Р.ОЮУН

"Чингис хаан" үндэсний музейд "Халхын гол-85 жил" хамтарсан үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилж байна. Халхын голын дайн нь БНМАУ-ын бат бэх хүчин чадал, тусгаар тогтносон байдал болон Монгол, Оросын найрамдалт харилцааг зузаатгасан шалгуур байв. Хамтарсан үзэсгэлэнг халхын голын дайны урьдач нөхцөл, үйл явц, сургамж, үр дүнг нэхэн тодруулж, түүхэн үнэнийг гадаад, дотоодын архивын хосгүй үнэт баримт, музейн сан хөмрөгийн түүхэн биет үзмэрт тулгуурлан дөрвөн хэсэгт ангилж, ард иргэд, залуу үед таниулах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой судалгаа, сурталчилгааны эргэлтэд оруулж байна. "Халхын гол-85 жил" үзэсгэлэнд Оросын талаас ОХУ-ын Холбооны архивын агентлаг, Оросын цэргийн төв архив, Оросын кино, гэрэл зургийн архив оролцож байгаа бол Монголын талаас Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архив, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Дорнод аймгийн Халх гол сумын "Ялалт" музей хамтран өөрсдийн сан хөмрөгт байгаа ховор баримт бичиг, түүхэн үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. 

Тухайлбал, Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс халхын голын дайны үед хэрэглэж байсан Монгол, Зөвлөлтийн цэрэг дайчдын буу зэвсэг, дүрэмт хувцас, дайны талбарт ашиглаж байсан сувилагчийн багаж хэрэгсэл, дайнд оролцсон зургаа, наймдугаар морьт дивиз, их буу, холбоо, нисэхийн хороодын байлдааны туг, фронтод гарч байсан "Эх орны төлөө", "Улаан од" сонин, Японы армийн зэвсэг хэрэглэл, япон нисгэгчийн бугуйн цагны үлдэгдэл, Дорнод аймгийн Халх гол сумын "Ялалт" музейн дайны талбараас олдсон хээрийн олдвор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Одон, Г.Пүрэвсүх, Б.Дашням нарын халхын голын дайны сэдэвт уран зураг гэсэн 170 баримт, гэрэл зураг, 100 гаруй үзмэрийг дэлгэсэн байв.

 

Дарга, цэрэг сэлэм, жадны байртай мөн Токаревын 7.62 мм-ийн өөрөө сумлагддаг гар буу /ТТ/

БНМАУ-ын баатар Ц.Олзвойгийн эзэмшиж байсан пулемёт. Халхын гол, 1939 он.

Халхын голын дайнд хэрэглэж байсан эд зүйлс.

Тухайн үед өмсөж байсан дүрэмт хувцас.

Нисгэгчдийн дүрэмт хувцас.

Гипсээр хийсэн Л.Дандар баатрын баримал.

Эмнэлгийн багаж хэрэгсэл.

Халхын голын байлдааны дурсгалын тэмдгийн үнэмлэх, байлдаанд оролцогчийн үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, сайшаалын үнэмлэх.

Одон медаль.

Япон цэргийн дүрэмт хувцас.

Боржигон чулуугаар хийсэн хилийн багана. 1930 он.

Эх сурвалж www.zms.mn