П.Лхагважаргал
“Уян” монгол уран нугаралтын чуулга тогтолт есдүгээр сарын долоон, наймны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ тоглолт нь 2023 онд Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэгийн санаачилснаар АНУ-ын Лас Вегас хотод анх болсон билээ. Хоёр дахь удаагийн энэхүү чуулга тоглолтод Монголын уран нугараачид төдийгүй АНУ, Япон, Европын орнуудаас уран нугаралтаар шимтэн хичээллэдэг уран бүтээлчид оролцож байгаа юм. Усны урсгал мэт уян тансаг уран нугаралт. Өнгө алаглуулан ижилсэх байгалийн сайханд харцага шонхор мэт дүүлэн нисэх агаарын цирк. Сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгаж, уян налархай биеийн хөдөлгөөн, дугуйт тэшүүрийн хосолсон үзүүлбэр. Монгол уран нугаралтын элементээр өөрийн орны онцлогийг харуулсан өвөрмөц нугаралтыг цогцлоосон дэлхийд цор ганц гайхамшгийг эндээс мэдэрнэ.
“Уян” тоглолтын уран бүтээлчдийн сэтгэгдлээс хүргэе.
Гавьяат жүжигчин, тоглолтын санаачлагч Ж.Эрдэнэчимэг “Бидний бэлтгэл сургуулилт сайн хангагдсан. Тоглолтод орж буй гадаад, дотоодын хүүхдүүд маань сэтгэл хангалуун, баяр хөөртэй байгааг харлаа. Тэднээс өөрийн залуу насаа харах шиг боллоо. Найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхлээд 1968 оны шинэ жилээр “Шинэ он” болон нугарч анхны тайзан дээрээ гарч билээ. Одоогоос 20, 30 жилийн тэртээ алтан тайзан дээрээ гараад энэ залуус шиг нугарч байснаа дурсах сайхан байна. Энэ хүүхдүүдийг хараад тэдэнд сайхан ирээдүй, уртаас урт зам хүлээж байна даа хэмээн бодогдлоо. Монголчууд маань уран нугаралтыг үзэж, сонирхохоор танхим дүүрэн цугласан байгаад үнэхээр баяртай байна. Монголын уран нугаралт бол дэлхий ертөнцийг бишрүүлж байгаа үндэсний урлагийн маань нэг билээ”.
Монгол уран нугаралтын гайхамшгийг олон улсад түгээн дэлгэрүүлж яваа хүмүүсийн нэг бол Соёлын тэргүүний ажилтан Б.Сэрчмаа билээ. Тэрээр АНУ-ын Сан Франциско хотын циркийн сургуульд мастер багшаар ажилладаг. Уран нугаралтын сайхныг өөрийн биеэр толилуулж байсан түүний хувьд одоо олон сайхан шавь нарыг төрүүлж явна. Энэ удаагийн тоглолтод түүний хоёр шавь оролцож байна. Тэдний сэтгэгдлээс хуваалцъя.
Sadie Orozco “Энэ хүндтэй тогтолтын нэг хэсэг болж оролцсондоо баяртай байна. АНУ-ын Сан Франциско хотоос ирсэн. Анх монгол уран нугараачдын тоглолт, зургийг хараад сэтгэл хөдөлсөн. Дараа нь ээжийнхээ санал болгосны дагуу багш дээрээ очиж хичээллэх болсон. Одоо таван жил болжээ” гэв.
Eva Rhinelander “Тэнцвэр, цагариг хосолсон үзүүлбэр үзүүлсэн. Сэтгэл маш их хөдөллөө. Монгол уран нугаралтын техник, хэв маяг нь бүх талаасаа таалагддаг. Б.Сэрчмаа багшаар анх цахимаар хичээл заалгаж уран нугаралтад хөл тавьсан. Хичээллэж эхлээд хоёр жил болсон байна. Энэ жилээс Канадын циркийн сургуульд элсэн орсон” хэмээв.
Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Монгол орныг зорин, уран нугаралтын гайхамшгийг мэдэрч, түүнийг сурч, эх орондоо түгээн дэлгэрүүлж яваа бүсгүйг Moco Ayumi гэдэг. Тэрээр анх 18 настай байхдаа сурагч солилцооны хөтөлбөрөөр Монголд ирж байв. Тэр үед уран нугаралтад татагдаж, үнэхээр сонирхолтой санагдсан гэнэ. Тиймээс дөрвөн жилийн дахин Монголд ирж уран нугаралтаар хичээллэх болжээ. Тэрээр “Манай Япон улсад уран нугаралт байдаггүй. Тиймээс монгол уран нугаралтыг монгол багшаар заалгая гэж шийдээд ирж байсан. Анхандаа тийм ч амар байгаагүй, намайг уран нугаралтын ангидаа авахгүй гэж байсан. Учир нь Монгол хүүхдүүд бага наснаасаа хичээллэдэг. Гэтэл би 22 нас хүрчихсэн байв. Эцэст нь миний алс холоос, сурах чин хүсэл тэмүүлэлтэй ирснийг үнэлээд Отгонцэцэг багш шавиар авсан. Хоёр жилийн турш хичээнгүйлэн сурсны дараа Японд очиж монгол уран нугаралтын студи анги байгуулсан. Өнөөдөр шавь нарынхаа хамт тайзан дээр гараад баяртай байна” хэмээв. Япон улсад монгол уран нугаралтын цор ганц студи ангийг япон хүн нээсэн нь бахархууштай. Түүний хамгийн ахмад шавийг Narumi гэдэг ба одоо тэрээр 60 настай. Уран нугаралтаар хичээллээд найман жил болж байгаа гэнэ. Narumi “Олон уран нугараачдыг дэргэдээс нь харах үнэхээр сайхан байлаа. Үүнийг Японд үзэх боломжгүй. Би мэргэжлийн уран нугараач биш ч Монголын үзэгчид халуун дотноор хүлээж авсанд баяртай байна” хэмээв.
Мөн энэ чуулга тоглолтод 21 аймгийн төлөөл уран бүтээлчид оролцсоны нэг нь Эрдэнэт хотын Уран эгшиг сургуулийн сурагчид байв. Тэд 35 хүний бүрэлдэхүүнтэй “Удган мод” үзүүлбэрийг хүргэсэн юм. “Үзэгчдийн алга ташилт, халуун сэтгэлийг мэдрэхэд бэлтгэлээ улам сайн хийгээд, тайзан дээр удаан байж, дахин гарах хүсэл төрдөг” хэмээн ярих охиныг Ч.Халиунаа гэдэг. Тэрээр уран нугаралтаар хичээллээд найман жилийг үджээ. Нугарахдаа өөрсдөөрөө бахархаж, омогшдог гэнэ. “Энэ урлагаар хичээллэснээр тэсвэр хатуужил сууж, биеэс гадна сэтгэлийн гоо сайхныг мэдэрдэг” хэмээн ярив. Б.Үйлсдэлгэр “Монголд болж энэ удаагийн чуулга тоглолт уран нугаралтаар шимтэн хичээллэг хүүхэд багачууд бидэнд үр өгөөжтэй, үлдэх зүйл ихтэй болж байна. Олон улсаас ирсэн багш нараас арга техник сурч, үеийн хүүхдүүдтэйгээ туршлага солилцож байгаадаа баяртай байна. Хамгийн гол нь тэр хүмүүстэй нэг уран бүтээлд оролцож байгаа нь сайхан байна” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин