Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсын Засгийн газрын “Монголд зочлох жил “2023-2025” болон Төв аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зүүн Азийн Аялал Жуулчлалын Холбоо (EATOF) –ны 18 дахь удаагийн Ерөнхий чуулганыг манай улсад зохион байгууллаа. Зүүн Азийн аялал жуулчлалын холбоонд Төв аймаг, БНСУ-ын бие даасан тусгай Кангвон муж, Япон улсын улсын Жог-Жакарта, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Куанг Нинх муж, Лаос улсын Луанг Прабанг муж, Камбож улсын Сием Реап мужууд харьяалагддаг байна.

Чуулганаар Зүүн өмнөд Азид аялал жуулчлалын төлөв байдал болон залуучуудыг хэрхэн татах, улс хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг муж хооронд жуулчин солилцох талаар хэлэлцэж, гэрээ байгуулсан юм. Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Энэ удаагийн чуулганаар Зүүн Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, улам нягтарч, холбоо харилцаагаа шинэлэг түвшинд хүргэх боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, аймаг, муж хоорондын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, жуулчдаа харилцан солилцох замаар гишүүн орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тохирлоо. Мөн Филиппин Улсын Себү мужийн дэд захирагч Hilario P.Davide тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар соёлын солилцоо хийх, Төрийн албан хаагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийг англи хэлний хөтөлбөрт хамруулах талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Куанг Нинх муж хоорондын хоёр талт уулзалтаар: - Соёлын салбарын солилцоог дэмжих, хөдөө аж ахуйн салбар болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Мөн Камбож улсын Сием Реап мужийн дэд захирагч H.E Ngov Sengkak нар аймаг, муж хоорондын эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, соёлын солилцоо, залуучуудын хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор маркетинг сурталчилгааны эвент хийх, чартер нислэгтэй болох, бизнес хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх талаар харилцан санал солилцоо” гэсэн юм.

Харин оролцогч талуудын хувьд Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалт чухал байгааг онцолж байв. Энэ талаар Төв аймгийн Зуунмод хотын Засаг дарга Ч.Сарангэрэл “Хүн амьдрахад таатай хотод жуулчид зочлоход таатай байдаг гэдгийг чуулганы үеэр оролцогчид хэлж байна. Тэгвэл Зуунмод хот нь Хөшгийн хөндийн онгоцны буудлыг түшиглэн аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалтыг хийхээр газрын асуудлаа шийдэж, сонгон шалгаруулалтыг эхлүүлээд байна. Олон улсын стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төв, зочид буудал зэргийг бий болгох нь жуулчдыг татах хамгийн эхний алхам болох болно” гэсэн юм.

Зүүн Азийн бүс нутаг хоорондын аялал жуулчлалын холбоо /EATOF/ нь 2000 онд БНСУ-ын Кангвон мужид аялал жуулчлалын чиглэлээр харилцан солилцоо хийх замаар энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх зорилгоор анх зохион байгуулагдаж байв. ХАрин Төв аймаг анх 2008 оны долдугаар сарын 21-ний өдөр найм дахь удаагийн EATOF-2008 ерөнхий чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд 16 жилийн дараа 18 дах удаагийн “EATOF-2024” ерөнхий чуулганыг дахин зохион байгуулж байна.

Сонирхуулахад Индонез улсын ЖогЖакарта муж маркетинг сурталчилгааны эвент зохион байгуулах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол БНСУ-ын бие даасан Кангвон мужийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга  Jeong Kwang-Yeol тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтарсан сургалт болон саяхан эхлүүлээд аяллын захиалгат нислэгийн багцыг хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)