Т.САЙХАН

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэн нас барсан хэрэгтэй холбоотойгоорУИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 11 асуудал хэлэлцэж холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.  Энэ үеэр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд гишүүний асуултад хариуллаа.

Тэрээр "Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажлын ачааллын талаар 2022 оноос хойш судалгаа хийсэн. Үүний үр дүнд холбогдох нэгжүүдийг өөрчилж байсан. Цагдаагийн байгууллагын ажлын ачааллыг бид хөндлөнгийн байгууллагаар болон дотоодын судалгааны төвөөр хийлгэсэн.

Ажил бол ачаалалтай байгаа. Есдүгээр сарын дундаас зарим нэг бүтэц, нэгжүүддээ өөрчлөлт оруулна. Улаанбаатар хотын эрүүгийн нэг мөрдөгч гар дээрээ 160-180 хэрэгтэй байна. Мөрдөн байцаагч 20-60 хэрэгтэй байна. Орон нутагт ажлын ачаалал арай бага байдаг.

2024 онд Цагдаагийн байгууллагын бүх албадын ажлын үзүүлэлтийг шинэчилсэн. Миний тушаалаар бүх албадын дарга нарт чиглэл өгөөд ажлын үзүүлэлтүүдийг өөрчилсөн. Жишээлбэл, мөрдөн байцаах албанд иргэдийн өгсөн гомдол мэдээллийг хурдан шуурхай хуулийн хугацаанд шалгаж байвал ажлын үзүүлэлтэд орно. Мөн иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх, гомдол мэдээлэлд түргэн шуурхай очих гэх мэт үзүүлэлтүүдийг оруулсан.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдүүлэг авах зориулалттай 266 өрөө байгаа. Алба хаагч өрөөндөө тайлбар мэдүүлэг авах, хүнтэй уулзах ёсгүй. Байцаалт авах өрөөнүүдийн камер заавал ажиллах ёстой. Мөн гадна орчин, нийтийн эзэмшлийн талбай зэрэг камертай байх ёстой. Камер эвдэрсэн тохиолдолд засаж, шинэчлэх ёстой. Алба хаагчийн өрөөнд камер байх шаардлагагүй. Эрүүгийн мөрдөгч нар олуулаа сууж байгаа.

2021 онд цагдаагийн албан хаагчийг иргэд хэрхэн хүлээн авч байгаа судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээр холбогдох журамдаа өөрчлөлт оруулсан.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд өгдөг. Мэдээлэл өгөх, эсэхийг ЦЕГ-ын дарга өгдөг. Мэдээлэл өгөхдөө ямар мэдээлэл өгөхөө прокурорын байгууллагаас бичгээр зөвшөөрөл авдаг. Бидний өгсөн мэдээлэл дотор хүний эмзэг мэдээлэл гээд үзэхээр хууль зөрсөн зүйл байхгүй гэсэн тайлбар өгч байгаа. Энэ асуудал дээр бид дотооддоо албаны шалгалт хийж байгаа. Энэ нь иргэний эмзэг мэдээллийг тараасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. Цагдаагийн албан хаагчтай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Өнөөдөр ч надад энэ хэргийн талаар мэдээлэл байхгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц.

Танай албан хаагчид хүн зодсоор байгаад алсан байна гэдэг нь тогтоогдвол би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэлээ.