Э.МАРАЛ

 

Зуны дэлгэр цаг ирж анги хамт олны инээд хөөр, баяр цэнгэлийн дуу хуур жанжин Сүхбаатарын талбайд хадна. Толгойд нь мөнгөн хяруу гялтганаж, нүүр нь үл ялиг үрчлээтсэн ч борооны дусал ороогдон урсана. Ингэж харагдах хэдий ч өндөр өсгийт дээр нуруу тэгш алхах “охид”, мөр цэх, хөлөө шулуун тавьж алхах “хөвгүүд” 20 настай залуус мэт донжтой харагдана.

Тэртээх 1986 онд  анх уулзсан тэд 30 гаруй жилийн дараа ч манай ангийн тэр охин, тэр хөвгүүн хэмээн ярих нь түүх, дурсамж хэзээ ч устдаггүйг илтгэнэ. Тэд Төв аймгийн Бүрэн сумын найман жилийн сургуулийг 1994 онд төгсжээ. Өнгө өнгийн дээлээр гоёж Сүхбаатар талбайгаа чимэн зогсох төгсөгчдийн баярт мөчийг нь манай сурвалжлах баг хуваалцлаа.

 

"ШИЛДЭГ АНГИ"-ИЙН БАГШ

Зүүн гар талаас ангийн "охин" Т.Даариймаа, ангийн багш Б.Цэцэгмаа, Х.Лхагвсүрэн, ангийн "охин" Б.Батцэцэг.

Бага ангийн багш Х.Лхагвасүрэн Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит найман жилийн сургуульд 42 жил бага ангийн багш хийсэн бөгөөд нийт 13 нэгдүгээр ангийг дааж авч төгсгөжээ. Хажуугаар нь албан бусын багш, иргэний боловсролын багш хийдэг байснаа бидэнд хуучилсан юм. Тэрээр “Өнөөдөр шавь нартайгаа уулзсандаа их баяртай байна. Ангийн шавь нарынхаа амжилттай явааг хараад бахархаж сууна. Манай анги урлаг спорт, сурлага сахилга батаараа сургуульдаа тэргүүлж байсан. Анги болгонд нэг сурлагадаа сайн, урлагтаа сайн, спортдоо сайн сурагч байдаг ч манай анги нийтээрээ нэг түвшний авьяаслаг, чадварлаг хүүхдүүдтэй байсан юм шүү дээ. Тийм ч болохоор “Шилдэг анги” болж байлаа. Энэ сайхан өдөр нэгэнтэйгээ уулзах гэж сэтгэл догдлон ирсэн бүх шавь нартаа баярлалаа. Эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

 

“ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ ЯВНА”

Өндөр, сүртэй харагддаг байсан багш маань жижигхээн болчихож гэж хожигнох хүүхдүүдийнхээ дунд шляд малгайтай донжтой атлаа ихэмсэг харагдах хүн бол дунд ангийн багш Б.Цэцэгмаа. 30 жилийн өмнө төгсгөсөн шавь нартайгаа уулзахаар сэтгэл догдлон ирсэн ажээ. Тэрээр 1974 онд Багшийн их сургуулийн хими, биологийн ангийг  төгссөн байна. Төв аймгийн Бүрэн суманд ажиллах хугацаандаа дөрвөн анги төгсгөсний гурав дахь төгсөлт нь энэ өдөр уулзаж буй ангийнхан. “34 жил багшилж гавьяаныхаа амралтдаа гарсан. Нар, хур тэгширсэн өдөр 30 жилийн өмнө төгсгөсөн шавь нартайгаа уулзах сайхан байна. Манай ангид салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг. Тэр дунд аймгийн, улсын, сумын гээд маш олон аваргууд байна. Би ангийнхаа хүүхдүүдийг буруу зүйл хийсэн тохиолдолд их зэмлэдэг багш байсан. Гэсэн ч олон жилийн дараа “таны хэлж байсан тэр үг их үнэн байжээ, баярладаг шүү багш аа” гэж хэлэх шавь нарыгаа хараад сэтгэл хөдөлдөг. Шавь нар минь бүгдээрээ боловсролтой, сайхан амьдралтай, зорилготой явааг хараад маш их баярлаж байна. Шавь нартаа тэдгээрийн үр хүүхдүүдэд аз жаргал эрүүл энхийг хүсэн ажил төрөл нь өлзийтэй, бүтэмжтэй яваасай гэж ерөөе” гэлээ.

 

АНГИЙН ДАРГА “ЖИЖГЭЭ”

Уулзалтыг зохион байгуулсан багийнхандаа баярлалаа.

8а бүлгийн ангийн дарга Ц.Бямбажав. Харин түүнийг ангийнхан нь “Жижгээ” гэж авгайлдаг юм билээ. МУИС-ийг багш мэргэжлээр төгссөн тэрээр Х.Лхагвасүрэн багшаараа их бахархаж үлгэр дуурайлал авдаг байснаа ярьж байв. 20 гаруй жил багш гэх эрхэм алдарын эзэн байж түмний хүүхдийг эрдэм номд шамдах замыг нь засаж, зааж явна. “Багш гэдэг хүн бол өөрийн хүүхдээс илүү хүний хүүхдийн зөв замыг нь зааж өгдөг хүндтэй мэргэжил. Тиймдээ ч багш гэх мэргэжлийг сонгох замналын эхлэл минь болсон гэж болно. Учраа мэдэхгүй байхаасаа эхлээд л ангийн дарга гэх хариуцлагатай ажлыг багшаасаа хариуцаж авсан. Ангийн дарга хийнэ гэдэг чинь чухам хэцүү ажил юм билээ” гэж зогссон тэрээр “Тэр хэн бэ, наашаа яваа. За хэдүүлээ борооны сиймхийгээр бөөндөө нэг зургаа даруулчихья” гэж ангийнхнаа уриална. Аргагүй л ангийн дарга ажээ. “Манай анги нэг нэгнийхээ жаргалтай, гунигтай бүхий л цагт хамт байдаг” хэмээн ангийн дарга Ц.Бямбажав онцлон хэлж байлаа. Анх сургуульд орж байсан тэр өдөр өчигдөр мэт тод санагдаж байгаа тухай ангийн хүүхдүүд ам амандаа шаагилдана. Тэртээ 1986 онд 1а,б гэсэн хоёр бүлэгтэй 80 гаруй хүүхэдтэй нэг үеийнхэн эрдэм сурахаар цугларчээ. “Номтой цүнхээ үүрлээ дээ, Номхон даагаа уналаа даа” гэдэг дуу эрхгүй аманд аялагдана. Магадгүй тэд ээж, ааваараа хөтлүүлээд морь унаад сумын төвийг зорьж байсан болов уу гэх бодол зурсхийнэ. Хөдөө гэрээсээ сургуулийн дотуур байранд амьдарч эхэлсэн хүүхдүүд байхад, сумын төв дээр илүү гэр барьж ах эгчтэйгээ хамт амьдарч хичээл номын мөр хөөсөн хүүхэд ч тэдэнд дунд бий гэнэ.

“Өнөөдөр эргээд харахад манай ангийнхан улс орны өнцөг булан бүрд маш амжилттай явж байна. Тодруулбал, боловсролын тэргүүний ажилтан, мянгат малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчин, бизнесмен зэрэг олон найзууд маань амжилттай ажил мэргэжлээ эрхэлж байна. Ангийн даргын хувьд ангийн хамт олноороо бахархаж явдаг. Өнөөдөр санасан сэтгэлээ тээн, догдлол дүүрэн ирсэн ангийнхандаа баярлалаа. Та бүгддээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баярын мэнд хүргэе” хэмээн төгсөлтийнхөндөө болон ангийнхандаа амжитийг хүссэн юм.

 

НАЙМАН ХОС “ТӨРҮҮЛСЭН” НАЙМДУГААР АНГИЙНХАН

Ангиас төрсөн хосууд.

Төв аймгийн Бүрэн сумын малчин Б.Нармандах “Зах зээлийн нийгэмд шилжиж картын бараанд дугаарлаж хүнсээ бэлтгэдэг байсан байсан үед бид бага сургуульд сурдаг байлаа. Амьдрал амар байгаагүй учраас хүүхдүүдээ сургуулиас гаргах явдал элбэг тохиолдоно. Өдөрт 1-2 хоёр хүүхэд сургуулиас гардаг байлаа. Энэ байдал улам л нэмэгдэж гурван бүлэг байсан миний үеийнхэн хоёр бүлэг болж төгссөн юм шүү дээ. Биднийг төгсөх жил бүр хоёр бүлгийг нэгтгээд нэг анги болгосон. Тэр үед хоол унд, бичиг хэргийн хэрэгсэл хомс байлаа. Гэсэн хэдий ч манай анги энэ хүнд үеийг аз жаргалтайгаар даван туулсан. Ялангуяа хоол унд байхгүй үед нэгнийхээ гэрт очиж боорцогоо хувааж иддэг байлаа” хэмээн дурсамжаа хуваалцсан юм.

Тэднийг долоодугаар ангид байхад хотоос нэг охин шилжиж ирсэн гэдэг. Ангийн охид нь даруухан байтал шилжиж ирсэн охин “гал” байсан тухай ангийнхан ярьж байв. Тэр охиныг Д.Оюунчимэг гэдэг. Тэрээр “Намайг танихгүй байх даа. Би ганц л жил суугаад шилжчихсэн юм” гэж ярих. Харин түүнийг ангийнхан андахгүй гэнэ. Ангийн хөвгүүдтэйгээ гар барилдаж дийлсэн тэрээр “Ангийн цэвэрлэгээ хийдэггүй хөвгүүдийг дийлсэн учраас ангийн шалыг цэмбийтэл нь угаалгаж билээ. Хаалгаа тэгнээд зогсчихсон. Угаачихаад гарна шүү гээд хэрэндээ л их додигор зогссон байх даа” гээд ангийн охидтойгоо бага насны дурсамжаа хуваалцан инээлдэнэ. Энэ төгсөлтөөс найман хос төрсөн аж. Биднийг тэдэнтэй уулзах үед хоёр хос нь ирсэн байв. . Ангийн дарга “Жижгээ” Сандагаатай, харин ангийн ганц бөх Нармандах Багаа багшийн охин Батцэцэгтэй ханилжээ.

“Одоо эргээд бодоход хувааж идсэн боорцог хүртэл амттай санагдаж байна. Тухайн цаг үе хэцүү санагддаг байсан ч бид ямар жаргалтай байсан юм бэ” гэсээр тэд хоцроод ирж яваа нөхдөө “баалсаар” уулзалдана. Охидоороо нэг авхуулья. За одоо хөвгүүд гэж шуугилдах тэднийг наймдугаар ангийн хүүхдүүд юм байна л гэж харахаар. Тэд аль хэдийнэ дунд ангийн сурагчид болсон аятай. “Энэ хэн билээ” гэж нэгнээ таньж ядан харж зогсох агшинд хэн нэгэн “Тэр л байна ш дээ” гэхтэй зэрэгцэн “Өө тийм байна ш дээ” гээд тэврэлдэн уулзалдах 16 настай охид, хөвгүүдтэй хэсэгхэн зуур хөөрөлдлөө. Тэдний амьдралын зам дардан, ажил үйлс нь өөдрөг байг ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)