Цэвэр агаар сэнгэнэж, ургамал мод ногоорч, цэцэг жимс урган өнгө үзэмж нэмдэг 7, 8-р саруудад манай улсыг зорин ирэх жуулчдын хөл тасардаггүй билээ. Богд уулыг зорих дотоод, гадаадын аялагчдын хөл тасардаггүй энэ үед байгаль орчин бохирдож, хог хаягдал энд тэндгүй хөглөрнө. Ихэнх хүмүүс ажил хийх, тэр дундаа сайн дурын ажил хийх гэхээсээ амарч зугаалахыг эрхэмд үзэж буй ч WeLoveU олон улсын байгууллагын 200 гаруй гишүүн (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) хог хаягдал түүх цэвэрлэгээний хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн сайшаалыг хүртээд байна. Тэрээр 2024.08.07-нд хагас өдрийн туршид 80 гаруй шуудай хог хаягдал түүж, Богдхан уулын аялагчид хамгийн ихээр зорчдог газыг цэмцийтэл цэвэрлэлээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын байцаагч, байгаль хамгаалагч Ариунболд хэлэхдээ, “Би энэ Богдхан уулын Зайсангийн ам хариуцсан байгаль хамгаалагч байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн Богдхан уулыг WeLoveU байгууллагын хамт олон цэвэрлэж байгаа нь манай залуучуудын хандлага өөрчлөгдөж, эх дэлхийгээ хайрлан хамгаалъя гэсэн хандлага төлөвшин сууж байгааг харуулж байна. Энэ байгууллагын тэргүүн Жан ГилЖа-д баярлаж талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье” гэсэн юм.

Бээлий өмсөж, хавчаар барьсан сайн дурынхан уулын хэсэг бүрд хоёр гурваараа хуваагдан гарч, энд тэндгүй хөглөрөх хог хаягдлыг хичээнгүйлэн шуудайнд хийж харагдана. Аялал жуулчлалын автобус, унаа машин эгнэн зогссон зогсоолоос эхлүүлээд явган хүний ​​зам талбай, ойролцоох бүхий л бүсийг хамруулан өвс ногоо, модны завсрыг ч сайтар нэгжиж, ус ундааны лааз сав, хэрэгцээгүй мод, гялгар уут, мөн хаягдал дугуй зэрэг их хэмжээний хог түүсэн байна.

“Би WeLoveU байгууллагын гишүүн болсондоо их баярлаж, бахархаж явдаг. Залуучууд цугласан газар нь хамт ирж, зохион байгуулж байгаа ажилд нь оролцож явдаг хүний хувьд сэтгэгдлээ илэрхийлэхэд энэ байгууллага НҮБ-ын хэмжээний ийм том байгууллага гэж боддог. Яагаад гэвэл дэлхийн олон улс оронд салбар нь байна. Тухайн улс оронд дайн дажин, гай зовлон, байгалийн гамшиг, өвчин тахал, үхэл хагацал гээд бүхий л самуунтай үед энэ байгууллага хамгийн түрүүнд оролцож, тухайн улс орныхоо ард түмэнд тусалж, байгаль орчныг цэвэрлэж, цусны донорын хөдөлгөөн өрнүүлэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин ядуу хүүхдүүд, эмзэг бүлгийнхэн гээд бүх хүмүүст хүрч ажилладаг, хүмүүнлэгийн ийм том байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баярлаж, бахархаж байна” хэмээн WeLoveU-н гишүүн, МУСТА, жүжигчин М.Дорждагва ярьсан юм.

Тус цэвэрлэгээний үйл ажиллагааг дэмжин оролцсон Хан-Уул дүүргийн 11-р хорооны зохион байгуулагч Юмчин WeLoveU-н сайн дурынхны чин сэтгэлээ гарган, ийм сайн үйлс бүтээж байгааг сайшаан,  энэ хөдөлгөөнд улам олон залуус нэгдэж, бусдад сайн сайхан зүйлсийг үргэлж дэлгэрүүлээсэй хэмээн уриалж байв.

WeLoveU-н албан тушаалтан "Уур амьсгалын өөрчлөлтөөс болж санаанд оромгүй байгалийн үзэгдлүүд ар араасаа гарсаар байна. Улам бүр халсаар байгаа энэ үед тав тухтай, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой ажил болоод байна. Өнөөдрийн байгаль орчноо цэвэрлэх хөдөлгөөн нь бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог сайжруулах зорилго бүхий үйл ажиллагаа болно гэж найдаж байна" гэжээ.

 

WeLoveU байгууллага Монгол улсад 15 дахь жилдээ халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цусны донорын хөдөлгөөн, боловсролыг дэмжих аян, эмзэг бүлгийнхэнд туслах тусламжийн ажил, халамжийн байгууллагуудад туслах ажил зэрэг олон сайхан ажлуудыг хийсээр иржээ. Богд уул төдийгүй Туул гол, Эрдэнэтийн Сархиа уул, Наадмын цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын дэргэдэх ойн үржүүлгийн газарт 500 мод тарьсан бол энэ оны 1-р сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран эмзэг бүлгийн 7 айл өрхөд монгол гэр болон дулаалгын хэрэгсэл хандивлажээ.

НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах алба)-ийн түнш байгууллага болох WeLoveU олон улсын байгууллага нь байгаль орчин хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал  өлсгөлөнг бууруулах, ус, ариун цэврийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбар ба боловсролын салбарыг дэмжих, нийгмийн халамжийн үйл ажиллагаа зохион байгуулах  гэх мэт олон үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрд "Дэлхий дахинд Эхийн хайр түгээнэ" гэсэн уриан дор зохион байгуулдаг байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилладаг аж. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын хар салхи, Непалын газар хөдлөлт, Япон, Энэтхэг, Лаост болсон үер, Мозамбикийн хар салхи, Солонгост гарсан ойн түймэр зэрэг гамшгийн голомтод үнэ төлбөргүй хоол өгч, нөхөн сэргээх ажил хийн, хохирогчдыг аварч, тусламжийн бараа бүтээгдэхүүнээр ханган ажиллах зэргээр тусламжийн гараа сунгасан байна.

WeLoveU-н бүх үйл ажиллагаа нь "Дэлхийг аваръя" (Save the World)  төслийн нэгээхэн хэсэг юм. Үүгээр дамжуулан “Эх дэлхийгээ аврах” (Saving the Earth), “Амь аврах” (Saving Lives), “Хүн төрөлхтнийг аврах” (Saving Humanity) гэсэн гурван үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох ТХЗ-д хүрэхийн төлөө хамтран ажиллаж байна.

Энэхүү өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа өрнүүлснийг нь үнэлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын төрийн дээд одон, Камбожийн вангийн одон, Перугийн Эмэгтэйчүүдийн халамжийн яамны сайдын өргөмжлөл, олон улсын байгаль орчны шагнал болох “Ногоон алим”-ын мөнгөн шагнал зэрэг олон шагнал урамшуулал хүртээд байгаа юм байна. Манай Монголын хувьд Эрүүл мэндийн сайдын шагнал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын шагнал, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын даргын өргөмжлөл, МУЗН-ийн даргын шагнал, Нийслэлийн 75-р сургуулийн захирлын өргөмжлөл зэрэг шагналуудыг хүртсэн байна.