Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад Ардын жүжигчин, “Улаанбаатар” театрын дуучин Самъяагийн Ганзоригийг урьж, амьдрал уран бүтээлийнх нь тухай ярилцсан юм.

 

ДУУЧИН БОЛСОН МИНЬ АЛТАЙЧУУД, “АЛТАЙ” ЧУУЛГААС ЭХТЭЙ

-Саяхан та 20 гаруй жилийн хөдөлмөр, авьяас билгээ үнэлүүлж, Ардын жүжигчин хэмээх эрхэм хүнтэй цолоор шагнуулсан. Тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөсөө хуваалцаач?

-Ардын жүжигчин хэмээх энэ том, эрхэм цолыг авна чинээ төсөөлөөгүй явлаа. Намайг хөдөө явсан хойгуур “Улаанбаатар” театраас намайг тодорхойлсноо дуулгасан. Манай театр 2006 онд байгуулагдсан. Монголын хамгийн отгон чуулга. Харин өнгөрсөн жилээс театр болж өргөжсөн. Миний хувьд анх байгуулагдахаас нь өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Театрынхаа анхны дуучин нь гавьяат жүжигчин, уртын дуучин Хонгорзул бид хоёр. Тэр цагаас хойш би 19 жил тасралтгүй, энэхүү мэргэжлийн урлагийн байгууллагадаа ажиллаж, уран бүтээлээ туурвисан байна. Театр маань ч энэ хугацаанд өсөн дэвжиж, өөрийн өнгө аястай, бусад театр чуулгаас ялгарах онцлогтой болжээ. Би театртаа ороод удаагүй байхдаа буюу 2009 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулж байсан. Ингээд 15 жилийн дараа энэ сайхан мэргэжлийн урлагийн байгууллагаасаа анхлан Ардын жүжигчин боллоо.

-Театрынхан мэдээж анхны Ардын жүжигчнээ угтаж аваад, сэтгэл дүүрэн байсан байх. Харин таны дуунд дуртай ард түмний халуун алга ташилт, итгэл сэтгэлийг дааж явна гэдэг дуучин хүний хамгийн том хариуцлага, ухаан байдаг байх ?

-Би анх гавьяат жүжигчин болохдоо ч баярлахаас илүү өөрт минь маш том үүрэг хариуцлага ирлээ гэж хүлээж авч байсан. Энэ удаа ч ялгаагүй яг л 15 жилийн өмнөх шиг мэдрэмж төрж байна. Уран бүтээлч бидний хувьд ард түмнийхээ хайр, итгэл, хүндлэлийг дааж явна гэдэг л хамгийн том шагнал, үүрэг гэж боддог. Миний уран бүтээлч, дуучин болсон минь манай Алтайчууд, “Алтай” чуулгаас эхтэй юм. Хээр, хөдөө л дуу аялахаас өөрийг мэдэхгүй, 30 нас хүртлээ сумандаа л амьдарсан би анх Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгынхаа тайзан дээр “Үлэмжийн чанар” дууг дуулснаар урлагийн зам руу алхах эхлэл болсон юм. Тэр цагаас хойш чуулгын маань уран бүтээлчид намайг дэмжиж, урамшуулж, сургуульд сур, дуучин бол гэж шаардсаар байсан тул би 2001 онд СУИС-д орж, дуурийн нэрт дуучин М.Найдалмаа багшийнхаа шавь болсон түүхтэй. Ингээд 2006 онд сургуулиа дүүргэсэн.

-М.Найдалмаа багш өөрөө дуурийн нэрт дуучин. Олон ч шавь нь сонгодог урлагийн салбарт цахиур хагалж явна. Таны хувьд энэ чиглэлээр уран бүтээл хийе гэсэн бодол төрж байгаагүй юу?

-Багшид минь тийм бодол байсан байж магадгүй. Учир нь намайг дагуулаад УДБЭТ-т дагуулж очоод хоор дуулуулж үзсэн удаатай. Тухайн үед миний зүрх алдраад дахиж очоогүй юм. Ингээд удалгүй би гуравдугаар дамжаанд байхдаа одоогийн Үндэсний урлагийн их театрт дуучнаар орж ажилласан.

-Тэр үеийн театр, чуулгууд бол босго өндөртэй байсан байх. Сургуулиа ч төгсөж амжаагүй оюутанд яагаад үүдээ нээж, итгэл хүлээлгэсэн юм бол?

-Тухайн үед ардын дууч Д.Гэрэлмаа гээд их сайхан дуучин байлаа. Бид хоёр насаар бол үеийн дуучид. Гэхдээ надаас өмнө олон жилийн өмнөөс дуулаад эхэлчихсэн байсан. Нэг өдөр Д.Гэрэлмаатай таартал намайг “Чи бол манай чуулгад л байх ёстой дуучин. Хоолойн өнгө, өгөгдөл чинь таарч байна. Хоёрдугаарт чуулгад чиний дуулах бүх рефартур, материал чинь бэлэн байгаа” гэсэн юм. Учир нь чуулгад Л.Оросоо, Д.Банзрагч зэрэг мундаг дуучид дуулж байгаад үлдээсэн бүх уран бүтээл дараагийн дуулах дуучнаа хүлээгээд байж байсан. Ингээд би ёстой бэлэн уран бүтээлүүд дээр орж, тэр чуулгаас л мэргэжлийн дуучин болох замналаа эхлүүлсэн. Тэр үед чуулгад ажиллаж байсан уран бүтээлчид намайг яг л өөрийн хүүхэд, төрсөн дүүгээ хайрладаг шигээ хайрлаж, зааж сургасан.  Ингээд чуулгадаа гурван жил гаруй ажиллаад “Улаанбаатар” театрт орж байлаа. Үүнээс хойш “Улаанбаатар” театрын захирал Ц.Түвшинтөгс ахаасаа их зүйл сурсан. Миний хувьд ч дөнгөж хаалгаа нээгээд, хэн ч мэдэхгүй байсан чуулгыг нийтэд таниулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэж боддог. Уран бүтээлүүд маань ч нийслэл хоттой холбогддог байлаа. “Миний Улаанбаатар”, “Богд хан уул” гэсэн дуунуудаа дуулж, нийслэлийн бүхий л арга хэмжээнд оролцсон. Тиймээс “Улаанбаатар” театрын үе үеийн удирдлага уран бүтээлчид эхнээс нь одоо хүртэл хамт ажиллаж байгаа уран сайхны удирдаач найруулагч Урнаа эгчдээ баярлаж явдгаа хэлье. Ингээд энэ 19 жилийн хугацаанд энэ сайхан мэргэжлийн урлагийн байгууллагаасаа тодорхойлуулж, төрийн хоёр дээд шагналыг хүртсэн байна.

-Монголын хамгийн том статустай, мэргэжлийн урлагийн байгууллагаас дөнгөж үүдээ нээж буй чуулга руу орно гэдэг том зориг байх. Энэхүү шийдвэрийг гаргах гол шалтгаан тань юу байсан юм бэ?

-Би тэр үед хотод ирээд удаагүй байсан. Хоёр ажилгүй хүн Улаанбаатарт ирээд Яармагт хашаа байшинд амьдардаг байлаа. Өөрийн гэсэн гэр орон, амьдралаа төвхнүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс хөдөө орон нутаг руу явж их тоглоно. Театртаа өргөдөл бичээд чөлөө авах гэхээр тэр бүр өгөхгүй. Тэгэхээр нь сар гаруй ажлаа таслаад, хэл чимээгүй явчихсан юм. Мэдээж Хөдөлмөрийн хуулиараа бол болохгүй. Ажлаас халах арга хэмжээ авсан. Харин Ц.Түвшинтөгс ахын хувьд чуулгад байхаас л надад чуулгадаа ажиллах санал тавиад байсан юм. Ингээд ажлаас халагдсан тушаал гарсны дараагийн өдөр “Улаанбаатар” чуулгад ажилд орсон тушаалаа гаргуулж байсан. Тэр үед би хөдөө явж таарсан. Дөнгөж шөнө нь ирээд, өглөө нь “Ардын богино дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-д оролцохдоо “Улаанбаатар чуулгын дуучин С.Ганзориг” гэж зарлуулж байсан түүхтэй.    

-Таны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, таны өгсөн том хэмжээний ярилцлага ч байдаггүй юм байна. Гэхдээ ямар ч байсан таны аав Самъяаг нутаг усандаа алдартай сайхан дуулдаг, барилддаг хүн байсан гэж сонссон. Тэгэхээр таны энэ авьяас, өгөгдөл аавын тань талаас эхтэй юм болов уу гэж бодлоо?

-Аавын минь аав нь Булиа Даваа гэж хүн байжээ. Тэр хүн Засагт хан аймагтаа алдартай дуучин, бөх хүн байсан гэдэг.  Тухайн үеийн ноёд түшмэлүүд Даншиг наадамд дуулуулахын тулд урьдаг байжээ. Тэр л буурал аавын минь ген ааваар минь дамжиж, надад ирсэн юм болов уу. Ер нь манай аавын талын авга нар их сайхан дуулдаг. Ялангуяа уртын дууг. Биднийг жоохон байхад манай нутагт найр тасардаггүй байлаа. Хүүхэд байсан учраас унтаад сэрэхэд өглөө болчихсон, өнөөх уртын дуу тасралтгүй хадсаар л байдаг байсныг тод санаж байна. Тэр найран дээр аав минь “Эр бор харцага”-ыг их сайхан дуулдаг байсан сан. Намайг хажуудаа суулгаад “Миний хүү их буянтай шүү” гээд толгойг минь илбээд өхөөрддөг байсан төрх нь одоо ч нүдэнд тод харагдаж байна.

-Та анх ямар дуу сурч байснаа санадаг уу?

-Ер нь аав болоод ах нарынхаа дуулдаг байсан дууг дагаад аялна. Харин намайг гуравдугаар ангид ордог жил дуу хөгжмийн багш маань “Аав чинь сайхан дуулдаг юм чинь чи Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн ойгоор Хүрэн зандан ташуур гээд дууг дуулаарай” гэж үүрэг өгсөн. Энэ дууг ааваараа заалгаад, анх сургуулийнхаа тайзан дээр гарч дуулсан удаатай. Би их даруухан хүүхэд байсан. Багш л үүрэгдэж, даалгавар өгөхгүй бол өөрийн сайн дураар дуулна гэж байхгүй. Ээж минь одоо ч “Миний хүү сургуульд байхдаа нэг ч удаа чих халууцуулж байгаагүй” гэж ярьдаг юм. Түүнээс хойш сургуулийнхаа тайз болоод 1000 цэрэгтэй ангид алба хаасан ч миний дуулдгийг хэн ч мэдээгүй, өөр ямар ч газар дуулалгүй явсаар 2000 онтой золгосон хүн. Гэхдээ хүмүүсийн хажууд л дуулдаггүй болохоос малын бэлчээр дээр бол ганцаараа дуулна. Магадгүй би дуулах хүсэл сонирхолтой байсан бол нутгийнхаа найр наадам дээр очоод, сэтгэл хөдлөөд дуулж болох л байсан байх. Гэхдээ яагаад ч юм тэр хүсэл төрдөггүй байсан. Ингээд 2000 онд манай аймгийн 60 жилийн ой болсон юм. Түүгээр аймгийн театрын дуучдаас гадна сайн дурын уран сайханчид очиж дуулах боллоо. Тэр үед “Алтай” чуулгынхан манай Бигэрт ирж надтай уулзсан. “Аав чинь нутаг усныхаа бүхий л үйл ажиллагаанд оролцсон. Одоо чиний ээлж ирсэн” гэж хүчин шахалтаар дуулуулсан даа. Тайзнаас буухад хүмүүс ямар сайхан дуулдаг юм бэ гээд баяр хүргэж л байснаас би өөрийгөө сайхан дуулчихлаа, дуучин л болъё гэж бодсон удаа байхгүй.      

-Дуучин болох таны хүсэл мөрөөдөл биш байж. Та ер нь тухайн үед ирээдүйгээ хэрхэн харж, төсөөлдөг байсан юм бэ?

-Би буурал аав, ээж дээрээ өссөн. Тэр хоёр минь малчин. Тэдний хотон дахь хамгийн хөөрхөн, содон сонин мал бүхэн миний нэр дээр. Би тэр хэдтэйгээ л цэцэрлэгийн хүүхдүүд хоорондоо тоглож байгаа мэт тоглож өссөн хүн. Тиймээс багаасаа л малын эмч болно гэж боддог байсан. Ингээд аравдугаар ангиа төгсөөд шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Ингээд үеийн хүүхдүүд ч хот руу сургуульд явчихлаа. Би нутагтаа үлдсэн. Сургуульд орж чадаагүй юм чинь цэрэгт явъя гэсэн бодолтой. Гэтэл нас болоогүй гээд авдаггүй. Тэгэхээр нь нэг жил зарлангаа хүлээх зуураа нэгдлээсээ ямаа авсан. Хавар хээл хаясан 500 ямаа цуглуулаад, хавар нь ноосыг нь самнаж тушаагаад, ногоонд цадангуут нь ухна тавьж, намар төллүүлсэн удаатай. Ингээд аравдугаар сард цэрэгт татагдахдаа сумын төв дээр ямаагаа тууж авчирч, төлтэй нь хамт нэгдэлд тушаачихаад, маргааш нь цэрэгт татагдаж байсан юм.

-Таны цэргээс халагдсан үеийг хөөвөл ардчиллын салхи сэвэлзсэн 1990 он байх юм. Нийгмийн тэрхүү өөрчлөлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Яг 1990 он таарсан л даа. Сургууль соёл, ажил ч байхгүй. Сурснаараа баян алтай дэлхийдээ гарч, тарвага, туулай агнахаас эхлээд хийж болох бүхий л ажлыг хийсэн. Аав минь надад есдүгээр ангид байхад мотоцикль авч өгсөн юм. Түүгээрээ сумын төв орж, арилжаа наймаа хийнэ. Ингээд 1992 онд гэр бүлтэй ч боллоо. Гэрийнхээ бүхий л мод, хаалга, ханыг би өөрөө хийсэн, давгүй сайн мужаан явлаа.  Тэр жилийнхээ сумын наадамд өөрийн оёсон зодог шуудгаа өмсөж ороод сумын начин цол хүртсэн гээд 1990-ээд он бол миний амьдралд их өөрчлөлтийг авчирсан үе санагддаг.

 

БАРУУН ЗҮГИЙН НУТГААС ИХЭВЧЛЭН НАРИЙН БУЮУ ТЕНОР ХООЛОЙТОЙ ДУУЧИД ТӨРДӨГ

-Та түрүүн хэлсэн. Хүнээс хол, хээр гадаа дуулдаг байсан гэж. Алтайн сүрлэг уулс, зах нь харагдахгүй үүлсийн дор, морин дэл дээр дуулж явахад танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ?

-Их сайхан мэдрэмж төрж, сэтгэл тайтгардаг байсан. Ялангуяа баруун зүгийн Ховд, Алтай, Завхан зэрэг нутгаас ихэвчлэн нарийн буюу тенор хоолойтой дуучид төрсөн байдаг. Тэгэхээр нутаг усны газрын онцлог байна уу даа гэж би боддог юм. Тэр өндөр сүрлэг уулсын цуурай их гайхалтай. Ууланд хоёр хүн зүгээр л юм ярьж байхад цуурайтаж сонсогдох жишээтэй. Орилоод ч юм уу, дуулахад хачин гоё мэдрэмж төрж, салхи нь хүртэл хөөмий, хархираа шиг сонсогддог. Тиймээс би Алтайн сүрлэг уулсынхаа дунд ганцаараа дуулаад давхиж явсан залуу насандаа их хайртай.

-Гайхалтай юм. Таны ярьж буй энэ дурсамжаас тэр чигтээ монгол “үнэртэх” шиг боллоо?

-Миний монгол чинь тэр чигээрээ гайхамшиг шүү дээ. Бүгдээрээ дуучин ард түмэн. Би 2000 оны намар сумынхаа 20 гаруй залуучуудтай нийлээд Налайх руу сарлаг тууж байсан юм. Бараг гурван сар болсон байх. 20 залуу дөрөв хуваагдаад 500 сарлаг туух үүрэгтэй. Энэ үед өдөржингөө сарлагаа туугаад шөнө нь ээлжилж манана. Би манаатай таарах үедээ шөнийн уртыг дуулж л бардаг байсан. Хүмүүсийг унтахаар морио мордож аваад, үхрийнхээ цаана очоод дуулаад суучихна. Одоо эргээд бодоход миний хамгийн их дуулж байсан үе тэр гурван сар юм шиг санагддаг.

-Уран бүтээлч, дуучин болохоос өмнөх тэр 10 жилийн амьдрал таны хувь хүн, төлөвшилд хэрхэн нөлөөлсөн гэж та боддог вэ. Тэр он жилүүдээс олж авсан үнэт зүйл нь юу байв?

-1990-ээд оныг хүмүүс их азгүй үе гэж ярих нь бий. Хаа сайгүй л сургууль соёл, ажилгүй хүмүүсээр дүүрч, Монголын нийгэм тэр чигээрээ л уналтад орсон байлаа. Эргээд тэр он жилүүдийг бодоход миний хувьд өөрийгөө сорих, хөдөлмөр гэдгийн амт шимтийг мэдэрсэн, зөв явсан хүн сайн сайхан амьдарч болдгийг энэ биеэрээ мэдэрсэн, их зүйл сургасан үе байсан гэж бодож байна. Ялангуяа би даруулгатай байж, зөв хүмүүжлийг олж авсан юм болов уу. Их удаан хугацааны дараа дуучин болохоор шийдсэн минь ч миний даруу, төлөв зантай холбоотой болов уу гэж боддог. Гэхдээ би урлагт орж ирснээрээ өөрийгөө хожсон гэж ердөө боддоггүй.

-Яагаад. Та дуучин болсон доо харамсдаг юм уу?

-Миний урлагийн сургуульд орсон түүх их сонин. Хүмүүс намайг дуучин бол гэж хэлдэг байсан болов ч өөрөө хүсэлгүй байсан болохоор ерөөсөө тоодоггүй байлаа. Ингээд 10 жил хот хөдөө хоёрын хооронд фургон машинаараа хүн зөөсөн. Яг л тэр өдөр тутмынхаа ажлыг хийгээд Нарантуул зах дээр ачаагаа баглаад зогсож байтал өнөө манай Бигэр суманд очиж намайг шалгаж байсан чуулгын уран бүтээлч Иванов гээд морин хуурчтай тааралдсан. Гэтэл надад “Чи дуучин болох авьяастай хүүхэд. Өнөө маргаашгүй СУИС-ийн эчнээ ангийн шалгалт болно. Чи шалгуул. Чамайг заавал ор гэхгүй. Зүгээр л шалгуулаад үз” гэсэн юм. Тэгэхээр нь би нэгэнт хүмүүсээ суулгаад хөдлөх дөхчихсөн байсан учир зорчигчдоо буулгачихаад эргэж ирээд шалгалт өгье гэж хэлсэн. Магадгүй би эргэж ирэхгүй тэр чигээрээ нутагтаа үлдчихэж болох байсан ч миний нөгөө хүнд худал хэлж чаддаггүй зан минь намайг Улаанбаатар руу хөтөлсөн. Ингээд хотод иртэл яг нэг хоногийн дараа шалгалт болно гэнэ. Ямар ч бэлтгэлгүй тул кабиндаа сонсдог хэдэн дуугаа л дуулсан. Өнөөх нь нөгөө л “Үлэмжийн чанар”, “Алтан шар зам”, “Найрсаг байгаасай” шүү дээ. Гэтэл дүн гарсан чинь 60 гаруй хүүхдээс хоёрдугаарт жагсчихсан байсан.

-Шалгалтын комисс нь ямар хүмүүс байсан бол. Тэд танаас юу гэж асууж байсан бол?

-Миний зөвхөн зурагтаар харж өссөн Б.Ичинхорлоо, Ц.Ерөө, манай М.Найдалмаа багш гээд дандаа мундгууд байсан. М.Найдалмаа багш намайг шавиа болгож авах даа “Чи яг эргэж ирээд сурах уу, Аав ээж чинь юу хийдэг вэ,  Дуучин болох хүсэл бий юу” гэж асууж байсныг мартдаггүй. Тухайн үед би яг ч ирнэ гэж хэлээгүй.  Ингээд нутагтаа очтол сумаар дүүрэн шуугиан. Тэр үеийн СУИС чинь хүссэн бүхэн нь ордоггүй, өндөр босготой байлаа шүү дээ. Гэтэл “Нөгөө Ганзориг чинь хотод очоод, СУИС-д тэнцчихэж. Ирээдүйд мундаг дуучин болно гэнэ” гээд л. Тааралдсан хүн бүхэн баяр хүргээд сүйд. Яг үнэндээ би тэдгээр  хүмүүсийн тэр их итгэл сэтгэлийг алдаж болохгүй юм байна гэж бодоод дараа жил нь гэрээ нүүлгээд Улаанбаатарт ирсэн юм. Эхэндээ шөнө ерөөсөө нойр хүрдэггүй байсан. Учир нь би тухайн үед 31 настай байсан. Үеийнхнээсээ маш их хоцорсон. Энэ насандаа оюутан болоод явж байгаа над шиг тэнэг хүн байгаа болов уу гэж өөрөөсөө асуудаг байлаа. Гэхдээ эцэст нь аав, ээж цаашлаад нутаг усныхаа нэрийг муугаар хэлүүлж болохгүй. Тиймээс би нэгэнт л ирсэн юм чинь ядахдаа ганц дуутай ч болтугай болоод төгсөе гэж шийдсэн юм. Юун ийм сайхан төрийн дээд шагналаар шагнуулж, олон сайхан дуу дуулах. Цайны ганц л дуутай болоод нутгийнхандаа сонсгоод санааг нь амраачихвал боллоо гэж бодож явсан даа. Гэтэл яг сургуульдаа ороход, төгсөөд чуулгадаа ажиллахад тэнд байсан уран бүтээлчид намайг сайхнаар хүлээж авч, зааж чиглүүлж, сургах бүрд нь энэ сайхан урлагт татагдаж эхэлсэн. Ингээд нэг мэдэхэд өөрийн дуунуудтай болж, бүр шилдэг дууны түүвэр касситанд дуу минь ороод эхэлсэн нь надад их урам хайрласан. 

 -Та бол нэгэн цаг үеийн нийтийн дууны тод өнгө. Залуу насны ааг омгоор өөртөө омогших, онгирох үе байсан л байх даа?

-Нэг хэсэг өөрийгөө сайхан дуулж байна гээд бодож явсан бол үе байгаа. Ялангуяа ард түмэн “Ган хоолойт” гэж өргөмжлөх үед. Тайзан дээр гараад ямар ч дууг дуулаад л байх юм байна гэсэн бардамнал төрж, онгирч явсан цаг хугацаа байдаг. Харин одоо эргээд бодоход тэр сайхан нутгийнхан минь намайг дуучин бол гэж шахаагүй бол, СУИС-д эрдэмтэн олон багш нар үнэт сургаалаа хайрлаагүй бол, Үндэсний урлагийн их театр намайг тийм сайхнаар өлгийдөж аваагүй бол, “Улаанбаатар” театр минь төдийгөөс өнөөдрийг хүртэл дэмжиж, туслаагүй бол  тэр сайхан үг, аялгууг зохиож өгсөн зохиолчид, миний дууг сонсдог, урам өгдөг ард түмэн та бүхэн минь байгаагүй бол би хэн байх байсан юм бэ гэж их боддог. Ялангуяа олон түмний хайр хүндлэлийг дааж явна гэдэг асар том хариуцлага юм даа.  

-Та ард түмний тэр хайр, хүндлэлийг хэр дааж явна гэж өөрийгөө дүгнэдэг вэ?

-Сонсогчдын тэр хайр хүндлэлийн хариуг сайхан уран бүтээлээр эргүүлж төлөх юм сан гэж бодож явдаг. Мөн ямагт зөв хүн байх нь миний эрхэм зорилго. Би тайзан дээрээ л дуучин болохоос бусад үед энгийн оршихыг хүсдэг юм. Энгийн амьдрал дээр биеэ тоож, их заан гаргахыг хүсдэггүй. Ялангуяа гадуур явж байхдаа дуучин гэдгээ аль болох нуухыг  хичээдэг. Нэг удаа Нарантуул захаар явж байтал гадаа миний дуу яваад эхэлдэг юм. Санаа зовсон гэж жигтэйхэн. Хурдхан л гарахын түүс болсон шүү. Би энэ зангаа л засаж чадаагүй. Магадгүй үүнээсээ болж, олон сайхан боломжийг алдсан ч байж магадгүй. Гэхдээ энэ хэрээр даруу амьдарч, уран бүтээл хийхдээ ч өндөр босго тавихыг хүсдэг.

 

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХНЫ ДУУНУУДАА ГҮЙЦЭЭНЭ

 

-Таныг түмэнд таниулж, олон жил Алтайчуудын сүлд дуу мэт эгшиглэсэн бүтээл бол “Бурхан буудай”. Гэтэл энэ дууны эзэн Бурхан буудай уул энэ жил төрийн тахилгат хайрхан боллоо. Бас л сүсэглэмээр сайхан санагдаж байлаа?

-“Бурхан буудай” уул бол яг манай  Бигэрт байдаг хайрхан. Харин энэ дуу бол миний анхны уран бүтээлийн нэг. Олон ч жил дуулж явна. Ер нь миний уран бүтээлийн сэдэв нь ихэвчлэн уул ус, хайрхан, байгаль дэлхий, эцэг эх, амьдрал тэмцлийн  тухай байдаг. Ер нь төрийн тахилгат 13 уул байгаагаас миний дуулаагүй хайрхан нь 3-4 л байгаа байх. Бодоод үзэхэд “Суварга хайрхан”, “Бурхан халдун”, “Алтай таван богд”-ын тухай л дуу байхгүй юм байна. Харин ганцхан хайр сэтгэлийн сэдэвтэй дуу дуулсан нь “Ардын дуу шиг амраг” юм даа.

-Гайхалтай юм. Тань шиг бүхий л төрийн тахилгатай уулын тухай дууг дуулсан уран бүтээлч Монголд байхгүй байх?

-Нэг мэдсэн л “Хан хөхий”, “Говь гурван сайхан”, “Богд хан уул”, “Сутай хайрхан” гээд дуулчихсан байсан. Яг 10 тахилгат уул болоход надад үүнийгээ цааш үргэлжлүүлж, гүйцээх санаа төрсөн. Гэхдээ “Бурхан халдун” уулын тухай зүгээр зохиолын дуу хиймээргүй байна. Энэ уул тэртээ Чингисийн үеэс бөөгийн шашны тахилга, тайлгатай байсан. Тэгэхээр энэ дууны хөгжмийн хэмнэл, храктир, үг тэр чигээрээ Монголын бөөгийн зан заншилтай холбоотой байх учиртай. Би яг ийм дууг хайсаар их олон жил болж байна. Иймэрхүү шалтгаанаас болоод гүйцээж амжихгүй явна.

-Сүрлэг хайрхан, уул усны дуу дуулахад ямар байдаг вэ. Мэдээж хийморь сэргэх шиг мэдрэмж төрдөг байх даа?

-Намайг ганц хөглөж, омогшуулдаг зүйл нь л тэр юм. Жишээлбэл, би Сүхбаатар аймагт очоод хамгийн наад талын Мөнххаан сум руу ороход л миний дуулсан Баянцагаан хайрхан байж байх жишээтэй. Хойшоо явахаар Баян хан уул гээд бий. Дорнод аймагт явж байхад “Булган уул” гээд миний дуулсан хайрхан байна. Яг хажуугаар нь өнгөрөхдөө би өөрийнхөө дуулсан дуунуудыг тавиад цангинатал дагаад дуулж явахдаа л үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авдаг.

-Магадгүй өнөөдрийн таны  олон түмний хайр хүндлэлийг хүртэж, цагаан мөртэй яваа нь тэдгээр уул ус, хайрхад түшсэн буян заяа ч юм бил үү?

-Би яг таны хэлдэг шиг сүсэглэж явдаг. Алтайн хөх уулсынхаа дунд морио унаад, цангинатал дуулж явах л сайхан. Уран бүтээлч бидний хувьд энэ сайхан эх орныхоо бахархал бүхнийг дуундаа мөнхлөх үүрэгтэй. Миний хувьд залуу уран бүтээлчдэдээ хандаж, “Дуу гэдэг хүний амнаас гарч авиа чинь өдөр бүр хэлж байгаа маанийн ерөөлтэй яг адилхан” гэж хэлэх дуртай. Тиймээс дууны үг, утга логикийг сайн судалж, ойлгож байгаарай гэж захидаг. Дуу бол зөвхөн өөртөө ерөөгөөд байгаа юм биш. Жишээлбэл, би “Алтан шар зам” дуугаа бүх арга хэмжээн дээр дуулах дуртай. Энэ нь тэр танхимд байгаа бүх хүнийг “Ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байг” гээд ерөөгөөд байгаатай агаар нэг. Монголчууд чинь бэлгэдлээр ундаалж амьдардаг ард түмэн. Тиймээс байгаль дэлхийтэйгээ харилцаж, хайрлаж, хамгаалж байх нь чухал. Энэ л биднийг оршин тогтнуулах дархлаа, үндэсний ондоошил юм.

-Та түрүүн ганцхан хайрын дуу дуулсан нь “Ардын дуу шиг амраг  гэж. Энэ дууг сонсохоор галт тэргэн дотор таны сууж байдаг клип л санаанд ороолд байна. Энэ дууны бүтсэн түүхээс та хуваалцаач?

-“Ардын дуу шиг амраг” дуу бүтсэн түүх нь бас их сонин. Хүний амьдрал гэдэг тааварлашгүй юм. Би амьдралдаа алдаж явсан хүн. Анхны ханиасаа өрх тусгаарласан. Бид дундаасаа нэг охинтой л доо. Одоо 27 нас хүрсэн том бүсгүй бий. Харин дараагийн гэргий минь надад нэг хүү, гурван ихэр дүүг нь төрүүлж өгсөн. Яг хоёр дахь ханьтайгаа учраад удаагүй байхад энэ дууны аяыг зохиосон Янгиг гээд хүн надтай холбогдсон юм. Уг нь Дундговь гаралтай ч Төв аймагт суурьшсан  юм билээ. Тэр хүн “Надад яг л чамд зориулсан нэг дуу бий. Чамаар л  дуулуулмаар байна” гээд хүрээд ирсэн. Шүлгийг нь аваад унштал “Дэвэрсэн сүү шиг явахад минь эр жолоог минь татсан, Зэвэрсэн зүү шиг гундахад минь бор заяаг минь түшсэн” гэдэг мөртүүд шууд миний зүрхэнд орсон. Амьдралдаа алдаж, онож явсан миний хувьд энэ мөртүүдийг уншаад л заавал дуулах ёстой дуу юм байна гэж бодоод цааш нь уншилгүй шууд дуулъя гэж хэлсэн. Яг тэр өдрөө хөгжмийн зохиолчоор нь өрөөндөө аяыг нь тоглуулж байгаад сурч байлаа

-Дуу эзнээ олно гэдэг л болж дээ?

-Нэг л мэдэхэд хүмүүсийн сонсох дуртай дуу болсонд нь талархаж явдаг. Миний ихэнх дуунууд хээр очиж, дээл өмсөж байгаад гараа өргөөд дуулчихсан байдаг шүү дээ. Тиймээс “Ардын дуу шиг амраг”-ийн клипнийх нь зураг авалтыг ч арай өөрөөр хийе гэж бодоод галт тэргэнд авсан. Уг нь надад ханийн тухай ганц нэг дуу байдаг л юм. Гэхдээ “Ардын дуу шиг амраг” дуу шиг түмэнд хүрч чадаагүй юм. 

-Гурван ихэр хүүхэд гэдэг хүний амьдралд тохиох ховорхон аз юм даа. Гурван ихэр тань танд хэмжээлшгүй их хайр бэлэглэсэн байх даа?

-Манай гурван ихрийн нэг нь хүү. Том хүүгээс нэлээд насны зөрүүтэй. Анх айлын ганц хүү байх их хэцүү гэж бодоод дүүтэй болгоно доо л гэж бодсноос гурваараа ирнэ гэж зүүдлээ ч үгүй. Яг цар тахлын үеэр төрж таарсан. Нэг л мэдсэн би 55 нас хүрсэн байна. Харин гурван ихэр минь гурван нас таван настай. Яг үнэнийг хэлэхэд би энэ гурван жилд уран бүтээлдээ төвлөрч чадалгүй бүхий л цаг хугацаагаа үр хүүхдүүддээ зориулсан. Энэ жилээс л арай гараас гараад бид хоёр ямар ч байсан бүтэн нойртой унтдаг болсон. Тиймээс энэ намартаа багтаад уран бүтээлээ хийж, төрийн их хишиг, ард түмнийхээ энэ сайхан итгэлийг  уран бүтээлийн тоглолтоороо мялаая гэсэн бодол байна.

-Нийтийн дуу нэг хэсэг хүчтэй байлаа. Цаг үе болгон өөр өөрийн онцлогтой дуучдыг “төрүүлсээр” ирсэн. Харин яг таны амьдарч байгаа энэ он жилүүдэд зохиолын дууны оргил үе гэвэл та ямар цаг хугацааг хэлэх вэ?

-Алтан үе гэвэл 1950-аад оныг хэлнэ. Энэ үед жинхэнэ төрмөл хоолойтой, авьяаслаг дуучид уран бүтээлээ туурвиж байлаа. Харин дараагийн үе гэвэл 2000-аад он юм уу даа. С.Жавхлан, Т.Баясгалан гээд нэрлэж болно. Энэ цаг үед их олон дуучин гарч ирлээ. Мөн дууны уралдаан тэмцээн ч их болж. Гэхдээ үүнийг би буруу гэж боддог. Аливаа зүйл яг хэмжээ, тунгаа л барих ёстой. Хэт ихэдвэл амтгүй, чанаргүй болно. Зөвхөн дуучин ч бус яруу найраг, хөгжмийн зохиолч нарт ч тодорхой хэмжээний цензур тавих ёстой гэж боддог.

-Ялангуяа дууны уранд бүтээлд  шүлэг их чухал санагддаг. Гэтэл дууны үнэ цэн, үгийн агуулгыг бид хэрхэн анхаарах ёстой юм бол?

-Өнөөдөр тухайн дуучны дуулж байгаа дуу сонсогчдод уярал, ухаарал өгч байна уу гэдэг их чухал. Тиймээс л манай уран бүтээлчид дуугаа сонгохдоо гоё сайхан гэснийг биш, агуулгыг нь харж сонгох ёстой юм. Тэр дуугаар тухайн дуучны цаашдын ирээдүй хэмжигдэнэ. Мөн тэр дуугаар хүнд, нийгэмд юм хэлж чаддаг байх ёстой шүү дээ. Сэтгэлийн асар их зовлонтой учраад сэтгэлээ онгойтол уйлж чадахгүй байгаа хүн тэр дууг сонсоод сэтгэл нь уярч, нулимс нь гадагшилдаг байвал сайхан биз дээ. Энэ бол нийгмийн хэрэгцээ юм шүү дээ.

-Сүүлийн асуулт. Магадгүй 2000 онд Нарантуул зах дээр та тэр хүнтэй таарч, СУИС-д элсэхээр очоогүй бол С.Ганзориг гэдэг хүн одоо хаана, хэрхэн амьдарч байх байсан бол?

-Тэр тун тодорхой. Би угаасаа л нутаг амьтай. Хэзээ ч холдож, гаръя гэж болож байгаагүй. Аа, ээж минь төрсөн нутагтаа л насаа элээсэн улс. Тиймээс би магадгүй малын эмч болох мөрөөдөлдөө хүрээд сумандаа л амьдарч байх байсан. Би одоо ч зав л гарах юм бол мал руугаа явдаг. Хөдөө очоод, хиртэй дээлээ өмсөөд, хэдэн малынхаа араас явж байх чинь дэндүү их жаргал юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7396)