Б.Алтангэрэл
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран гурван өдрийн турш Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулж байна.
Солонгос, Монгол хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд 2021 онд хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлсэн билээ.
“Солонгосын соёлын өдрүүд” үйл ажиллагаа нь анх 2015 онд зохион байгуулагдсан цагаас хойш ийнхүү 10 дахь жилтэйгээ золгож байна. Уг арга хэмжээ нь БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын төрийн байгууллагууд, оршин суугаа Солонгос иргэдийн төлөөлөл хамтран оролцож, Солонгосын соёлыг Монгол иргэдэд өргөнөөр танилцуулах зорилготой.
Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцлоо. Энэ үеэр Солонгосоос хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулсан бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таеквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүдээр иргэдэд бэлэг барилаа.
“Соёлоор дамжуулан хоёр орны хоорондын онцгой харилцааг бүрдүүлнэ”
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон “Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх танаа гүн талархал илэрхийлье. Бид Нийслэлийн идэвхтэй дэмжлэгийн ачаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Солонгосын соёлоос танилцуулж, хоёр орны нөхөрлөлийг улам бататгаж байна. Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Г.Хулан, Монгол улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын нийт эрхмүүдэд талархал илэрхийлье. 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ маань аль хэдийн 10 дахь жилтэйгээ золгож байна. Солонгос орон, Солонгосын соёлын талаарх ойлголт нь Солонгос-Монголын иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд үүнийг дагаад хоёр орны харилцаа ч мөн адил хөгжих юм.
Солонгос, Монгол хоёр орон түүх, газар зүйн хувьд ойрхон хөрш орнууд бөгөөд уламжлалт соёлын харилцаатай. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Солонгосын соёлыг улам ойроос танилцуулснаар хоёр орны иргэдийг оюун санааны хувьд улам илүү ойртуулах цаашлаад Солонгос, Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлэх юм. Хоёр орны харилцааны ирээдүй нь эцсийн үр дүн нь тухайн хоёр орны иргэд харилцан бие биеэ хэрхэн хүлээн авч буйгаас шалтгаална гэж боддог. Солонгосын соёлыг сонирхох сонирхол нь Солонгос орны талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлж, цаашлаад хоёр орны хоорондын онцгой харилцааг бүрдүүлэх хөдөлгөгч хүч нь болох юм” гэлээ.
БНСУ-ын урлаг соёлын алдартнууд Монгол Улсыг зорин ирж, дэлхийд сурталчилж байна
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн хугацаанд бид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, стратегийн түншлэлийн хэмжээнд хүртлээ идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь тулын талархууштай явдал юм. Монгол, Солонгос хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд монгол орныг зорих солонгос жуулчдын тоо эрс нэмэгдэж, манай жуулчлалын салбарт оруулж буй хувь нэмэр өндөр байна. Түүнчлэн БНСУ-ын урлаг соёлын дэлхийн алдартнууд манай улсыг зорин ирж, өөрийн улсад болон дэлхийд сурталчилж байгаа нь манай улсын аялал жуулчлалын салбар болоод ард түмэн хоорондын харилцаанд эергээр хөгжүүлэхэд тус дэм болж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл 25 компанийн төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын 98 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, жинтэй хувь нэмэр оруулж байгаад нэн таатай байна. Аливаа улс орны ард түмэн хэл, соёл, түүх, шашин, зан заншлаараа ялгардаг ч гэлээ дуу, бүжиг тэргүүтэй соёл урлаг гэх нэг хэлээр ярьж, ойлголцож, чаддаг гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх онцолж байлаа.
“Монгол Улс-Хойд Гёнсанын харилцааг улам илүү хөгжүүлэх хүсэлтэй"
БНСУ-ын Хойд Гёнсан мужийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ян Гым Хи “Монгол орон маш үзэсгэлэнтэй, эх газрын сүр хүчийг өөрийн эрхгүй мэдрүүлж байна. Өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Их хурлын гишүүн М.Мандхай тэргүүтэй төр, засгийн холбогдох албаны хүмүүс, их дээд сургуулийн профессорууд манай Хойд Гёнсан мужид айлчилснаас хойш нэг сарын дараа манай бүрэлдэхүүн Монгол Улсад айлчлан харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсондоо баяртай байна.
Солонгос, Монгол хоёр орон тавдугаар зууны үеэс эхлэн торгоны замаар дамжуулан олон чиглэлээр харилцаж ирсэн. Ялангуяа монгол орон нь бахархалт түүх, уламжлалтай орны хувьд хязгааргүй их нөөц, боломжтой гэж боддог. Манай хоёр орны харилцаа жил ирэх тусам хөгжин, дэвшсээр Солонгос орон нь Монголын дөрөв дэх худалдааны түнш орон болж, салшгүй түншүүд болсон.
1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн хугацаанд хоёр улс бүхий л салбарт амжилттай харилцаж ирсэн. Хоёр улсын хооронд агаарын тээврийн нислэг сүүлийн үед хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс бага өртөгтэй нислэгийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон хүнд хүрч байна. Хойд Гёнсан муж 2007 оноос эхлэн Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн билээ.
Нисэх онгоцны буудал дээр буугаад хотын төв рүү ирэх замд тааралдах танил дэлгүүрүүдийн лого нь Монгол-Солонгосын харилцааг илэрхийлж буй мэт илүү дотно сэтгэгдэл төрүүлсэн. Орон нутгийн хотуудын хооронд хэрэгжиж буй худалдаа, эдийн засгийн харилцаа нь тухай улс орнуудын хоорондын дипломат харилцаанд түлхэц өгөхөөс гадна нөхөрлөлийг улам бататгаж өгдөг.
Манай Хойд Гёнсан муж нь өнөөдрийн БНСУ-ыг бүтээлцсэн бүс нутаг юм. Манай мужид эрчим хүчний эх үүсвэр, атомын цахилгаан станцууд байдаг тул эрчим хүч үйлдвэрлэлтээр улсдаа нэгдүгээрт жагсдаг. Самсон, LG, POSCO зэрэг дэлхийн хэмжээний корпорацууд цахим болон төмөрлөгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн нь БНСУ-ын аж үйлдвэрийн хөгжлийн суурийг тавьсан юм” гэв.
Сожү нь Монголын нэрмэл архи нэрэх технологиос гаралтай
Солонгос орон нь эртний уламжлал, түүхэн дэх өрхийн тэргүүн эхнэрүүдийн уламжлалт ширээ засах, Архи уух соёлыг сурталчлах, Андун сожү зэрэг Кёнсанбүг мужийн уламжлалт архи дарсыг даяарчлуулахын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Сожү нь эрт дээр үеэс Монголын арми болон Ванги гүнжийн хүмүүс Андунд байх хугацаандаа дэлгэрүүлсэн Монголын нэрмэл архи нэрэх технологиос гаралтай бөгөөд Кёнсанбүг мужийг төлөөлөх архи болсон гэдэг.
Солонгосын үндэсний хувцас болох ханбук бол эрт үеэс уламжлагдан ирсэн үндэсний үзэл санаа, зан заншил, үйлдэл, хэлбэр, арга барилын хэв маяг, ухааныг шингээсэн байдаг аж. Кёнсанбүг муж нь ханбукийн гол материал болох торго, хиймэл торго, самбай даавуу зэрэг уламжлалт нэхмэлийн томоохон үйлдвэрлэлийн бүс бөгөөд уламжлалт нэхмэлийн үйлдвэрлэлийн үндэс суурь муж аж. Солонгосын соёлын онцлох нэг соёл бол 8000 жилийн уламжлалт сайн чанарын цаас болох ханжи нь үндэсний өв аж. Ханжи нь сүүлийн үед Европт хуучин ном, эртний эдлэлийг сэргээн засварлахад ашиглагдаж байгаа бөгөөд Андун ханжи, Мунгён ханжи, Чонгсон ханжи зэрэг тансаг зэрэглэлийн ханжи брэндүүд Кёнсанбүг мужид үйлдвэрлэгдэж байна.