Р.Оюун
Хохирогчдын холбооноос Дөрөвдүгээр тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Уриалгад “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудын хууль зөрчиж бусдыг хохироосон олон тохиолдлын зөвхөн нэг үйлдлийнх нь золиос болж 15-20 мянган хүн шууд хохирогч болж иргэдийн худалдан авах чадвар эрс доройтон аймгаараа ядуурлын доод түвшинд унаж амь, амьдралаараа хохирч байхад намын харьяалал, өндөр дээд дарга нарын ивээлд байгаа дарга нарт ямар ч хариуцлага яригдахгүй өнөөг хүрлээ. Энэ гэмт хэрэг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа УБЕГ, Улсын мөрдөн байцаах алба, Нотариатын зарим ажилтны өдөөлтөөр газар авсан үйлдэл гэж үзэж байгаа тул төр дээрх ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс хариуцлагыг үүрэлцэж хохирол барагдуулахад дэмжлэг үзүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
“Бэлтэс мөрөн” компанийн аж ахуйн дүрэм, гэрчилгээнд “ногоо тарих” гэж бичигдсэн байхад УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы заавраар, түүний олгосон онцгой эрх, тэмдгийг ашиглан банк, санхүүгийн үйлчилгээ гэж нэмж бичиж аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн хамтарсан шалгалтыг зогсоож дараа нь 2022 оны гуравдугаар сарын 10-ны орчим “Бэлтэс мөрөн” компани хэвийн ажиллаж байна гэсэн мэдэгдлийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа н.Ганхуягийн заавраар Мөрдөн байцаах албаны дарга Гантулгаар “Хөвсгөлийн өнгө” телевизийн сувгаар зарласнаар 2022 оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 24-ний хооронд 40 хоногт тэр аймгийн 2500 гаруй иргэн 44 тэрбум төгрөгийн ихэнхийг бэлнээр тушааж залилуулан амь, амьдралаараа хохирлоо.
Хохирсон 2500 гаруй хүний ард 15-20 мянган иргэн хохирсон байгаа. Тэднээс хууч өвчтэй, настай олон хүн сэтгэл гутрал болон эмчилгээний мөнгөгүйгээс болж хорвоогоос буцлаа. Хохирогчид анхнаас нь гомдол гаргахад огт анхаарал хандуулаагүй. Тиймээс мөнгө алга болоогүй, мөрийг нь эрх мэдэлтнүүд баллаж төөрөгдүүлж байгаа гэж хохирогсод бид үзэж буй тул УИХ-ын түвшинд сонсох ажиллагаа зохион байгуулж өгнө үү.
Мөн мөрдсөн, хянасан нэртэй мөрдөгч цагдаа Төгс-Ухаан, прокурор Дэндэвдорж нарыг өөрчилж, шалгалтын харьяалал, багийг сольж өгнө үү. Шүүхээс шийдвэр гарган шинэчилсэн мөрдөн байцаалтад буцааж үнэн мөнийг тогтоож өгөхийг бид уриалж байна. Хэрэг удаашрах нь тодорхой, төрийн албаныхны оролцоо өндрийг харгалзан Хадгаламж зээлийн хоршооны жишгээр түр хууль санаачилж, хохирлыг хэсэгчлэн барагдуулах хууль санаачлахыг УИХ-ын дөрөвдүгээр тойргоос сонгогдсон найман гишүүнд уриалж байна” гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn