М.ТИЛЕГЕН

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өнгөрсөн ням гарагт Астана хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцсон. Нээлтийн ажиллагааны үеэр Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг гардуулсан байна. Мөн энэ үеэр Дэлхийн нүүдэлчдийн тоглолтын нээлтэд хүрэлцэн ирсэн Дундад Азийн орнуудын удирдагчид болох Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекийн төрийн тэргүүн Шавкат Мирзяев, Турменистаны парламентын дарга Гурбангулы Бердымухамедов нартай албан бусаар уулзаж яриа өрнүүлэв. Уулзалтын явцад Казахстан, Дундад Азийн орнууд болон Монгол Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Айлчлалын хоёр дахь өдөр Н.Энхбаяр Дэлхийн нүүдэлчдийн V тоглолтын спорт, соёл, урлагийн гол арга хэмжээг зохион явуулж байгаа “Этноауыл” цогцолбортой танилцав. Тус цогцолборт болж байгаа үзэсгэлэн яармаг тавигдсан бүтээлүүдийг сонирхож, Монголын урлагийн мастеруудын тоглолтыг үзсэн байна. Тоглолтод оролцож буй Монголын тамирчидтай уулзсан байна. “Этноауыл”-тай танилцсаны дараа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Казахстаны Соёл, мэдээллийн сайд, хатагтай Аида Балаеватай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номингийн захидлыг гардуулж өгчээ. Монгол Улс болон Казахстаны хоорондын харилцааг улам өргөжүүлж, цаашаагаа “Монгол ба Төв Ази”, Монголоор дамжуулж “Зүүн хойд Ази ба Казахстан” гэсэн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)