Багш, судлаач Д.Уртзам

Хүүхэд, залуучуудын амнаас гадаад л явна гэсэн үг гардаг болжээ. Энэ юутай холбоотой вэ? 
Эх түүхээ мэдэхгүй, энэ хорвоо дэлхийд хүн болж төрөх хувь заяатай, дээрээс нь баатарлаг, баялаг түүхтэй, нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан агуу их гүрний хойч үе гэдгээ умартаад, харийн газар боол болох гэж ухаан жолоогүй гүйлдэж байна. Залуучууд үүнд буруутай юу?

Сургуулийн боловсрол, сурах бичгийг аваад үзье

Орчин цагийн түүхийг есдүгээр ангиас ордог юм байна. 2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас эрхлэн гаргажээ. Хамгийн наад захын өөлөх зүйл гэвэл шрифт маш жижиг, янз нь эрүүл монгол хүүхэд ховор, бүгд нүдний шил зүүдэг гэж тооцоолжээ. Нэг намын өнцгөөс харж бичсэн байна. Лам нарын “эсэргүү бослого”, Монголын түүхэн дэх хар толбо, бурханы шашин ба социализм-энэ бүлгийн гарчгаас харахад л дандаа хэлмэгдэж ирсэн ард түмэн яагаад бүгд бичиг үсэгтэн болж, сансарт хүн нисгэж, НҮБ-ын гишүүн орон болчихдог юм бол гэж гайхаш төрнө.  “Монголын түүхийн ээдрээтэй зурвас үеийг цэгнэж үзээрэй” гээд нэмж багачуудыг айлгаж, дайран дээр давс нэмжээ. 
Монголын ард түмний социализмын үеийн ололт амжилт, үе үеийн эх орончдын халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, амь биеэ золиослон ирээдүйн төлөө тэмцэж байсан тухай олж харах юм алга. Энэ ном бол ердөө шарын шашин Монгол Улсад хавчигдаж, хэлмэгдэж ирээд, 1990-ээд оны ардчиллын дараа ард түмэн шашин шүтэх эрхээ олж авсан тухай ном байна. Аж үйлдвэрээ хөгжүүлж, инженер техникийн боловсон хүчинтэй болж, өөрсдөө арьсан гутал, нэхий дээл, тоног төхөөрөмж хийх хүртлээ хөгжсөн талаар маш хомс, тоомжиргүй ганц нэг өгүүлбэр дурджээ. Ардын хувьсгалын өмнө хүн амын хэдэн хувь үгээгүй ядуу хоосон байсан тухай тоо баримт дурдаагүй, хүн амын олонхи болох тэдний талаар биш баячууд, ноёд, түшмэдүүд тэд нарын хөрөнгийг хураасан төр засаг ямар муу байсан талаар л бичжээ.
Түүхийн сурах бичиг нь тухайн түүхэн үед болж өнгөрсөн үйл явдлын тухай нууж хаалгүй, үнэн мөнийг өгүүлэх ёстой баймаар. Гэтэл энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сурах бичигт үлгэр дууриал болох түүх алга. 1939 оны Халхын голын дайны ялалт, 1945 оны Чөлөөлөх дайны үеийн баатруудын талаар алдар гавьяаг мөнхжүүлэн бичсэн жишээ алга. БНМАУ-ын хөдөлмөрийн баатрууд гээд бас гавьяатай, алдар цуутангууд байна. Тэд нар хаана байна? Сая ковидын цар тахал болоход социализмаас үлдсэн ганц саалийн үнээ болох Эрдэнэт үйлдвэр л ард түмнийг тэтгэлээ. Социализмын агуу их бүтээн байгуулалтуудыг тоож дурдсангүй.

Бид өөрснөө хүүхдүүдийг “Гадаад руу явах уу” гэж уруу татдаг

Дараагийн бүлэгт1990 оноос хойш ардчилал нэрээр ард түмний баялгийг тухайн үед төрийн эрхэнд байсан үе үеийн эрхтэн дархтанууд хувааж авсан талаар дурдсангүй. Тус номны 134-158 дугаар хуудас хүртэл гадаад паспорт авч, гадаадад доншуучлах эрх чөлөөг магтан дуулжээ. 155 дугаар хуудасны “Монгол Улсын гадаад бодлогын өөрчлөлт” гэсэн бүлэг дээр “2. Гадаад улсад сурч, ажиллаж буй монгол хүмүүсийн тухай мэдээллээ хуваалцана уу. 3. Гадаад улс орноор аялах, тэнд суралцах тухайд та бүхэн ямар бодол, мөрөөдөл, төлөвлөгөөтэй байдаг вэ? Хуваалцана уу” гэсэн ийм өчүүхэн зүйл бичээд, уншсан өсвөр насны хүүхдийн оюун санааг “Гадаад, зөвхөн гадаад явах” хэмээн урьдчилан программчилжээ. Засгийн Газрын 20 дугаар тогтоолоор ард түмний өөрөөсөө нуун байж хураасан хэдэн төгрөгийг ямар ч үнэ цэнэгүй болгон хувиргаж, ганцхан өдрийн дотор үнс болгож хувиргасан тухай бичсэнгүй. Олон хүүхэдтэй айлууд өөр орлогогүй тул хүүхдийн мөнгөө хурааж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд зарцуулна гэж хураасан тэр мөнгийг хумхын тоос болгосон. Дундаж иргэдээ ядуучуудын тоонд оруулж, иргэдээ хадгаламжгүй болгосны дараа нь хувьчлал нэрээр иргэдээс бутархай мөнгөөр тарааж өгсөн хувьцаагаа буцаагаад худалдаж аваад, ард түмний өмчийг идэж уугаад, үрэн таран хийсэн. Түүх л юм бол энийг бичих хэрэгтэй. 
Гэнэн итгэмтгий монголчууд гадаад паспорт  аваад, хөл хүрэх газар луугаа хэрэн тэнэж яваад, одоо гадаадад төрж өссөн хүүхдүүд тэр чигээрээ гадаад болцгоосон. Эх орондоо буцаж ирье гэхээр юу ч үгүй хүмүүс гацсан. Америкт байгаа цөөхөн тооны бэл бэнчинтэй хүмүүсийн талаар бичээгүй байна. 

1945 оны Чөлөөлөх дайны түүх багасжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд эрхлэн гаргасан XI ангийн сурагчдад зориулсан “Монголын түүх” сурах бичигт нэг их дээрдсэн зүйл үгүй, IX ангийн хэмжээнд, ердөө 72-хон хуудастай ном байна. Уг нь ахлах ангийн сурагч нэлээн зузаан материал ойлгох дайны болсон баймаар. Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэн гээд албан ёсны, архивын баримт бичиг дээр тулгуурлан бүтээл гаргадаг газрын эрдэмтдийн бүтээлээс авсан, иш татсан юмгүй, бас л хэлмэгдэлт, ЗХУ, Коминтерн Монголд төрийн эргэлт зохион байгуулсан гээд ховын чанартай зүйлсээ давтжээ. III бүлэгт 33-44 дүгээр хуудасны хооронд хэлмэгдсэн гэж зовлон тоочоод, лам нарыг элдвэээр хавчин хяхаж байсан, шашинтай тэмцэхдээ хамгийн харгис аргыг хэрэглэж байв гэх мэтээр дурдаад байдаг. Аж үйлдвэрийн комбинат барин ашиглалтанд оруулж, үндэсний ажилчин анги, сэхээтнүүд бий болсон тухай огт дурдсангүй. Гэтэл БНМАУ-ын тусгаар тогтнолыг сахин хамгаалахад онц ач холбогдолтой Халхын голын дайны тухай ердөө ганцхан 44 дүгээр нүүрэнд хальт дурджээ. Монгол, Зөвлөлтийн армийн ялалт, цэрэг дайчдын баатарлаг гавьяаны тухай дурдсан юу ч алга. Түүхийн сурах бичиг нь хойч үеийнхэнд үлгэр дууриал болох, сургамж болох ёстой баймаар юм. 46.р хуудсанд бүүр тал нүүрийн хэмжээнд 1945 оны Чөлөөлөх дайны түүх багасжээ. Монгол орны баруун хязгаарт болсон тулгарлууд, Дотоод явдлын яамны тусгай төлөөлөгч нарын эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө амь бие хайргүй тэмцэж явсан талаар цорын ганц өгүүлбэр ч оруулсангүй. 
“1924-1990 онд БНМАУ-д социализм байгуулах оролдлого” гэсэн нэр өгөөд энэ сурах бичгийн зохиогчид Монголын ард түмний нэгэн жаран давсан түүхийн ололт амжилтыг дорд үзэн, гутлын уландаа гишгэжээ. 
Дараагийн сурах бичиг зохиохдоо ядаж архивын баримтын дагуу бичээсэй, шинжлэх ухааны байгууллагуудаасаа зөвлөгөө авч, тэднээр хянуулж, ард түмнээсээ санал асуух, зөвлүүлэх мэргэн ухаан гаргаасай гэж хүсье. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин