П.Лхагважаргал

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-23-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсаас гадна ОХУ, БНХАУ, Итали, Австри, Иран зэрэг орны арав гаруй эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон билээ. Хурлын ерөнхий зохион байгуулагч, доктор Д.Баярсайхан “Илтгэл хэлэлцүүлж буй судлаачид нь Эзэнт гүрний үеийн бичгийн болон эд өлгийн соёлын чиглэлээр далайцтай судалгаа хийдэг хүмүүс юм. Чингис хаан судлалын олон улсын холбооныхоо үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх, олон улсад Чингис хааны өвийг судлуулах зорилготой. Гадаадын судлаачдад Монгол Улсаа таниулах, хамтарч ажиллах цаашдын харилцаа холбооны хөтөлбөрөө хэлэлцэж буйгаараа ач холбогдолтой” хэмээв. Чингис хаан судлалын холбооны  анхны хурлыг  Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулж байсан билээ. Тийнхүү гурван жилд нэг удаа зохиогдохоор болсон ба өнөөдөр тус холбооны хоёр дахь хурал амжилттай үргэлжилж байна.  Доктор Д.Баярсайхан “Бидний анхны хурал бол Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулах зорилгын хүрээнд ерөнхий шинжтэй болсон. Энэ удаа илтгэлүүдээ тодорхой сэдвүүдэд хуваагаад, тухайн чиглэлийн эрдэмтэдтэй цаашдын судалгааны талаар санал хүсэлт солилцож, илүү мэргэжлийн түвшинд зохиож байна” хэмээн хурлынхаа онцлогийг танилцуулав.

 

Жинхэнэ Дэлүүн болдог хаана вэ

 

Доктор О.Гэрэлбадрах тэргүүтэй зарим судлаачдын илтгэлээс онцлон хүргэе. Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог нь яг хаана вэ гэдэг дээр судлаачид одоо хэр маргаантай байдаг. Тэгвэл доктор О.Гэрэлбадрах “Энэ асуудалд одоо ингээд цэг тавих нь зүйтэй” хэмээсэн юм. Судрын чуулганд Дэлүүн Болдог нь Бурхан Халдун уулаас зургаа хоногийн зайд Онон мөрний төгсгөлд байдаг тухай дурддаг. Маха самади хаанаас монголчуудад өгсөн түүхийн бичээст Тэмүжин Эрээн толгойг тойроод Баян овоо уулын өвөрт, Онон, Балж мөрний аманд төржээ. Болдог хэмээх нэр нь толгодын өөр нэршил ба “жижиг” уул гэсэн утгатай үг юм. Дэлүүн болдог нь түүхэн сурвалжид бичсэнээр пирамид хэлбэртэй жижиг уул байжээ. Домогт өгүүлснээр Дэлүүн болдог нь морины дэлүү болон Тэмүжиний төрсөн биеийг угаасан учир ийм нэртэй болжээ. Судлаачдын үр дүнг харьцуулан үзсэний эцэст Дэлүүн болдогтой таарах гурван өөр газрыг тодорхойлсон. Нэгдүгээрх:  ОХУ-ын Өвөр Байгаль нуурын Онон дүүргийн Нижний Цасүчей тосгоны ойролцоо байрладаг Онон голын эрэг хавьцаа. Хоёрдугаарх: Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Гурван нуур, Онон, Балж голын аманд, сумын төвөөс зүүн тийш 1.5 км-т оршино. Гуравдугаарт, Монгол Улсын Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 5.3 км-т орших Ламын ухаа гэх газрыг судлаачид Дэлүүн болдог хэмээжээ. Эдгээр газраас хоёрдугаарх нь буюу Гурван нуур, Эрээн толгой хоёрын дунд орших тэр нутаг бол монголчуудын өвөлжөө байсан тул Чингис хааны жинхэнэ төрсөн нутаг хэмээгээд дараах баримтыг дэлгэв. Аман түүхийн домогт хадгалагдаж, хойч үедээ уламжлагдсан байна. Түүхэн сурвалжид тэмдэглэсэн Бурхан Халдун уулнаас зургаа хоногийн зайтай гэх баримт тохирсон. Сурвалжид тэмдэглэсэн түүхэн газар зүйн байршил таардаг хэмээв. Мөн Дэлүүн болдог хэмээн нэрлээд буй газрыг үгүйсгэх үндэслэлийг дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлэв. Энэ илтгэлээс гадна XIV зууны Венецийн сурвалжуудад тэмдэглэсэн монголчуудын улс төрийн соёлын тухай, Монголын эзэнт гүрний мөнгөний дархад, Нүүдэлчдийн Эзэнт гүрнүүдийн оршуулгын зан үйл ба Хориг уулын дурсгал зэрэг олон талын сэдэвт илтгэл тавигдаж байна. Мөн судлаач, доктор О.Гэрэлбадрах түүхэн газар зүйн цаашдын судалгааны талаар “Олон гадаад хэлтэй сайн боловсон хүчин, оюутан бэлтгэж, сургах хэрэгтэй байна. Мөн энэ чиглэлийн судалгаа 50 хувь нь бичгийн сурвалж, 50 хувь нь бодит газар дээр нь очиж судалдаг учир хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс төсөл ажлуудыг  санхүүжилтээр сайн дэмжих хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо хуваалцав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)