Ц.МЯГМАРБАЯР 

Монгол Улсын  Засгийн газраас “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх” хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх, нүүдлийн өв соёл, уламжлалт амьдралд уул уурхай болон уур амьсгалын өөрчлөлт хэрхэн сорилт үүсгэж байгаа үүнд ямар хариу арга хэмжээ авч дасан зохицох боломжтой талаар  дэлхийн бусад улсын мэргэжлийн судлаач, экспертүүд манай улсад ажиллаж байна. Тухайлбал, дэлхийн нүүдэлчин ард түмний өв соёл, нүүдлийн эрхийн талаар судалгаа хийдэг АНУ, Англи, Италийн их сургуулийн доктор, профессор Ariell Ahearn, U of Oxford /Хүний газар зүй, Киргиз, Өвөрмонгол, Монгол, Иорданы нүүдэлчин ард түмний хөгжлийн эксперт/ Sarah Lunacek, University of Ljubljana / Нижери улсын нүүдэлчин ард түмний хөгжлийн асуудлаар судалдаг, эксперт/,  Matthew Porges, U of Oxford / Цөлийн бүсийн нүүдэлчин ард түмний хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг эксперт/ нар энэ зун хоёр сарын турш хөдөө орон нутаг малчдын хотод ажиллажээ. Тэдний хийсэн судалгаа, ажиглалтын үр дүнд Монгол Улсад гурван зүйлд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг боловсруулсан байна. Энэ талаар Тогтвортой хөгжил, байгаль орчин, уул уурхайн салбарын сэтгүүлчид, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын төлөөлөлд танилцуулсан юм. Тодруулбал, “Монголын нүүдэлчин малчдын  ахуй, тогтвортой хөгжилд учирч буй сорилт, эрсдэл” сэдвээр мэдээлэл солилцож, мэдлэг хуваалцах чөлөөлт уулзалт болсон юм. 
Энэ үеэр  Италийн их сургуулийн доктор, профессор Ariell Ahearn хэлэхдээ “ Монгол Улс  уул уурхайн том төслийг хэрэгжүүлэхдээ малчдаас асуухгүйгээр шууд эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэд малчид  төслийн талаар ямар ч мэдээлэл  өгөлгүйгээр  үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Энэ нь нүүдэлчдийн эрх рүү бүдүүлгээр халдаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн ноцтой зөрчлийг үүсгэж байна. Хэдийгээр салбарын зохицуулсан /органик/ хуулиудад иргэдээс асууна гэдэг заалттай ч тэднээс асуулгүйгээр өөрсдийн төслийг тулгадаг гэж малчид ярьж байна. Түүнчлэн 2022 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр  иргэдээс асуух гэсэн заалтыг хуулиас хассан гэж байна. Уул уурхайгаас хамгийн их хамааралтай орон болох Монгол аж үйлдвэрийн нөлөөллийг шийдвэрлэх, багасгах нь нөөцийг үргэлжлүүлэн олборлох, эдийн засгийн ахиц дэвшил гаргах гол түлхүүр юм. Хэдийгээр дэлхийн хэмжээний хөтөлбөрт Монгол Улс  гарын үсэг зурсан ч Засгийн газрын оролцоо хязгаарлагдмал байдаг. Монгол Улс ESG-д 157-д жагссан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь улсын нийт нутгийн дөрвөн хувийг эзэлдэг ч нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний хууль тогтоомж байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуультай хэдий ч энэ нь тодорхой  хугацааны дараа сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тэгвэл төсөл эхлэхээс өмнө нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг урьдчилж хийснээр тэдний үндсэн эрх хэрхэх нь тодорхой болдог. Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээгээр эрсдэл өндөртэй бол уг төслийг эхлүүлдэггүй. Олон улсын Нийгмийн нөлөөллийн аргачлал стандартыг хүний хувийн өмч дээр суурилж хийдэг. Бусад хүний олон эрхүүдийг ч харгалзана” гэсэн юм. Тэгвэл  судлаач Sarah Lunacek “ Монгол Улсын үндэсний дархлаа, ондоошил болсон нүүдэлчин ард түмний онцлог нь жилийн дөрвөн улиралд нүүж явдаг учраас тэдэнд тохирсон Нийгмийн нөлөөллийн эрсдэлийн үнэлгээний аргачлал хэрэгтэй. Энэ аргачллыг манай зарим судлаачид оролцож Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ хамтарч хийсэн” гэлээ. Энэ мэтээр аливаа төсөл  нийгмийн талаас олон эерэг, сөрөг эрсдэл дагуулдаг ч улс орны хөгжилд чухал хэрэгжүүлэх боломжтой хөгжлийн хөтөлбөрүүдийг бий болгохыг хичээх хэрэгтэй. Монгол Улсад хөгжлийн хөтөлбөр гэж ярьж байгаа ч ихэнх төсөл нь “хортой” хөтөлбөр болж буйг бид ажиглаж байна. Төслийг зөвхөн төсвөөр хэмжиж болохгүй.  Нөгөөтэйгүүр Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай  хууль зайлшгүй хэрэгтэй хэмээн тэд онцолсон юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин