Б.ЖАВХЛАН
Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох төслийн нээлт өнгөрсөн даваа гарагт боллоо. Уг төслийг БНСУ -ын Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагаас (ODA) үзүүлж буй тусламжийн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамтай гэрээ байгуулан урьдчилан тооцоолсон төсвийн дагуу 2024-2028 он буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажээ. Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн буюу KICT, Монгол улсаас хүлээн авагч байгууллагаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд замын удирдлагын тогтолцооны үндэс суурийг бүрдүүлэх мастер төлөвлөгөө, API-д суурилсан авто замын хучилтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх систем, хучилтын нөхцөл байдлыг үнэлэх авто машин, авто замын сүлжээний чанарын хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явуулын лаборатори, Монголын авто замын удирдлага болон хучилтын чанарын хяналтыг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгож авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэжээ.
Эх сурвалж: www.zms.mn