"Дэлхийн байгаль орчныг нөхөн сэргээх төсөл"-ийн хүрээнд Монгол, Солонгосын оюутнуудын эв нэгдлийг харуулсан байгаль хамгаалах үйл ажиллагаа болсон нь олны анхаарлыг татлаа. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)”-ийн ASEZ багийн 50 орчим оюутан сайн дурынхан 2024.08.19-ний өдөр ХААИС-ийн ойр орчмыг цэвэрлэжээ.  ASEZ нь Бурханы сүм байгуулагдсан 175 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын сайн дурынхны баг бөгөөд "Дэлхийг А-аас Z хүртэл аваръя" гэсэн үгийн товчлол юм.

Үд дундын орчимд цэнхэр хантааз өмссөн оюутнууд Монголдоо цорын ганц хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль болох таван пакультет, эрдэм шинжилгээний таван хүрээлэн, олон оюутантай ХААИС-ийн төв хаалган дээр цугларчээ. Оюутнууд хоорондоо инээмсэглэн мэндчилээд, цэвэрлэгээндээ орохоор шамдацгаалаа. Шүүр, тармуур, бээлий, хогийн уут зэргээ хувааж аваад оюутнууд хоёр, гурваараа хуваагдан цэвэрлэж эхлэв. Сургуулийн зүгээс энэхүү үйл ажиллагааг талархан дэмжиж, шуудай, бээлий зэрэг цэвэрлэгээний хэрэгслээр хангасан байна.

“ASEZ багийнхан манай сургууль дээр цэвэрлэгээний сайн дурын үйл ажиллагаа өрнүүлсэнд маш их талархаж байна. Цаашдаа ASEZ-ынхан маань үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, манай ХААИС-ын оюутны холбоотой хамтран илүү олон оюутан, багш, ажилчдыг ажиллагаанд оролцуулан хамтраад энэ хавийн ойр орчимд оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг цэвэр цэмцгэр байлгах уур амьсгал бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Энэ үйл ажиллагааг жил бүр тасралтгүйгээр олон жилийн хугацаанд явуулж байгаа та бүхэндээ үнэхээр их талархаж байна. Эко орчиндоо илүү аз жаргалтай гоё амьдрахын төлөө бүгдээрээ гар нэгдэн ажиллахыг хүсэж байна” хэмээн ХААИС-ийн санхүү төлөвлөлтийн газрын нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б. Жавзандорж ярьсан бол ХААИС-ийн хангамж үйлчилгээний албаны дарга, доктор Батчулуун хэлэхдээ,

“Өнөөдөр НҮБ-ын дэвшүүлсэн сайн дурын үйлсийн ажлын хүрээнд төрийн өмчит ХААИС-ийн орчимд ирж сайн дураараа нийгэмд тустай ажил бүтээсэн энэ залуучууддаа халуун баяр хүргэе. Бид бол нэг эх дэлхийтэй, энэ эх дэлхийнхээ сайн сайхны төлөө эхнээс нь эцсээ хүртэл нийтийн тусын төлөө, энэ нэгдмэл дэлхийгээ олон жил оршин тогтнуулахын төлөө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ийм сайн дурын үйлсэд манай залуучууд идэвхтэй оролцож, нэгдмэл зорилго чиглэлээр тус хандив болж байгаа явдал бол залуучуудын нийгэмд оруулж байгаа хувь нэмэр, хүмүүнлэгийн чухал ажил үйлс гэж бид үздэг. Олон оюутан суралцдаг, дэлхийн олон улс оронтой хамтын ажиллагаатай манай сургууль зөвхөн боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Бас хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд олон ажил хэрэгжүүлдэг. Энэ ажилтай хөл нийлүүлэн өнөөдөр энэ цэвэрлэгээний сайн дурын ажил зохион байгуулж буй ASEZ-н хамт олон, оюутан залуучуудад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сайн дурынхан тус сургуулийн ойр орчмын зам, цэцгийн мандал дээрх хог хаягдал, тоос шороог цэвэрлэж, барилгын хоорондох үл анзаарагдам хог хаягдлыг хүртэл цуглуулсан байна. 2 цаг 30 минутын дотор тэд 140 уут хог цэвэрлэсэн байна. Нэг удаагийн хуванцар аяга, соруул, лааз, хүнсний боодол, гялгар уут, замын хажуугийн лаг шавар зэргийг цэвэрлэснээр оюутны хотхон илүү цэвэр цэмцгэр харагдаж байлаа. Хажуугаар нь өнгөрч буй оюутнууд инээмсэглэн, сайн дурынханд урам өгч байв.

ASEZ-ын албаны хүн хэлэхдээ "Өнөөдрийн үйл ажиллагаа нь ASEZ-аас хэрэгжүүлж буй дэлхийн байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны нэг хэсэг юм. Энэ төсөл нь цөлжилт болон орчны бохирдлыг бууруулахад чиглэгдэж байна. Орчны бохирдлыг бууруулахтай дүйцэхүйц энэхүү үйл ажиллагаа нь хурдацтай нүүрлэж буй цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв. Мөн энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Сэлбэ голыг цэвэрлэсэн ASEZ-ынхан өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Бэлхийн гудамж, Наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмыг цэвэрлэж, бүс нутгийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь ASEZ-аас тогтоосон "ASEZ Earth Recovery Day (8-р сарын 11)"-ийг тохиолдуулан өрнүүлж буй үйл ажиллагаа юм. Хуурай газрын болон далайн экосистемийг цэвэрлэх, мод тарих ажлыг Монголд төдийгүй АНУ, Англи, Герман, Энэтхэг, Мексик, Кени, Гана зэрэг улсуудад нэгэн зэрэг өрнүүлжээ. "Наймдугаар сарын 11"-ийг тэмдэглэх нь "8 тэрбум хүн дэлхийн байгаль орчныг сэргээхээр хүчээ нэгтгэх өдөр" гэсэн утгатай. Өнгөрсөн зургадугаар сард “Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, дэлхийн байгаль орчныг сэргээх” уриан дор “Дэлхий дахины ASEZ-ын дээд хэмжээний уулзалт-2024” арга хэмжээг Солонгос улсад зохион байгуулж, дэлхийн байгаль орчныг нөхөн сэргээх төслийг хэрэгжүүлэх бүтээлч арга замыг судлах тогтоол гаргасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Перу улсын ерөнхий сайд Густаво Адриан, Да Винчигийн хүрээлэнгийн захирал, футурологич Томас Фрей зэрэг удирдагчид баяр хүргэсэн захидал, видео мессежээр уг арга хэмжээг дэмжин оролцжээ.

Түүнчлэн ASEZ нь дэлхий даяар мод тарих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гамшгаас аврах, олон нийтийн үйлчилгээ, төрөл бүрийн кампанит ажил, форум зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Энэхүү сайн дурын олон үйл ажиллагаа хийснийг нь үнэлэн улс орон бүрийн засгийн газар, байгууллагуудаас олон нэр хүндтэй шагнал хүртээжээ. Үүнд, Цөлжилттэй тэмцэх ерөнхий нарийн бичгийн даргын шагнал (UNCCD), АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, Перугийн Үндэсний Ассамблейн даргын өргөмжлөл, Филиппин улсын Лас Пиньяс хотын захирагчийн өргөмжлөл зэрэг багтана. Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, боловсрол, анагаах ухаан, соёл гээд дэлхийн бүх салбарынхан ASEZ-ын үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм байна. Дэлхийн 20 орны 190 эрдэмтэн, тэр дундаа футурологич эрдэмтэн Жером Гленн ASEZ-ын зөвлөх хорооны гишүүнээр ажиллаж байгаа ажээ.