Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар  Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: - Гадаадаас валют орж ирдэг гурван суваг байдаг. Экспорт, хөрөнгө оруулалт, зээл.  Өнгөрсөн цаг хугацаанд монголын төр зээл гэдэг зүйлийг л дандаа авч хэрэглэж ирсэн.  Яаж экспортоо нэмэх вэ гэдэг дээр ерөөсөө ажиллаагүй.  Ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого байгаагүй.  Уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн.  Гадаадын хөрөнгө оруулалт яах билээ.  Уул уурхайн бус экспортыг Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан вэ.   Мөн Ц.Туваан сайдаас асуух асуулт байна.  Уул уурхайн  хайгуулын үйл ажиллагаанд ямар бодлого барих вэ?

Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Ц.Туваан: - Энэ удаагийн Засгийн газар УУХҮЯ-ыг  аж үйлдвэр, эрдэс баялагийн яам болгож өөрчлөн оруулж ирсэн.  Аж үйлдвэрийн бодлогыг нэгдүгээрт тавина.   Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, ажлын байр бий болгох гэдэг рүү илүү зорьж ажиллаж байна.  Эрдэс баялагийн салбар өөрөө тодорхой дарааллаар явагддаг.  Үүний хамгийн эхэнд геологи, хайгуулын ажил байдаг.    Тэгэхээр хайгуулын асуудалд онцгой анхаарч ажиллана.   Хайгуулын чиглэлд уламжлалт буюу өрөм тавьж хайгуул хийхээс гадна  орчин үеийн технологиудыг ашиглана.  Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хэрэглэдэг агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх ажлыг эрчимжүүлнэ.  Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн 60 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийсэн.  Хариуцлагатай уул уурхай буюу бүх талын эрх ашгийг хангасан бодлого баримтална. 

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: - Ер нь хуралдааны дэг нэлээд өөрчлөгдсөн байна.  Уг нь  энэ асуудалд дээр УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан.  100 гаруй санал хураалт өнөөдөр явуулна.  Ер нь экспортын 90 хувь уул уурхай байгаа.   Уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах түүнийг түшиглэсэн аж  үйлдвэрийг хөгжүүлэх нь бидний нэг стратеги юм.  Дараа нь уул уурхайн бус бүтээгдэхүүний буюу аялал жуулчлал.  Үүнийгээ өндөр технологид суурилуулан хөгжүүлэх нь чухал байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn