнод аймгийнхаа алдар цуутай эрдэмтэн, мэргэд ,ахмад үеийнхнээс суралцах, тэднээрээ бахархах, тэднийг хойч үеийнхэнд  сурталчлан таниулсан олон талт ажлуудын нэг болжээ.

Монгол Улсын  Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, Ардын уран зохиолч, Академич,  Цэндийн .Дамдинсүрэнгийн мэндэлсэний 90 жилийн ойгоор 1998 онд Дорнод аймгийн төв номын сан Нэрэмжит болсон ба “Гологдсон хүүхэн” нэртэй “ДЭВЖЭЭ”-г Монгол Мэдлэгийн Их сургууль, Дорнод Дээд сургууль, Мэргэжил сургалтын Төв, Шаталсан Сургалттай Техник Технологийн сургуулийн оюутан сурагчдын дунд зохион байгуулсан нь уншигчдад аймгаас төрсөн алдарт зохиолчийн уран бүтээлийг сурталчлан таниулсан дүрийн тоглолт байлаа.

Л.Цагаан нь Номын санд  ажиллах хугацаанд  аймаг, сумын хэмжээнд хүүхэд, залуучууд, ахмад настан, ажиллагсадыг номтой нөхөрлүүлэх, тэдний насны онцлог, ажил мэргэжилд нь тохирсон  олон талт ажлуудыг зохион байгуулж,  Монгол улсын хэмжээнд гарсан хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжүүлэх талаарх сургалтыг зохион байгуулахад анхаарч ажилласны үр дүнд номын сангийн уншигчдын тоог жил бүр  нэмэгдүүлсэн  ажлын амжилтаараа аймгийн төв  номын сан улсдаа 2001, 2009 онуудад тэргүүлж ажилласан юм.

Л.Цагаан нь уншигчдыг ном  унших ,номын сангаас хэрэгтэй мэдээллээ  авахад  уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулан ажилладаг тэргүүний номын санч юмаа. 2009 оноос Дорнод аймгийн ҮЭ-ийн Холбооны даргаар сонгогдоход 30-аад ҮЭ-ийн хороотой 2800-аад гишүүдтэй байсан бол 2020 онд ҮЭ-ийн 61 хороонд 6000 гаруй гишүүдтэй болгосон бөгөөд 2019 оны ажлаараа 21 аймгаас МҮЭ-ийн Холбооны “ШИЛДЭГ ҮЭ-ИЙН  ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан юм. Ном эрдмийн Цагаан замнал улам өргөжин дэлгэрэг.

Л.Оюунчимэг

Экологийн сэтгүүлч

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)