Б.БАЯР

 

“Парис-2024” зуны олимп Монголд дуулиан шуугиантай л болж байна. Олимпын баг тамирчдын хувцаснаас эхэлсэн. Манайхан шүүмжилсэн. Гадныхан, том хэвлэлүүд хүртэл магтсан. Тэгээд олимп болсон. Олимпын хорооны удирдлагууд ялангуяа Олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигийг “...Гэр бүлийнхнээ, хадмуудаа мандатаар олимп үзүүллээ” гэж шуугисан.

Б.Баттүшиг үүнд “...ОУОХ-ноос гишүүдээ гэр бүлийнх нь хамт олимпын наадамд оролцох боломжийг хангаж, мандат олгон, зардлыг нь даадаг юм. Парист ирсэн манай гэр бүлийн гишүүд шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог. Парист 32 тамирчин оролцож буй тул бидэнд албан ёсоор 16 албаны мандат оногдсон гэсэн үг. Үүнд тааруулан багаа бүрдүүлж, нэрсээ ирүүлэхийг бид холбоодоос хүсэж, холбоодын ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг юм. Бид холбоодтой мандатыг тодорхой хугацааны дараагаар солих (transferable) зэргээр оролцоог нэмэгдүүлэхээр хамтран ажилладаг болно” гэсэн тайлбарыг хийсэн. Мөн түүний хадам ээж, МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан “...Уучлаарай, шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг бид огт эдлээгүй, тийм ч ёс зүй байхгүй. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог юм байна. Парист 32 тамирчин оролцож буй тул албан ёсоор 16 албаны мандат оногдсон. “ОУОХ/IOC "B" мандат хоёрыг өгдөг. Тэрийг ротац буюу ээлжээр хэрэглэх эрхтэй байдаг ба өөрсдийн зардлаар тэмцээн үзэж явсан. Охин маань 4000 хүнийг удирдахын хажуугаар ханьдаа түшиг болон явж гадна дотны хүмүүсийг угтах уулзах, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа” гэсэн юм.

Үүнээс гадна “Парис-2024” олимпод оролцож буй тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйчид хамт явсан, яваагүй гэдгээс эхлээд Ер нь “Монголын тамирчдын бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ” гэдэг асуулт гэх үү, асуудал гэх үү, тийм зүйлүүд яригдаж байна.

Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Токио-2020” олимпын наадамд оролцсон Монголын багийн ахлагчаар ажилласан. Тэрбээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон. Мөн 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авсан. 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдож, 2022 оны гуравдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Түүний боловсрол, мэдлэгийн хувьд ярих юм байхгүй. Чикагогийн их сургууль, Харвардын Бизнесийн сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг корпорациудад ажиллаж байсан.  Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр Монголоос анх удаа мастер хамгаалсан. Бас саяын олимпын үеэр болсон явдал, түүнээс өмнөх үйл явдлуудаас хараад байх нээ, Б.Баттүшиг бол сайн хүргэн юм. “...Хадам сайтын хүргэн бардам” гэдэг л дээ. Харин МҮОХ-г хэр зэрэг удирдаж байгаа вэ, гараад байгаа шүүмжлэлүүд үнэн үү, худал уу гээд үргэлжлээд яригдах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)