Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил

Алаг дэлхийд чамтайгаа нэгэн голомт үүсгээд

Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад

Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ... Ардын уран зохиолч, Хаан найргийн хатан Шагдарын Дулмаа агсан шүлгийг нь зохиосон “Ханийн жаргал” дуу Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригтын “сүлд” дуу ажээ. Тэрээр “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн зочноор уригдсан Эрдэнэт үйлдвэрийн ууган ажилчдын нэг юм.

 

60 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ДУРСАМЖ

1974-1977 Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтад оролцсон залуус.

“Би Эрдэнэтийн овоо хайрханы энгэрт 60 жил амьдарч байна даа” гэсээр О.Зоригт гавьяат бидэнтэй хууч дэлгэсэн юм. Анх 1963 онд Эрдэнэтийн овооны геологи хайгуул, судалгаа шинжилгээний ажил эхлэх үед түүний аав М.Очир гэр бүлийн хамт ирсэн гэдэг. Тухайн үед нийтлэлийн баатар маань дөрвөн настай байжээ. М.Очир гуай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Тэрээр Хөвсгөл аймгийн Геологийн удирдах газарт нягтлан бодогчоор ажилладаг байж. Эрдэнэтийн суурийг татах судалгаа шинжилгээний ангийг байгуулахдаа Хөвсгөл аймгийн Геологийн удирдах газраас нэг анги гаргасан нь О.Зоригт хүү илгээлтийн эздээс ч өмнө ирж суурьшин “нутгийн иргэн” болох эхлэл байв.

Булган, Мөрөн дамжиж бага сургуульд суралцсан шар хүү долоодугаар ангиа дүүргэж “том ах” болсон аж.

О.Зоригт хүү 15 настайдаа илгээлтийн эздийн нэг болохоор зориг шулуудан ажилд орохоор шийджээ. 1974 онд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад залуусыг илгээлтийн эзэд болохыг уриалж байсан тэр л үед дунд сургуулиа төгссөн хүү анхны илгээлтийн эзэн болохоор зүтгэсэн хэрэг. Насанд хүрээгүй гээд томчууд халгаахгүй. Аль байдаг чадлаараа гуйж, элдэв арга сүвэгчилсээр... Тэр үеийн барилга байгууламжийн удирдлагын төв Дархан хотод төвлөрсөн байж. Тиймээс дарга нартай нь уулзаж ажилд орох өргөдлөө өгөхөөр сэтгэл шулуудсан Зоригт хүү тээврийн жолооч нарыг царайчилна. Гэтэл жолооч ах нар “Насанд хүрээгүй хүүхдийг юу гэж ажилд авах вэ. Энэ хүүхэд худлаа ярьж байна” гээд кабиндаа суулгахгүй байв. Өөртөө бол том залуу болсон тэрээр “Аавдаа туслах хэрэгтэй” гэдгээ учирласаар дарга нараар зөвшөөрүүлж чадсан гэдэг. Аавдаа туслахаар сэтгэл шулуудсан шаргуу, тууштай хүүд “үгүй” гэж хэлэх дарга олдоогүй биз ээ. Түүний аав М.Очир 61 настайдаа Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцож гагнуурчин хийж байснаар нь О.Зоригт бахархаж явдагаа ярьж байна.

Илгээлтийн эзэд ажиллахаар ирэх үед тэдний амьдрах орон сууц, барилга байгууламжийг О.Зоригт "хүү" гар бие оролцон сэтгэл шингээн бүтээсэн түүхэн дурсамж, ажлын гараагаа эхлүүлсэн тэртээх 50 жилийн түүх хөвөрсөөр...

 

МЭРГЭЖЛЭЭ СОЛЬСОН НЬ

Эрдэнэтийн овооны Геологи хайгуулын 35-р ангийн ажилчдын лагерь 1964-1969 он.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул М.Очир залуу насандаа сүү, тосны заводын эрхлэгч, Шинэ үсгийн багш хийдэг байжээ. “Би аавынхаа төрсөн нутгийн тэгш ойгоор зорьж очсон юм. Нутгийн хөгшид ааваар минь бичиг үсэг заалгасан тухайгаа ярьж, олон сайхан дурсамжийг дэлгэсэн” хэмээн тэрээр хуучлав. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1957 онд М.Очирын дунд хүү болон мэндэлжээ. төрхийн хүндрэлээр ээжийгээ алдсан зургаан сартай нялх хүүг авга эгч М.Должин өсгөжээ.

1977 онд нийслэл хотод цэргийн алба хаасан тэрээр халагдаж ирээд барилга бүтээн байгуулалтад оролцох дэврүүн сэтгэлтэй түүнд аав нь “Эрдэнэт гээд сайхан үйлдвэр босож байна. Миний хүү хэдий болтол барилга дээр ажиллах вэ. Мэргэжлээ солиод энэ үйлдвэрт орсон нь зөв” гэж зөвлөснөөр шинээр мэргэжил эзэмшин Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад токарьчин болжээ. Оройгоор онолын хичээл заалгаж, өдрийн цагаар практик дадлага хийсээр токарьчин болсон түүх түүнийх. Шинэхэн токарьчин цоо шинэ тэр ч бүү хэл улсдаа ганц нэгхэн байгаа токарийн машин дээр ажиллахаар болсон гэдэг. Дадлага хийж байснаас өөр байсан хэдий ч “Чадна” гээд хэлсэн үгэндээ багтахын тулд хичээж байсан түүнд багш нь “Чиний орос хэлний мэдлэгт тулгуурлан ажиллах боломжтой гэж үзсэн юм шүү” гэжээ. Бага сургуулиас орос хэл заалгаж байсан О.Зоригт мэргэжлийн сургууль төгссөн инженерүүдтэй эн зэрэгцэхгүй ч сургагч багш болоод хамт ажилладаг гаднын мэргэжилтнүүдтэйгээ төвөггүй ойлголцчихдог байж. 15-хан настай хүү үйлдвэрийн ажил хийж байх тэр үед хамт ажилладаг ах нар нь өхөөрдөнө. Заримдаа ч ширүүлнэ. Гэхдээ тэд хамаг бүхнээ түүнд зааж сургадаг байжээ. Нэгэнтээ “Чи том болоод ямар хүн болох вэ” гэх ах нарын асуултад “Чех хүн” болно гэж хариулсан нь одоо ч тод сонсогдох дурсамж нь. Орос, Чех мэргэжилтнүүд түүний нүдийг булаана. Тэдэн шиг л ажилладаг бас биеэ авч явдаг болно доо гэх нууцхан хүслээ ах нартаа хэлсэн нь тэр ажээ.

О.Зоригт Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлснээс хойш 41 жил зургаан сарын дараа өндөр насны тэтгэвэрт гарчээ.

 

АЛТАН МОСКВАГ ЗОРЬСОН НЬ

Илгээлтийн эзэд Эрдэнэтийг бүтээн байгуулсан 50 жилийн түүх О.Зоригтоос гажихгүй. “Би илгээлтийн байрны засал чимэглэлийг хийж. Уриа лоозон, туг бариад анхны илгээлтийн эздийг угтаж авсан хүмүүсийн нэг юм шүү дээ” гэх зуур жижиг агаа хэмээн авгайлдаг түүний дунд хүү З.Бямбадорж “Та орос хэлний уралдаанд түрүүлсэн тухайгаа ярьж өгсөн үү” гэж сануулна. Би эхнээс нь ярьж байнаа гэх зуураа “1988 онд Эрдэнэт үйлдвэрийн 10 жилийн ой болсон юм. Энэ хүрээнд орос хэлний уралдаан зохион байгуулагдсан юм. Ингэхдээ ЗХУ-д сургууль төгссөн инженерүүд, МУ-д сургууль төгссөн болон ажилтнууд гээд гурав ангилан уралдуулсан хэрэг л дээ. Уралдаан болдогоороо болж шагнуулсан хүмүүсийн нэрс гараад л байна. Миний нэр байдаггүй ээ” гээд инээж суугаа нийтлэлийн баатар маань тэр уралдааны тэргүүн байрыг авч түрүүлснээр олон хүнийг гайхшруулсан гэдэг. Бүх л явц нь орос хэлээр зохион байгуулагдсан тэмцээнд түрүүлж Алтан Москва үзэх хувь тохиожээ.

 

ХЭН НАЙРСАН НЬ “НУУЦ”

Та ханьтайгаа яаж танилцсан юм бэ гэхэд минь нийтлэлийн баатар маань эхнэр өөдөө харснаа “Чи ярь. Ер нь яахав, найз нөхдөөрөө дамжаад л танилцсан юм” гээд жуумалзана. Тэдний ууган ач Б.Болор-Эрдэнэ “Та хоёр танилцсан түүхээ яриад өгчихөөч. Би бас сонсмоор байна. Өвөө найрсан юм уу. Эмээ найрсан юм уу” гэж шавдуулна. Харин Ц.Гантөмөр “Өвөө чинь би дуугүй хүн байсан. Би найраагүй гээд байхаар яах вэ.. Тэгэхээр одоо би л найрсан болж таарч байна уу” гээд инээлдэж сууна. О.Зоригтийн дунд сургуулийн ангийн найз Сандагдорж анх тэдднийг танилцуулсан гэдэг. Түүний эхнэрийг Ц.Гантөмөр гэдэг. Тэд өдгөө дөрвөн хүүхдийн аав ээж болж ач, зээгээ тойруулан жаргалтай сайхан амьдарч байна. Том хүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ажээ. Гэр бүлийнхний авгайлдагаар жижиг агаа буюу З.Бямбадорж ШШГЕГ-т сувилагч. Харин ганц охин болох З.Болормаа Эрдэнэт медикал эмнэлгийн дурангийн эмч хийдэг бол отгон хүү З.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийн засвар угсралтын цехэд бригадын дарга хийж байгаа аавынхаа мэргэжлийн өвлөсөн гурав дахь үеийн уурхайчин ажээ.

 

НОМЫН ХУУДАС ЭРГҮҮЛЭН АЧДАА НЭР ӨГСӨН 

Уурхайчин залуу Анагаахын дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн бүсгүйтэй ханилаад 40 гаруй жил өнгөрчээ. Анх танилцаж байхад туранхай, дуугүй залуу байсан” гээд инээж суухдаа том ач охиноо өхөөрдөн “Өвөөгийнхөө хажууд налаад суучихжээ” гэж шоолно. Харин түүний хань О.Зоригт ач охин руугаа харснаа “Би чамайг ярьж өгнө шүү” гэхэд нь “Хэрэггүй ээ, өвөө” гэснээ би энэ гэрт хамгийн их адал явдалтай нь юм шүү дээ гээд зүггүйхэн инээх Б.Болор-Эрдэнэ их сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ажиллаж буй ажээ.

Авга эгчийнхээ гар дээр өссөн жаалхан шар хүү аавыг ачилж, нэр бүтэн, өнөр өтгөн сайхан гэр бүлийг бүтээжээ.

Амьдралын олон нугачаа, даваа бүрийг ханийн өмөг түшгээр даван туулж ирсэн хосууд эгэл даруухан атлаа үлгэр дууриалал, хайр хүндлэлээр бялхаж сууна.

Гэр дүүрэн хүүхэд шаагилдан, гүйлдэнэ. Төвөгшөөх нь үгүй. Тэднийгээ харж уярч бас эрхлүүлэнгүй харж суугаа О.Зоригт хүүхдүүддээ хатуу үг хэлж байсан нь үгүй ажээ. Жижиг агаа бэр дагуулан орж ирснээс хойш аль хэдийнэ 20 гаруй жил өнгөрч. “Анх энэ айлын босгыг давж орж ирсэн цагаас яг төрсөн хүүхэд нь юм шиг л эрхэлж туньж өнөөдрийг хүрсэн. Ээж, аав хоёр минь үргэлж биднийхээ өмөг түшиг болж ирсэн. Урт удаан хамтдаа байна шүү гэж боддог” хэмээн том бэр Г.Энхзаяа хоолой зангируулан ярьж сууна. Ач, зээ нараа харж суугаа О.Зоригт ууган ачийнхаа нэрийг өгчээ. Тэрээр “Уншиж байсан номоо гаргаж ирээд шившиж байгаад хуудсыг нь дэлгээд нүдээ аниад л нэг үг заадаг юм. Тэгэхэд Болор гэдэг үг таарч Эрдэнэтийн овооны Эрдэнэ гэдгийг залгаад Болор-Эрдэнэ гэдэг нэр өгсөн юм шүү дээ” гэхдээ яг л тэр цаг хугацаанд очив уу гэлтэй нүдээ аниад, хуруугаараа зааж байв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригтын амьдралын өнгө ийнхүү тодоос тод гэрэлтэж байна. Илгээлтийн эздийн амьдрах байрыг тухлуулсан О.Зоригт гэх шар залуу туг, лоозон бариад тосоод зогсож байсан тэрээр илгээлтийн эзэдтэй мөр зэрэгцэн ажлын гараагаа эхлүүлсэн 40 гаруй жилийн хугацаанд бусдыгаа манлайлж, түүчээлж ирсэн нь өдгөө үр ач, зээ нарынхаа бахархал болохын зэрэгцээ түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм болжээ.

Илгээлтийн эздийг тоссон "нутгийн хүү" О.Зоригтын амьдралын хүрд хүч түрэн эргэж байна.

Зүүн гар талаас охин З.Болормаа, хүү З.Ганзориг, З.Бямбадорж нар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)