Л.АРИУН

Эдгээр өдрүүдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Дүйнхорын ван тавих онцгой гайхамшигтай номын хурим зохион байгуулж байна.  Монголын төдийгүй дэлхийн бурхны шашинтнуудын хүсэн хүлээсэн номын айлдвар сонсох, авшиг хүртэх сайхан үйл ажиллагаа Мэгжид Жанрайсаг бурхны дуганы урд зассан задгай талбайд үргэлжилж байгаа аж. 

Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Цагийн хүрдэний Их авшиг-2024 номын айлдварыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал, Жүд-дод дацангуудын Хансүр, Монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи гэгээнтэн тавьж байгаа юм.

Нийтийн эв нэгдэл, амар амгаланд эерэг нөлөө үзүүлдэг Дүйнхорын авшгийг олон тооны хүмүүст хүртээх уламжлал байдаг. Дээрхийн гэгээн Далай лам 1954 онд Төвөдийн Лхаст авшгийг анх удаа хүртээсэн бөгөөд дэлхий даяар түүнээс хойш ойролцоогоор хоёр сая хүн түүний хүртээсэн Дүйнхорын авшигт оролцоод байгаа тоо баримт байдаг аж. “Дээрхийн гэгээн Далай багш Дүйнхорын ванг олон удаа айлдсан. Анх Түвдийн Лхас хотод айлдах үед 100,000 гаруй хүн цуглаж байсан гэдэг. Хамгийн сүүлд Энэтхэгийн Бодьгаяад Дүйхорын ванг айлдах үед нийтдээ 200,000 гаруй хүн цуглаж авшиг хүртсэн гэсэн тоо баримт бий. Дүйнхорын авшиг бусад Ядам бурхадын авшиг номлолоос их онцгой байдаг. Дүйнхорын Ядамын бясалгалд гариг ертөнц, хүмүүс хоорондын уялдаа холбоо, шүтэлцээн дээр гүн гүнзгий тайлбар хийдэг, маш олон янзын бясалгал хийдэг, тийм учраас сав ертөнц буюу гадаад хүрээлэн буй байгаль орчин, шим ертөнц буюу үүнд амьдарч буй бодьгалиуд ялангуяа хүн, хүмүүсийн дотоод сэтгэл энэ бүхэнд онцгой нөлөө үзүүлдэг учраас их чухал тооцдог” хэмээн Гандантэгчэнлин хийдийн ГХОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл лам өгүүлсэн юм.  Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр "Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашинд ихээхэн чухалд тооцогддог. Бурхны шашны тарнийн номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм. Тус номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшиг хүртээдэг. Далай лам 34 удаа Дүйнхорын авшгийг хайрласан байдаг. Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд Гандантэгчэнлин хийдэд болж байсан" хэмээж байлаа. Тиймээс энэ удаа болж буй Даян дэлхийн амар амгалангийн төлөө  уриат Дүйнхорын вангийн номын айлдвар Монгол Улсад 30 аад жилийн дараа болж байгаа гэдгээрээ их онцгой, ховор үйл явдал юм. Энэхүү номын үйл ажиллагаанд гадаадын зочид төлөөлөгчид, олон сүсэгтэн ирсэн байгаа. Мөн орос, англи, хятад, япон, солонгос, монгол гэсэн зургаан орны хэл дээр Дүйнхорын авшгийг орчуулж, сүсэгтэн олонд хүргэж байгаа аж.  1995 онд Далай ламын Ван авшиг хайрлах үед 20,000 хүн оролцсон тул энэ удаа мөн 20,000 гаруй хүн айлдвар сонсож, авшиг авах байх гэсэн баримжаатай байгаа аж.

“Дүйнхорын ван” нэрний тухайтад тайлбарлавал.

Дүйнхор - Санскритаар Калачакра, төвөдөөр Дүйнхор, Монголоор Цогт цагийн хүрдэн

Ван- Санскритаар авшиг, Төвөдөөр ван, Монголоор эрх гэсэн үг аж.

30 аад жилийн дараа Монголд болж буй энэ удаагийн Дүйнхорын ванг хайрлах монголчуудын язгуур үндэсний багш хэмээдэг Жадо Ринбүчи гэгээнтэн буддын шашны сургалт явуулдаг  “Жавзандамба хутагт” төвд “Дүйнхорын их ван хүртэхийн учир шалтгаан” сэдвээр тавьсан айлдвартаа “Далай багш Дүйнхорын ван авсан хүмүүст хандаж “Та бүхэн асрангуй сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, бодийн сэтгэл, хоосон чанарыг өдөр тутам бясалгаж, сэтгэл үндсэндээ боловсруулаарай” гэж байнга захидаг. Амаараа бодь сэтгэл, хоосон чанарын тухай мундаг мундаг яриад ачир дээрээ үйлийн үрийг тоодоггүй бол энэ нь ерөөсөө болохгүй шүү. Жинхэнэ анхааран авлага бол үйлийн үрд итгэдэг, чухаг дээд гуравт аврал одуулдаг, нүглийг тэвчиж, буянд шамддаг байх бөгөөд ван авсаны үр дүнд ийм болох ёстой” хэмээсэн юм. Жадо багш цааш айлдахдаа Бурхан багшийн түүх намтарт Бурхан багш Энэтхэгийн Амарбати нэртэй нутагт Дүйнхорын ван тавьсан гэж тэмдэглэсэн байна. Бурхан багшийн Дүйнхорын ван тавьсан тэр суурин одоо ч байгаа бөгөөд тэнд газар доороос гарсан янз бүрийн зүйлс байдаг. Тэр ч бүү хэл Бурхан багш Дүйнхорын ван тавьсан үеийн олдвор, дурсгалууд музейд байдаг. Бурхан багшийг Дүйнхорын ван тавих үед 30-35 сая шавь нар хуран чуулсан гэдэг. Дөрвөн дандарын ёсонд 25-аас илүүгүй цөөн тооны шавь нарт Бурхадын ванг өгөх ёстой гэж номлодог бол Бурхан багш 30-35 сая тооны шавь нарт Дүйнхорын ван хүртээсэн нь нийт бусын ном болжээ. Дүйнхорын вангийн бас нэгэн ялгамжаат зүйл бол судар, тарнийн номон дотроос Дүйнхорын номонд “Хутагтын дөрвөн үнэн”-ий номыг хамгийн дэлгэр тайлбарласан байдаг. Дүйнхорын номонд таван бүлэг бий.

Эхний бүлэг нь “Ертөнцийн бүлэг” буюу “Гадаад цагийн хүрдэн” хэмээх нэртэй. Энэ бүлэгт зовлон үнэн хэмээх хутагтын дөрвөн үнэний эхний үнэнийг дэлгэр номлосон байдаг. Дараагийн бүлэг нь “Дотоод цагийн хүрдэн” хэмээх нэртэй бөгөөд энэ бүлэгт хүний судас, хий, дуслын тухай гардаг. Түүнчлэн бидний уур, шунал, мунхаг, атаа, омог зэрэг нисваанисийн сэтгэл /муу сэтгэл/ хэрхэн төрдөг тухай тайлбарласан байдаг. Энэ бүлэгт зовлонгийн шалтгаан үнэн хэмээх хутагтын дөрвөн үнэний хоёр дахь үнэнийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Бусад цагийн хүрдэн хэмээх гурав дахь бүлэгт авшиг ван, үүсгэлийн зэргэмж, төгсгөлийн зэргэмж хэмээх гурван хэсэг ном багтдаг бөгөөд Дүйнхорын ван хүртээд дараа нь үүсгэлийн зэргэмж бясалгаад түүний дараа төгсгөлийн зэргэмжийг бясалгаснаар зовлонг хорих нь үнэн хэмээх хутагтын дөрвөн үнэний гурав дахь хорихуйн үнэнийг машид нарийн бөгөөд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Ерөөсөө Дүйнхорын номонд хорихуйн үнэний тухай Сандуйн ном, Жигжидийн ном, Дэмчигийн номонд тайлбарласанаас ч илүү нарийн бөгөөд дэлгэр тайлбарласан байдаг. Тиймээс ханьцашгүй тарнийн ёсны номнууд дотроос хамгийн дээд нь Дүйнхорын ном гэсэн яриа байдаг. Мөн Дүйнхорын ном дотор хутагтын дөрвөн үнэний зовлонг хорих зам мөр үнэн гэсэн дөрөв дэхь үнэний тухай нарийн бөгөөд дэлгэр тайлбар бий. Их амгалан, хоосон чанар хоёроос Бурханы лагшин, зарлиг, таалал бүтнэ гэдэг. Энэ бүгдээс дүгнэхэд Дүйнхор бурханы номын нийт бусын тус эрдэм гэдэг гайхамшигтай юм. Ийм болохоор Дүйнхорын их ван өгөхөд олон шавь нар цугладаг ёс тогтжээ.

Дүйнхорын вангийн тухай  буддын шашны томоохон төлөөлөгчид, эрдэмт лам хуврагуудын тайлбар мэдээллийг хүргэе.

 

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба асан,  Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж: “Нууц тарнийн ном авшиг хүртэнэ гэдэг маань дээдэс багшийн айлдаж буй тэр дагуу оюунаа хөтлүүлж авшиг бодитоор хүртдэг, адис жанлав онцгой ирдэг”

 

-МБШТГандантэгчилэн хийдийн зүгээс бид бүгдийн номын багш хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд Жадо Ринбүүчи дээдэст Дүйнхорын авшиг хайрлаж айлдаачаа хэмээн айлтгасны дагуу багш дээдэс гандан хийдэд маань морилж Дүйнхор бурхны авшгийг хайрлаж байна. Урьд Бурхан багш билэг барамидын судрыг айлдахдаа нэгэн зэрэг Балданбрайвүн хэмээх суварганд хувилсан дүрээр Дүйнхор бурхны дамжлага Дандарын ном авшигийг хайрласан байдаг. Ингэж шамбалын хаадууд энэ номыг анхааран авч дэлгэрүүлж байгаад Энэтхэг болон төвдийн оронд дэлгэрч улмаар Монгол оронд дэлгэрсэн түүхтэй. Монгол оронд Дүйнхор бурхны ном дэлгэрч Монголын маань богдууд тодруулбал 4-р богдоос эхлэн дээдсүүд маань Дүйнхор бурхныг гол ядам болгож анхааран авч бүтээл зохиолыг үзүүлсэн байдаг. Ингээд Монголчууд маань Дүйнхорын авшигаа үргэлжлүүлэн айлтгах энэ айлдварыг Далай багш тэргүүтэн дээдэс багш нарт олон дахин айлтгаж дээдэс багш нар маань энэ Дүйнхор бурхны анхааран авлагад онцгой мэргэшсэн, нууц тарнийн эрдмийг эрхшээсэн Жадо багш дээдэст маань энэ номыг айлдаараа хэмээн Дээрхийн гэгээн Далай багш тэргүүтэй олон мэргэдүүд айлдаж, Гандан хийдийн зүгээс айлтгасаны үр дүнд багш маань айлдаж гэж байна. Дүйнхорын ван авшиг 8-р сарын 12 ноос өмнөх айлдвар сургаал, 8-р сарын 16 наас бодит авшиг эхлэхээр хөтөлбөртэй байгаа. Энэ үест сүсэгтэн олон та бүгд маань Дүйхорын вандаа морилж, ирсэн үедээ аль болохоор номондоо анхаарлаа төвлөрүүлж суухыг айлтгаж байна. Учир юу гэвээс нууц тарнийн ном авшиг хүртэнэ гэдэг маань дээдэс багшийн айлдаж буй тэр дагуу оюунаа хөтлүүлж юу бодож төсөөл гэж айлдаж байна тэр дагуу төлөөлж, бодож чадвал авшиг бодитоор хүртдэг, адис жанлав онцгой ирдэг ийм учиртай. Аливаа бурхны авшиг хүртэнэ гэдэг маань бидэнд байгаа тэтгүүлэшгүй эрт цагаас дадуулсан, өөрт буй авьяасыг тухайн бурхан тэдгшээр рашаан олон зүйлийн хүчээр тэр авьяасыг сэргээж, тэр авьяас сэргэсэнээр бид даруйдын өвчин, элдэвийн барцад саадаас ангижрах улмаар өөрт зөв бодол, зөв дадал улам хүчтэй болох ашдыг хэрэг, зовлонгоос бүрэн гарах суурь нь тавигддаг ийм учиртай. Тийм болохоор бид хамтаа буян хурааж, энэ болон ирээдүйн, өөр болон бусад дэлхий нийт бүх хүний сайн сайхны төлөө хамтдаа хичээх ийм боломж бидэнд байгааг болгоож энэхүү номонд морилон саатаарай хэмээн айлтгая. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Намжал, Жүд-дод дацангуудын Хансүр Жадо Ринбүчи гэгээнтэн нь 1990-ээд оноос Монгол орныг соён гэгээрүүлэх үйлст хичээнгүйлэн зүтгэсэн, судар, тарнийн номд онцгой мэргэн, эрдэмтэн дээдэс бөгөөд энэхүү ачит багшаас Цогт Цагийн Хүрдэний их авшиг хүртэх нь бидний хувь тохиол мөн юм.

 

Гандэнтэгчилэн хийдийн дэд хамба С.Гантөмөр гавж “Гэгээрэлд хүрдэг зам мөрийн дотроос хамгийн хурдан, хамгийн гүнзгий зам мөр гэж үздэг

 

“Дүйнхорын ном буюу Цагийн хүрдний авшиг” хэмээх номын айлдвар болж байна. Өөрөөр хэлбэл Цагийн хүрдэн хэмээх Ядам бурхны авшигийг хайрлах буян номын ажиллагаа гэж ойлгож болно.  Энэ номын утга учрын товчхон тайлбарлавал. Бурхан багшийн сургаалийг их бага хөлгөн гэж үздэг.  Бага хөлгөнийхөн гэж өөрөө гэгээрэхийг зорьдог бол хамаг амьтныг гэгээрүүлхийг хүсдэг нь их хөлгөнийхөн гэж үздэг. Их хөлгөний бодьгалиуд бол хамаг амьтны тусыг бүтээе, ингэхийн тулд өөрөө тэдгээрийн тусыг бүтээх чадвартай больё, иймийн тул өөрөө төгс гэгээрье хэмээдэг. Их хөлгөний зам мөрд хоёр янзын зам байгаа. Нэг нь бодь сэтгэл, хоосон чанар тэрүүтэй Бурхан болох уг шалтгаануудаа бясалгаад, сэтгэлээ номлон бясалгаад байгаа тэр бодьгалиуддаа бурхан багш “Чанадад хүрэхүйн” хөлгөн буюу уг шалтгаануудын их хөлгөнийг номлосон юм. Сэтгэл төдий биш түүн дээрээ биеэ ашиглан биеэн дээрээ тулгуурлан бясалгах язгуур бүхий бодьгалиудад бурхан багш нууц тарнийн номыг номлосон юм гэж үздэг. Нууц тарнийн номыг дөрвөн дандарын аймаг гэж хуваадаг. Тэдгээрийн хамгийн дээд нь ханьцашгүй Дандарын аймаг гэж бий. Учир нь гэгээрэлд хүрдэг зам мөрийн дотроос хамгийн хурдан, хамгийн гүнзгий зам мөр бол үүнээс илүү байхгүй хэмээдэг. Энэ зам мөрийг бясалгах юм бол маш түргэн гэгээрдэг. Нэг нас нэг биеэн дээрээ ч гэгээрэх боломжтой сургаал юм гэж үздэг. Бид ирээдүйд төгс гэгээрээд бурхан болох гэж байгаа бол ирээдүйд төгс гэгээрээд бурхан болох тэр байдлыг яг одооноос өөр дээрээ авч бясалгах ийм бясалгал юм. Нөгөө судрын ёс нь бол уг шалтгаануудаа дараалуулан бясалгаад яваад байна гэсэн үг юм.

 

Гандантэгчэнлин хийдийн ГХОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл лам: Дүйхор бурхны бясалгалд дээр 700 гаруй бурхад бясалгадаг. Тэр олон бясалгалууд бидний дотоод сөрөг сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж хүчийг нь сулруулж байдаг

 

Бурхан багшийн амар амгаланд хүрэх тухай айлдсан олон арга замууд дотроос жинхэнэ амар амгаланд хүрэх хамгийн хурдан дөт замыг нууц тарнийн номон дотор айлдсан гэсэн үг. Дүйнхороын ван гэдэг нь нууц тарнийн номлол дотроо харьяалагддаг. Нууц тарнийн маш олон янзын Ядам бурхдын бясалгал байгаа эдгээрийн дотроос Дүйнхор бурхны Ядам бурхны бясалгал олон нийтэд номлодог уламжлалтай. Учир нь маш олон хүн Дүйнхор бурхны бясалгал хийх юм бол илүү хурдан гэгээрэлд хүрэх боломж байдаг гэсэн үг. Тийм учраас их өргөн дэлгэр номлож ирсэн байдаг. Дүйнхорын ван дээр маш олон янзын бясалгалууд явагддаг. Бусад бурхадуудад дээр тоотой хэдэн бурхадуудыг бясалгадаг бол Дүйхор бурхны бясалгалд дээр 700 гаруй бурхад бясалгадаг. Тэр олон бясалгалууд бидний дотоод сөрөг сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж хүчийг нь сулруулж байдаг гэсэн үг.  Дүйнхорын ванд суухад сүсэгтэн олны зүгээс юуг анхаарах тухай өгүүлэхдээ. Бидний дотоод сэтгэлийн амар амгалан маш чухал болсон, сэтгэлээ тогтоох, тайван байлгах, жинхэнэ амар амгаланд хүрэх арга замд суралцах зайлшгүй шаардлагтай ийм цаг үед амьдарч байна. Номын айлдварт суухад  бид дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Олон сайхан айлдвар сургаалийг анхааралтай сонсох, ойлгож мэдэж өөрийн амьдралдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ялангуяа Дүйнхорын вангийн үед гүн гүнзгийн бясалгалуудыг сайтар бодож бясалгаж өөрсдийн зүгээс аль чадахаараа хичээж суух юм бол үр, дүн гарах нь гарцаагүй юм хэмээсэн юм.

 

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба асан,  Хамба номун хан, гавж Д.Чойжамц: “Дүйнхорын ванг айлдсан газар оронд төр засаг нийгэмд амгалан тайван байдал ирдэг”

Дээрхийн гэгээнтэн Далай багш дэлхийн олон оронд Дүйнхорын ванг айлдсан. Тэр газруудад орон дэлхий болоод төр засаг нийгэмд амгалан тайван байдал ирдэг онцгой ийм ном юм. Тиймээс Монгол оронд минь хүн ард нь уужуу тайван байх, улс орон хөгжил дэвшилтэй байх, шашин ном нь сэргэн мандах талаас нь бодож Дүйнхорын ван айлдуулах үзэл санаа өдгөө хэрэгжиж байгаа нь сайхан хэрэг юм.

 

Жадо Ринбүчи гэгээнтэн: “Бид энэ насандаа Дүйнхорын ван хүртээд буян номд сайн шамдаад ерөөл сайн тавьбал Дүйнхор бурханы номд мэргэшиж, Дүйнхор бурхныг бүтээж чаддаг болох хамгийн дөт ариун дагшин орон болох Шамбалад төрөх боломжтой”

-“Дүйнхорын ванд зорин суухдаа  эхлээд номоо сайн сонсоорой. Ном сонссоноор буян арвижиж, нүгэл хилэнц багасана. Энэ бол хамгийн эхний үр дүн юм. Дараа нь аврал итгэл сайн одуулж, бодийн сэтгэл, хоосон чанарыг аль чадах чинээгээрээ бясалгаж чаддаг болвол энэ нь Дүйнхорын вангийн анхааран авлага болж байгаа юм. Чадвал жаахан ахиулаад Дүйнхор бурханы тарни уншаарай. Мөн Дүйнхор бурханы ван нь бусад тарнийн ёсны бурхадын вангаас юугаараа ялгаатай, нийт бусын ямар ямар номлол, анхааран авлага байгааг судлан мэдэж, хэрэгжүүлбэл ирээдүйд гарцаагүй Шамбалын оронд эсвэл Дүйнхор бурханы оронд төрөх болно” хэмээн айлджээ.

Цаг цөвүүн бол хүний сэтгэл их муудахад нийт хүн төрөлхтөн хурдан гэгээрэхэд маш их барцад их ордог тийм учраас амьтныг хурдан боловсруулах гэтэлгэхэд ном номлолын дээд болсон ном бол “Цогт цагийн хүрдэн” хэмээн маш нарийн увидаст гайхамтай ном ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай багш хүн төрөхтөний амар амгалан, энх тайвны төлөө үргэлж энэ номыг айлддаг. Түүнтэй адил даян дэлхийн хүн төрөлхтөн амар амгалан байгаасай энх тайван байгаасай хэмээн Монголын буддын шашинт хүн бүр нийлээд хамаг амьтны төлөө залбирах ийм сайхан номын хурим ёслол төгөлдөр болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 159 (7403)