Б.АЛТАНГЭРЭЛ

 

Mонгол Улсын цахим худалдаа, тээвэр логистикийн асуудлыг хэлэлцэх семинар өчигдөр НҮБ-ын байранд болсон юм. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн орнууд дунд тээвэр, логистикийн даатгалын нэгдсэн системтэй болох санал тавилаа. Монгол улс нь ДГХБО-ын хувьд дижиталчлал, тэр дундаа дэлхийг холбох худалдаа, тээврийн салбарт олон сорилттой тулгарч байдаг. Энэхүү хуралдаанаар Монгол улсын худалдаа, тээврийг цахимжуулахад  тулгарч буй гол бэрхшээлүүд болон цахим чадавх, дэд бүтцийг голчлон хэлэлцлээ.

 

70 орчим улсад хүлээн зөвшөөрөгдөх  жолооны үнэмлэх олгох сургалт явуулж байна

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Бид Ази, Номхон далайн бүсийн орнууд дунд тээвэр, логистикийн даатгалын нэгдсэн системтэй болох талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад санал тавьж байна. Ингэснээр тээвэр, логистикийн салбарт гарч буй олон саад, бэрхшээлийг цогцоор шийдэх боломжтой болно хэмээн харж байгаа. Бусдаар үүсэж буй бэрхшээл, тулгарч буй асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээр болон гэрээгээр тэр бүр шийдэхгүй. Үүнийг бүс нутгийн хэмжээнд цогцоор авч үзэх хэрэгтэй.

Засгийн газрын төлөвлөгөөнд бодлогын тест цахим маршрутыг хяналтын  системд нэвтрүүлэхээр бэлдэж байна. Бид тээвэрлэлтээ хянаж байгаа боловч төрийн байгууллага хаана ямар ачаа зөөвөрлөж байгааг хянах хэрэгтэй. Хяналтын систем дэлхийд аль хэдийнэ тогтсон. Иргэд аж ахуй нэгжүүд тээвэрлэлтэд үүсэж байгаа бэрхшээл саадыг мэдээлэх боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ тээврийн худалдааг хөнгөвчлөхөд хүний нөөцөө бэлдэх зайлшгүй шаардлагатай байна. Жолооч нарыг чадавхжуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхгүй бол хэлний мэдлэггүй, газар зүйн байршлын мэдлэггүйгээс болоод тээвэрлэлтэд оролцож чадахгүй асуудал үүсдэг. Саяхан ХБНГ улсын Тээврийн сайд Монголд айлчилсан. Энэ хүрээнд Монголын жолооны үнэмлэхийг Герман улсад  хүлээн зөвшөөрүүлэх ажил хийгдэж байгаа. “B” ангиллын жолооны үнэмлэхийг нэгийг харьцах нь нэгээр сольж бусад ангилал болон мэргэшсэн жолооны үнэмлэхийг  богино хугацааны сургалтад хамруулж олгох ажлуудыг хийж байна. Энэхүү сургалтад манай улсын Авто тээвэрчдийн холбоо болон олон улсын тээвэрлэлтэд оролцох 70 орчим улсад хүлээн зөвшөөрөгдөх  жолооны үнэмлэх олгох сургалтууд явуулж байна. Тиймээс тээвэрт үүсэж байгаа бэрхшээлийг даван туулахад байгууллага хоорондын дэвшилтэт технологийг ашиглах нь хамгийн чухал гэж үзэж байна” гэв.

Хуурай боомт нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нэн чухал байгууламж бөгөөд цахим төхөөрөмжөөр тоноглогдсон хуурай боомт нь өндөр үр ашигтай байх боломжтойг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далай, Зүүн өмнөд Азийн бүс нутаг хариуцсан төлөөлөгч Ерабала Кишоре Бабу “Монгол Улсын мэдээлэл, технологийг салбарын бэлэн байдал” гэсэн илтгэлдээ дурдлаа. Тэрээр, мэдээлэл, технологийн хөгжлийн индексээр Монгол Улс 85.9 оноотой байсан бол 87.0 болгож нэг хувиар байраа ахиулсныг мэдээллээ.

Цахимжсан хуурай боомтыг хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн илэрхийлж, хөрш дамжин өнгөрөгч болон бусад түнш орнуудтай хамтран ажиллахад тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийг төрөлжүүлэхэд тустайг онцлов.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан “Монголын тээврийн салбарт тулгарч буй бэрхшээл” илтгэлдээ, далайд гарцгүй улсын хувьд Монгол Улс Замын-Үүд дээр хуурай боомт байгуулах нь манай улсад чухал байна. Хуурай боомтын ТЭЗҮ хийж гаргахад мэргэжлийн байгууллагууд бэлэн байгаа. Тээвэр логистикийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс Тээвэр логистикийн нэгдсэн корпорацтай болох цаг ирсэн. Ингэснээр хоёр хөрш болон бусад улс оронтой нэгдсэн нэг талбар платформоор холбогдож, хамтран ажиллах, өрсөлдөх боломж гарч ирнэ. Учир нь өнөөдөр манай улсад худалдаа нь хөгжөөд байхад тээвэр логистик нь хоцорч байна. Гэтэл бусад улсад тээвэр логистик нь худалдаанаасаа түрүүлж явдаг” гэв.

 

2025 онд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн терминалыг ашиглалтад оруулна

 

“Туушин” компанийн дэд ерөнхийлөгч Б.Пүрэвчулуун “2022 оноос хойш Хятадын боомтууд дээр ачаа бараа хуримтлагдаж, энэ байдалтай гурав дахь удаагаа тулгарсан. Бид тээвэр зуучийн компаниуд бүх л боломжит боомтыг ашиглаж байгаа. Хамгийн гол нь бусад улсуудаас ирж байгаа хөлөг онгоц, шууд явдаг усан онгоцны хувьд Тианжинь боомт арай олон чиглэлээр хүлээж авч Монгол улс руу явуулдаг. Бусдаар Ухань, Чиндао зэрэг боомтуудаар ч мөн адил Монгол руу явж байгаа галт тэрэг тогтмол явдаг. Гэвч бид Улаанбаатарт ачаагаа хүлээж авч чадахгүй байна. Улаанбаатарт байгаа 11 терминал нь дээд талдаа 8, 9 вагон хүлээж авах чадалтай. УБТЗ контейнер тээвэрт 350 вагон гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл долоо хоногт өдөр бүр 50 вагон ачиж явдаг гэсэн үг. Яагаад гурван хоногт эргэлт хийх боломжтой байхад долоо хоногт эргэлт хийдэг вэ гэхээр Улаанбаатараас нэг туушин руу, өөр газар руу явуулах ачааг ялгаж салгахын тулд, дараа нь хоосон контейнероо цуглуулахад цаг алддаг. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас “Танай ачааг бөөн бөөнөөр нь явуулаад байхаар Эрээн, Замын-Үүд хүлээж авч чадахгүй байна. гэдэг. Ингэснээр манай замууд галт тэргээр дүүрчихдэг учир  Монголын хүлээж авч чадах хэмжээгээр нь явуулж байгаа” гэсэн асуудал гарч байгаа юм. Энэ асуудлыг Туушин компанид 2008 оноос энэ терминал байгуулагдаж, 40-50 мянган пиру 20 фут шилжүүлэн хүлээж авах боломжтой байсан. Гэтэл 2040 онд 600 мянган пиру төлнө гэж төсөөлөөд Герман улсын “Ди Ви” интернэйшнл компаниар техник эдийн засгийн үндэслэлийг хийлгээд Улаанбаатар хот нэгдсэн терминалтай байх ёстой юм байна. Энэ бол Туушингийн биш Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлэх нэгдсэн терминал байх ёстой. Өөрөөр хэлбэл Замын-Үүдээс бүтэн галт тэргээр нь оруулж ирээд хоёр цагийн дотор буулгаж ачаад өдөртөө буцах ёстой. Ийм маягаар явбал 350 вагон хангалттай. УБТЗ үүнийг хүлээн зөвшөөрч ажиллаж байсанд баяртай байна. Энэ ажлыг идэвхтэй явуулж байгаад 2012 оноос хойш ачааны хэмжээ буурсан. Монголын эдийн засаг бууралттай байсан нь нөлөөлсөн байх. Ковидын дараа эдийн засаг илт сэргэж хүчтэй болсноор импортын барааны хэмжээ 2022 онд 92 мянган пиру, 2023 онд 87 орчим, ирэх жилүүдэд нэмэгдэнэ гэж тооцоолсон. Бид 2025 онд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн терминалыг ашиглалтад оруулах зорилт тавьсан. “Ди Ви” интернейшнл компаниар техникийн хэмжилт хийлгэсэн, 600 мянган пиру ачааг тээвэрлэх чадамжтай, өртөөний хүлээн авах нйаман зам, контейнэрийн талбай дөрвөн замтай хуурай боомтын шаардлага хангасан төсөл болсон. Үүнийг хийхдээ хиймэл оюун ухаан, цахим төслийн технологийг төвлөрүүлэх зорилт тавьсан” гэлээ.

Зам тээврийн яам тээвэр, худалдаанд албан бичгийн цаас солилцоог халж цахим системд шилжиж буй талаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  инновац гэсэн шинэ бүтэцтэй болж буй талаар тус тус танилцуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7401)