Монгол Улс ложистикийн салбараа шинэчлэх том төлөвлөөгөөтэй ажиллаж байна. Бидэнд газар нутгаа ашиглан Ази-Европыг холбосон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах боломж байгаа бөгөөд үүний тулд хөрш орнуудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Энэ талаар удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн арав дахь удаагийн чуулга уулзалтын хүрээнд ярилцах боломжтой юм.

 

Барууны хэвлэлүүд, тэр дундаа Financial Times: "Улаан тэнгисийн хямрал эхэлснээс хойш Оросын төмөр замаар Азиас Европ руу ачаа тээвэрлэх эрэлт эрс нэмэгдсэн" гэж тэмдэглэжээ. Энэ нь тус чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх бидний хэтийн төлөв бодитой байгааг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд 2023 онд бүх төрлийн тээврийн хэрэгслээр нийт 105 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд гуравны нэгээс илүү буюу 32.4 сая тонныг Улаанбаатар төмөр зам тээвэрлэжээ.

Европоос Хятад руу чиглэсэн ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед бид төмөр замын шинэчлэлээ зайлшгүй хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн. Тодруулбал, энэ нь Улаан-Үд – Наушки болон Монголоор дамжин хятадын Эрээн, Жемин хотууд хүртэлх коридор юм. Тэрээр “Энэ бол бидний хувьд чухал коридор бөгөөд энэ хэсгийн тээн нэвтрүүлэх хүчин чадлыг орос, хятадын талуудтай хамтдаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэж хэлсэн.

Зүүн коридор буюу Соловьевскоос Монгол Улсын зүүн хэсгээр дамжин Хятад-Монголын хил хүртэл, Баруун коридорыг ОХУ-ын Тува Улсаас Хятадын хил хүртэл байгуулахыг оросын тал бүрэн дэмжиж байна. Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн тухайд 2024 оны зургадугаар сард сүүлийн таван жилд анх удаа Хятад-Монгол-Орос-Беларус-Польш гэсэн чиглэлд чингэлэг галт тэрэг явж эхэлсэн.

Ирэх есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улс ложистикийн салбараа сайжруулах боломжийн талаар ярилцах боломжтой. Үүний хүрээнд Хойд тэнгисийн замын тухай ярилцах боломж байна. Учир нь бидэнд далайн замаар тээвэрлэлт хийх шаардлага байгаа.

Дашрамд дурдахад талууд энэ тухай 2022 онд ярьж байсан. Тухайлбал Красноярск мужийн тэргүүн Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн Энхжаргалыг хүлээн авч уулзсан юм. Кызыл-Курагино төмөр зам нь Енисейгээр дамжин Хойд тэнгисийн зам руу ачаа бараа тээвэрлэх нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх шинэ боломжийг нээж өгөх юм гэж тэрээр тэмдэглэв.

Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг хэрэгтэй. Сонирхогч талуудын хамтын хүчин чармайлт шинэ боломж, хэтийн төлөвийг бий болгоно гэж Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын  зохион байгуулагчид онцлон тэмдэглэв. Энэ жилийн чуулга уулзалтын үндсэн сэдэв нь “Алс Дорнод - 2030. Боломжийг бий болгож, хүчээ нэгтгэцгээе”.

Эх сурвалж: www.zms.mn