Б.АЛТАНГЭРЭЛ

 

Нэхэмжлэгч Н нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад  холбогдуулан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын  ...тоот тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан “Мал амьтны эрүүл мэндийн албаны өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...намайг мал амьтны эрүүл мэндийн албанд өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахгүй гэж шахсаар байгаад надаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн. Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар гаргаагүй. Намайг ятгаж, яаж бичихийг нь хэлж өгч бичүүлсэн. Үүнээс гадна энэхүү өргөдлөө буцаагаад авчихсан байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй байна” гэж тайлбарлаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч Н нь байгууллагынхаа даргадаа гаргасан өргөдөлдөө "...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байжээ. Уг хүсэлтийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн ...газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Хариуцагч Мал эмнэлгийн газрын даргын баталсан “Мал эмнэлгийн газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.8-д “Газрын даргын удирдлагад орон тооны бус, тусгай үүрэг, эрх бүхий зөвлөл, хороо, албан тушаалтан ажиллана. Үүнд, даргын дэргэдэх зөвлөл, хөдөлмөр зохион байгуулалт, төрийн албан хаагчийг ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зохицуулсан дээрх хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаас харахад тус байгууллагад даргын дэргэдэх зөвлөл ажиллах аж. Тус зөвлөл нь байгууллагынхаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх эрх хэмжээтэй болох нь тогтоогджээ. Тиймээс нэхэмжлэгч Н-ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, Мал эмнэлгийн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн шийдвэрлэжээ.

 

Гурван сараас дээш хугацаагаар сургалтад суух бол түр чөлөөлөгдөг, өөрөө хүсэлт гаргасан бол бүр мөсөн чөлөөлөгдөнө

 

Дээрх тохиолдолд холбогдох хуульд хэрхэн тусгасан байдаг талаар Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригоос тодрууллаа. Тэрээр “Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй. Бусдын шахалт дарамтаар өргөдөл бичиж, гарын үсэг зурсан гэх асуудал нь эрүүгийн журмаар шалгах асуудал болохоос захиргааны тухайд гарын үсэг зурсан үйлдэл, өргөдөл бичсэн тохиолдолд иргэн хүн өөрөө хариуцна. Ажлаас түр чөлөөлөгдөх, бүр мөсөн чөлөөлөгдөх ойлголтууд нь ялгаатай бөгөөд өөр өөр тохиолдолд үүсдэг. Гурван сараас дээш хугацаагаар сургалтад суух бол түр чөлөөлөгдөг, харин өөрөө хүсэлт гаргасан бол бүр мөсөн чөлөөлөгдөнө.

Төрийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)