Т.САЙХАН

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг зарим хувийн хэвшлийн эмнэлгүүд санхүүжилт зогссон гэдэг шалтгаанаар төлбөртэй үйлчилж эхлэхээ мэдэгджээ.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.  Тэрээр "Улсын болон хувийн хэвшлийн бүх байгууллага ЭМДЕГ-тай гэрээ байгуулдаг. Энэ жил тийм төрлийн тусламж үйлчилгээг, тэдэн төгрөгт багтаан үзүүлнэ гэж гэрээлдэг. Тэр нь хэтэрчихсэн. Хийсэн гэрээний үнийн дүн хэтэрсэн газрууд руу мэдэгдсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар санхүүжилт зогссон зүйл байхгүй. Гэрээний сунгалт хийх үү үгүй юу гэдэг л асуудал бий. Санхүүжилтийг зогсоогоогүй. Ер нь Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа. 2021 оноос хойш ковидын үед үзүүлсэн тусламж үйлчилгээ, ялангуяа Омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд зарцуулсан санхүүжилт маш өндөр байсан. 2021 онд даатгалын санд төвлөрөх ёстой санхүүжилт бүрдэхгүй явсаар өнөөдрийг хүртэл 218 тэрбум төгрөгийн авлагатай үлдсэн байна. Үүнийг ирэх оны төсөвт нэмж шийдэх гаргалгааг ярьж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт багассан. Гэхдээ одоогийн байдлаар санхүүжилт байхгүй гээд ямар нэгэн тусламж үйлчилгээг зогсоогоогүй. Харин хувийн хэвшлийнхэнд хийсэн гэрээ нь ийм түвшинд байна, мөнгөн дүнд чинь хүрсэн шүү гэдэг мэдэгдлийг л хүргүүлсэн. Цаашид аль эмнэлэгтэй, ямар тусламж үйлчилгээн дээр үргэлжлүүлэн гэрээ хийх вэ гэдгийг судална" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn