М.ТИЛЕГЕН

 

Дэлхийн нүүдэлчдийн V их наадам Казахстан улсын нийслэл Астана хотод үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагийн орой “Астана Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын нээлт болсон. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ тус наадмыг “Нүүдэлчдийн олимп” хэмээн нэрлээд, нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхийн түвшинд сурталчилж байгааг онцлов. Нүүдэлчдийн тоглолтын нээлтийн ёслолд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Туркменистан улсын Ардын зөвлөлийн дарга Гурбангулы Бердымухамедов, Татарстаны тэргүүн Рустам Минниханов, Якутын тэргүүн Айсен Николаев нар хүндэт зочноор оролцлоо. Намбарын Энхбаяр нээлтийн өмнө Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевтай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн   мэндчилгээ захидлыг гардуулав.

Энэ удаагийн наадамд 89 орны 2500 гаруй тамирчин спортын 21 төрлөөр өрсөлдөж байна. Монголын баг тамирчид 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тэмцээний эхний өдөр морьт харваа, аударыспак (морьт барилдаан), казах күрес, мас-рестлинг гээд хэд хэдэн төрлөөр медальтнууд тодорлоо. Монголын баг тамирчдын салхийг хагалж, морьт харвааны унгар төрөлд Нэргүй Алтанхуяг мөнгөн медаль хүртлээ. Мөн мас-рестлингийн 65 кг-д П.Цэрэнцогзол, аударыспакийн 60 кг-д М.Наурызбек, 70 кг-д Е.Өмиртай нар хүрэл медаль зүүв. Ийнхүү манай баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай багийн дүнгээр долдугаарт бичигдэж эхэллээ. Медалийн тоогоор тэмцээний зохион байгуулагчид тэргүүлж байна. Тоглолт ирэх бямба гарагт өндөрлөнө.

 

Нүүдэлчдийн тоглолтын түүхээс

Дэлхийн нүүдэлчийн тоглолт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн өв уламжлалын хувьд үндэсний спортын тоглоом наадгай болон олон үндэстэн угсаатны урлаг соёлыг хөгжүүлэх зорилготой. Төв болон Дундад Азийн орнуудын нүүдэлчин ард түмний үндэсний спортын төрлүүдийн шилдгүүдийг тодорхойлох уг тэмцээн нь энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Астанад болох энэ удаагийн Дэлхийн нүүдэлчийн тоглолтын гол уриа нь “Тал нутгийн төвөргөөн” (казахаар “Ұлы дала дүбірі”). 

Дэлхийн нүүдэлчийн тоглолтыг анх Киргиз улс санаачлан зохион байгуулж, олон улсын хэмжээний спортын арга хэмжээ болгон өргөжүүлж чадсан. Зөвхөн Евразийн хэмжээнд төдийгүй олон орныг хамруулж дэлхийн хэмжээний тэмцээн болгосон аж. Одоогоос яг 10 жилийн өмнө Киргизстаны Чолпан-ата хотод зохиогдсон анхны наадамд 19 орон оролцсон. Спортын 10 төрлөөр явагдсан эхний тоглолтод 583 тамирчин өрсөлдөж байв. Монголын тамирчид Дэлхийн нүүдэлчдийн тоглолтод эхнээс нь оролцож ирсэн. Хоёр дахь удаагийн тоглолт 2016 мөн л Киргизстаны Чолпан-ата хотод болсон. Тэгэхэд зөвхөн нүүдэлчид төдийгүй суурин соёл иргэншилтэй олон орон нэгдэж, оролцсон орны тоо 62-т хүрсэн. Есдүгээр сарын 3-8-ны хооронд болсон Дэлхийн нүүдэлчдийн хоёрдугаар тоглолтод 1000 гаруй тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдсөн билээ. 2018 онд Киргиз улсад гурав дахь удаагаа зохиогдоход дэлхийн 82 орны 2000 гаруй тамирчин спортын 37 төрөлд хүч сорьжээ. Монголын баг тамирчид 2014 онд нэг мөнгө, зургаан хүрэл, нийт долоон медаль хүртсэн. Харин 2016 онд нэг алт, нэг мөнгө, 6 хүрэл, нийт найман медаль авч байв. Тэгвэл 2018 онд Чолпан-атад манайхан хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл, нийт 17 медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн.

2020 онд нүүдэлчдийн наадам анх удаагаа Киргизээс буурь сэлгэж Турк улсад болох байсан ч дэлхий даяар тархсан ковид-19 цар тахлын улмаас зохиогдоогүй. 2022 оны намар Туркийн Изник хот Дэлхийн нүүдэлчдийн IV тоглолтыг хүлээн авсан. Уг наадамд дэлхийн 102 орны 3000 гаруй тамирчин оролцож, спортын 13 төрөлд өрсөлдөж байв. Монгол Улсын баг тамирчид морьт харваа, көкпар, кураш болон Турк, Дундад Азийн орнуудын бөхийн төрлүүд, мас-рестлинг зэрэгт оролцсон. Манай тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл авсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)