П.ЛХАГВАЖАРГАЛ
БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа “Liaoning ballet gala” тоглолтоо амжилттай толилууллаа. Тоглолтын өмнөх өдөр бүх тасалбар зарагдаж, танхим дүүрэн үзэгчтэй, найман хэсгээс бүрдсэн тоглолт амжилттай зохион байгуулагдсан юм. Ляонин мужийн балетын театр нь Хятад улсдаа эхний гуравт ордог. Өнгөрсөн жилүүдэд тус театрын бүжигчид олон улсын 170 гаруй шагналыг эх орондоо авч ирсэн чадварлаг хамт олон юм. Ляонин балетын театр нь 1980 онд 100 хүрэхгүй хүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болжээ. Монгол Улсад тоглогдсон энэхүү гала концерт нь өмнө нь ОХУ болон Европын дөрвөн улсад тоглогдсон. 2024 он гарсны дараагаас Франц, Итали, Герман зэрэг улсад тоглох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Ляонин балетын театрын уран сайхны захирал Qu Zi Jiao, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва болон зарим уран бүтээлчдээс тоглолтын талаар тодрууллаа.
Дэлхийн сонгодог балетыг, Хятадын онцлогтой, орчин үетэй хослууллаа
Ляонин балетын театрын уран сайхны захирал Qu Zi Jiao “Хятадаас Монголд хийж буй анхны балетын тоглолт учраас бид их ач холбогдол өгч байгаа. Тоглолтын тасалбар хурдан дууссан гэсэн мэдээг сонсоод баярласан. Монголын үзэгчид биднийг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн догдлол сайхан мэдрэмж төрүүлсэн. Бид энэ удаа гурван зүйлийг илүү онцолж харуулъя гэж бодсон юм. Дэлхийн сонгодог балетыг, Хятадын онцлогтой, орчин үетэй хосолсон хэлбэрээр тоглоно. Манай балетаар дамжуулж хоёр улсын ард түмэн эв найрамдалтай, сайхан харилцаатай байгаасай гэж хүсэж байна. Мөн УДБЭТ-ын захирал Б.Сарантуяатай уулзаж, хоёр театрын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хоёр улсын уран бүтээлчид нэг тайзан дээр гарах бүрэн боломжийг ярилцлаа” гэв.
Өвөрмөц дэглэлттэй дэлхийн сонгодог бүтээл үзэгчдэд хүрэв
УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва “Дэлхийд минийх, чинийх гэсэн зүйл байдаггүй. Гэхдээ бид эх орондоо байгаа учир улсаа хөгжүүлэх хэрэгтэй. Бусад улсын уран бүтээлчид улсаа хөгжүүлдэг. Орчин үед дэлхийн балетын цөм Хятад руу эргэсэн байна. Тиймээс дэлхийн шилдэг сор бүтээл, уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахын тулд БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын бүрэн бүрэлдэхүүнийг анх удаа урьсан юм. Хятадын уран бүтээлчдийн өвөрмөц дэглэсэн балетууд болон дэлхийн сонгодог бүтээл толилуулсан. Тэр дундаа “Хунт нуур”-ын бүтэн хоёр үзэгдэл тоглогдож байгаа нь ховорхон тохиол. Үзэгчид азтай байна. Хүн болгон эх орныхоо төлөө өчүүхэн жижиг хэмжээнд ч хязгааргүй их хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид хаана байгаа юм бэ, бид хаашаа явах юм бэ, хаана хүрэх юм, Миний эх оронд хайр хэрэгтэй юм уу. Энэ бүгдийн хариултыг балетаас ойлгох боломжтой. Балет үргэлж хайрыг өгүүлдэг. Мөн бүжигчдийн ажилдаа хандах хандлага, эх орноо хүний дайтай авч явах сэтгэлээс нь бид суралцах ёстой. Монголд сонгодог балетын театр хөгжөөд 60 жил болжээ. Өнгөрсөн жилээс эмх цэгцэд ороод хөгжиж байна. Тиймээс бид олон улсын харилцаагаа тэлж, дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг хамгийн шилдэг бүрэлдэхүүнээр Монголынхоо үзэгчдэд үзүүлэхийг зорьж байна. Удахгүй ОХУ-ын уран бүтээлчид урилгаар ирнэ. Мөн АНУ-тай мөн ярилцаж байна. Монгол түмнээ шилдгийн шилдэг бүтээлийг эх орондоо үзэж, сонсож, мэдрэх хэрэгтэй гэж хүсэж байна” гэв.
Балетын гол дүрүүдийн сэтгэгдлийг хүргэе.
Zhang Hai Dong “Монголд бүжиглэнэ гэсэн мэдээг сонсоод сэтгэл хөдөлсөн. Харин одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд байна. Бид хамгийн төгс сайнаараа тайзан дээр гарахыг хичээдэг. Энэ удаа ч мөн адил байлаа. Дэлхийн сонгодог урлаг, Хятадын уламжлалт соёлыг харуулах шилдэг хэсгүүдийг сонгосон тул монголчуудад таалагдсан байх.
Миний балетад дуртай байдаг шалтгаан бол хоёрхон цагийн дотор нэг ч үг хэлэлгүйгээр тухайн уран бүтээл, тухайн нэг хүний амьдралыг өгүүлж чаддаг нь гайхалтай санагддаг. Энэ удаа ч мөн “Хунт нуур”-ын ханхүүгийн дүрд бүх сэтгэл зүрхээ зориуллаа” гэсэн юм.
Wang Zang Feng “Миний хувьд балетын урлагаар багаасаа хичээллэсэн. Тайзан дээр гарах мөчид үзэгчдийн энэ урлагийг биширч, гайхалтайгаар хүлээн авч, алга ташилт илгээж буй тэр мэдрэмж хамгийн сайхан. Тайзан дээр бүжиглэж байх үедээ өөрөөсөө урам зориг авч, хөглөгддөг. Манай гала тоглолт гурван өөр өнгө төрхийг шингээснээрээ онцлог боллоо. Дэлхийн сонгодгийг үзүүлэхээс гадна Хятадын уламжлалт соёл, түүхийг үзүүлсэн эртний зохиолоос сэдэвлэсэн бүтээл. Мөн орчин үеийн модерн хэв маягийг хослуулсан үзүүлбэрүүд байгаа. Энэ бүгдийн онцлогийг гаргахыг хичээсэн. Үзэгчид бас түүнийг мэдэрч ойлгож хүлээж авсан. Миний гол дүр бүтээж буй “Чин Ши” зохиол нь эрт үед залуус хэрхэн хайрлаж, дурлалцдаг болохыг өгүүлсэн хятадын алдартай бүтээл. Эртний тэр гайхалтай бүтээлийг та бүхэнд хүргэсэндээ баяртай байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 164 (7408)