Б.АЛТАНГЭРЭЛ
Монгол Улсын ойн сан нийт газар нутгийн ес орчим хувийг л эзэлдэг. Жилээс жилд ой хээрийн түймрийн уршгаар улам бүр багасаж буй. Мөн ойн санг устаж үгүй болоход нөлөөлж буй хүчин зүйл нь хүр хорхой буюу бидний нэрлэж заншсанаар цагаан эрвээхэй. Ойн хөнөөлт шавжид идэгдсэн мод цайрч, хувхайрч, хатаж байгаль экологи, экосистемд үзүүлэх ач тус алдагддаг. Хэдхэн жилийн дараа хүр хорхойд идүүлсэн ой сүйрч, хөвч тайга эзэнгүйдэж мэдэх нь. Тэрбум мод тарихаас гадна одоо байгаа ой модыг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, арчлах, зохистой ашиглах ойн аж ахуйн арга хэмжээ зайлшгүй шаардлага бий болоод байна.
700 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүсжээ
Сүүлийн жилүүдэд тодорхой зүйлийн хөнөөлт шавжуудын идэвхжил явагдсаны улмаас нэлээдгүй га талбайд голомт үүсчээ.
Энэ нь тухайн ойн хөнөөлт шавжийн идэвхжил өндөр байснаас гадна цар тахал гарсан хоёр жил огт тэмцлийн ажил явуулаагүйтэй нэг талаараа холбоотой аж. Судалгаагаар 700 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүсжээ. Тиймээс энэ хэрээр тэмцлийн ажил явуулах шаардлагатай гэсэн дүн мэдээ гарсан байна.
Энэ жилийн хувьд баруун, зүүн, төв гэсэн гурван бүсэд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг гурван баг гүйцэтгэж байна. Төвийн бүсийн судалгааны дүнгээр Булган, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон аймгийн ойн сангийн 747.650 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Булган аймгийн Баян Агт, Архангай аймгийн Цэнхэр, Булган, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Шинэ Идэр, Төмөрбулаг зэрэг сумдын нийт 230.0 мянган га талбайд судалгааны ажил гүйцэтгэж, тэмцэх шаардлагатай талбайн хэмжээ, байршил, тэмцэх аргыг тодорхойлоод байна.
Баруун бүсийн судалгааны дүнгээр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Сагил, Түргэн, Улаангом сумын нийт 429.930 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг хийж гүйцэтгээд байна. Судалгаагаар ойд хөнөөл учруулж байгаа якобсоны төөлүүрч эрвээхэй , эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч, сибирийн хүр эрвээхэй гэсэн дөрвөн төрөл зүйлийн шавж дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. Нийт ойн санд урьдчилсан байдлаар 107.550 га тархалттай, 80.462 га талбай ойн хөнөөлт шавжтай микробиологи болон авиа микробиологийн аргаар тэмцэх шаардлагатай байгааг тогтоож, талбайн байршил, тэмцэх арга, хугацааг тодорхойлсон байна.
Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг 100 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөснөөс 80.3 мянган га талбай буюу 80.3 хувийн гүйцэтгэлтэй тэмцлийн ажил үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлыг 223 мянган га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 148.5 мянган га талбай буюу 66.5 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 341 мянган га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 236.3 мянган га талбай буюу 69.2 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар, Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх 18.0 мянган га талбайд тэмцэх ажил үргэлжилж байна.
Тэмцлийн ажил хийснээс хойш 15-21 хоногийн дараа ой мод сэргэн ургадаг
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Энэ жилийн хувьд ойжуулалт хөтөлбөрийн зардал нэлээдгүй өссөн дүнтэй байгаа нь эргээд ажлыг шуурхай зохион байгуулах том хариуцлага гэж ойлгож болно. Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд энэ жил 45 тэрбум төгрөг батлагдсан. Төсөв төлөвлөгөөг боловсруулах явцад 20 орчим тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд, 20 орчим тэрбум нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, нөхөн сэргээлтийн ажилд, үлдсэн хэсэг нь бусад ойн аж ахуйн арга хэмжээнүүд тусгагдсан.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 330 орчим мянган га талбайд тэмцлийн ажил хийж байна. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу сумын удирдлагууд байгалийн нөөц ашигласны орлогоос зарцуулах, аймгийн төсөв зэргээс нийт хүлээлттэй байгаа дүн бол 400 мянган га талбай байна. Нийт 700 мянган га талбайн 270 мянган га талбайд тэмцлийн ажил хийж, үлдсэн бүх талбайг хамарсан хөнөөлт шавжаас хамгаалах арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.Тэмцлийн ажил хийснээс хойш шавжийн зүйлээс хамааран 15-21 хоногийн дараа ой модод сэргэн ургадаг” гэв
Нэг эрвээхэй 150-200 ширхэг өндөг шахдаг
Байгаль хамгаалагч Б.Баттогтох “Өндөг нь томроод авгалдай байх хугацаандаа ойг сүйтгэдэг. Далайд дусал нэмэр гэгчээр авгалдайг харагдвал ганц нэгээр нь ч гэсэн алаад л явдаг. Яагаад гэвэл нэг эрвээхэй 150-200 ширхэг өндөг шахдаг. Тэр хэмжээгээр энэ шавж өсөж үржиж ойг сүйтгэнэ. Эдгээрээс 4-5 зүйлийн хөнөөлт шавж хамгийн өргөн тархсан байдаг гэнэ. Тэр дундаас Сибирийн хүр эрвээхэй хамгийн хор хөнөөлтэй нь. Хүр эрвээхэйн дийлэнх нь шилмүүсээр хооллодог. Гэхдээ навчаар хооллох нь ч бий. Ер нь л дайралдсанаа идэж устгадаг гэж хэлж болох юм. Хүр эрвээхэйн хор хөнөөлтэй шинж чанар нь уг шавжийн үржил, хөгжлийн онцлогтой холбоотой. Учир нь Сибирийн хүр эрвээхэй авгалдай, хүрэнцэр зэрэг үе шатыг дамжин өсөж бойжихдоо гурван жилийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл гурван жил тутамд хүр эрвээхэйн тоо толгой олширч дэгдэлт бий болдог. Энэ хугацаанд тухайн бодгаль амьдарч буй модныхоо шилмүүсээр хооллоно. Хүр эрвээхэйн хүрэнцэрт идэгдсэн мод гурван жилийн турш энэхүү дайралтад өртөнө гэсэн үг” гэлээ.
Шинэсэн ой хортон шавжийн хөнөөлөөс болж устлаа гэхэд тухайн орчны экологийн тэнцвэрийг хангаж, дахин шилмүүст ой ургах таатай нөхцөлийг хадгалж байдаг мод бол хус гэнэ. Хус мод ургаж байгаа ой шилмүүст мод ургах таатай орчныг 50-60 жил хадгалдаг бөгөөд энэ хугацаанд дахин шинэс, нарс ургаж эхэлдэг байна. Түүнчлэн нэг дор олон төрлийн мод холилдон ургах нь хортон шавж өсөж үржихгүй сайн талтай байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)