Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн талаар холбогдох  сайдаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: 
-Наймдугаар сарын 16-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай гэсэн бичиг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг маш ноцтой асуудал. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа.
Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ. 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: 
-Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан.  Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна.  Халзан бүрэгтэй төслийн асуудалд улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 166 (7410)