Уншигч түмэндээ Хархорум судлал, Шинэ Хархорумын бодлогыг үндэслэгч, доктор Д.Хоролдамбын өгүүллийг хүргэж байна.

 

Шинэ Хархорумыг бүтээн байгуулах талаар төр, засгийн бодлого

 

Шинэ Хархорумаа байгуулах талаар манай төр, засаг шийдвэр төгс бодлого явуулж, хэрэгжүүлэх ажил өрнөж, эрх зүйн орчинг бий болгох алхмуудыг шат дараатай явуулж байна. Тухайлбал, Засгийн газар 2020 онд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлуулсан байдаг. Түүнд “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ Хархорум хотын  байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” хэмээн зааж өгчээ. Энэхүү хөгжлийн бодлогын зорилго нь монголчуудын бахархал Хархорумын түүх, өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, улс орныг бүсчлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд оршдог. Түүнчлэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 24 дүгээр тогтоол гарсан юм.  Төдөлгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 12 дугаар сарын 20-нд “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 тоот зарлиг буулгасан нь Хархорум төвт бодлогыг үндэслэгч суут эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны хувьсгалын 111 жилийн ойг давхар тооцсон тэнгэрлэг шийдвэр болсон билээ.

Улмаар УИХ-ын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны 07 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум хот байгуулах” асуудлыг  шийдвэрлэж, Засгийн Газрын мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулан ажиллаж байгаа зэрэг нь бид өвөг дээдсийнхээ бүтээн босголтын бодлогыг гүнээ хүндэтгэн, залгамжилж буйн илрэл хэмээн үзэх үндэстэй. 

2023 оны 9 дүгээр сарын 20-нд “Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы индэр дээрээс зарласан нь олон улсын “чихийг дэлдийлгэв”.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулах Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумдын нутаг дэвсгэр Орхоны хөндий дэх 189,363 га талбайг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа учир шинэ хот өөрийн гэсэн газартай болсон гэсэн үг юм.

 

“Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулахад олон улсыг татан оролцуулж буй үйл явц

 

“Шинэ Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дэлхий дахинд зарласан билээ. Энэхүү олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг мөн оны 4 дүгээр сарын 15-ны хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 7 дугаар сарын 16-ныг дуустал явагдлаа.

Үүний үр дүнд нийт 54 улс орны 428 баг оролцохоо илэрхийлэн бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс 76 баг бүтээлээ ирүүлж, хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцлээ. Тэдгээрийг дурдвал, Монгол улсын 6, БНХАУ-ын 5, ОХУ-ын 5, Турк улын 4, Казахстаны 2, Серби, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш,  Болгар, Румын, Итали, Хорват зэрэг улсын бүтээлүүд дараагийн шатанд тунасаны ард 775 хүний бүрэлдэхүүнтэй баг Шинэ Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах үйл ажиллагаанд оролцож байгаа гэж үзэж болно.

Шилдгээр шалгарсан эхний 5 баг, байгууллагын бүтээлүүдийн зохиогчийн эрх нь манай талд үлдэх учиртай. Ингэснээр цаашид шинэ Хархорумын бодлогод өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэн ашиглах онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана. Өөрөөр хэлбэл, олон улсын хот төлөвлөлтийн багуудаас ирүүлсэн бүх материал зохион байгуулагч талын өмч болж, Хархорум төдийгүй манай эх оронд ирээдүйд байгуулж болох бусад хот сууриныг төлөвлөх, барилга, архитектурын эрдэмтэн багш, оюутан сурагчдын “ширээний ном”, үзэсгэлэн, архивын баримт болж хадгалагдах юм билээ.

 

 “Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын ажиллагаа

 

Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, хотын дүр төрхийг тодорхойлоход дэлхийн орчин үеийн хот төлөвлөлтийн шилдэг санаа, хандлага, ололтыг татан авах нь чухал зорилт болж буй.

“Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-наас эдгээр бүтээлийг олон түмэнд танилцуулах ажиллагааг явуулж байгаа бөгөөд  7 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд https://www.facebook.com/kharkhorumcity цахим хуудсаар санал авч, 7 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд  шинэ Хархорум хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг Сүхбаатар дүүрэг,  MPM event hall танхимд зохион байгуулах юм байна. Эхний таван багийг шалгаруулна. Наймдугаар сарын 31 гэхэд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийх  ажлаа дуусгаж, мөн онд багтааж ТЭЗҮ-г хийх чиглэлтэй аж.

Энэ үйл ажиллагааны үеэр 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгч, шилдэг архитектор, эрдэмтэн мэргэжилт оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх юм. Энэ бүхний эцэст АНУ, БНСУ, Польш, Монгол, Герман зэрэг улсын хот төлөвлөгч, архитектор, эдийн засагч, инженер, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгч нарын бүрэлдэхүүн хамгийн шилдэг 5 бүтээлийг эцэслэн шалгаруулж, шагнаж урамшуулах ажиллагаа явагдах гэж байна.

Манай улсад болж буй хот төлөвлөлтийн олон улсын анхны үзэсгэлэн хамт зохион байгуулагдах тул үндэсний хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцох нь мэдээж бөгөөд эх оронч эрдэмтэн мэргэд, оюунтан сэхээтэн, баялаг бүтээгчид өргөнөөр оролцоосой.

 

Монголын баялаг бүтээгчдээс эхлээд өргөн түмэн эрвийх дэрвийхээрээ зүтгүүштэй

 

Монголчууд бид шинэ мянганы хөгжил цэцэглэлтдээ бүтээлчээр хандаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн сонирхол, дэмжлэгийг Хархорумын бүтээн байгуулалтад татан оролцуулж, үндэсний хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож чадвал улс орны ирээдүйд өргөн боломж нээгдэх юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөр өөрийн улсад чиглүүлэхийн төлөөх өрсөлдөөн улам бүр идэвхжиж байгаа энэ цаг үед бид хөрөнгө оруулалтыг татах, тэдний сонирхлыг төрүүлэхүйц шинэ чиглэлийг тодорхойлон дэвшүүлэх шаарлагад ч энэ зорилт яв цав нийцнэ.

Монгол Улсын хөгжил, хот байгуулалтын түүхэн дэх хамгийн онцгой үйл явдлын нэг  мөн. Хархорумыг шинээр цогцлоон байгуулах ариун үйл хэргийн төлөө хүн бүр үндэс угсаа, шашин шүтлэг үл хамааран хичээн зүтгэх нь дамжиггүй. Юуны түрүүнд Чингис хааны дурсгалын цогцолбор, Өгэдэй хааны Түмэн Амгалант ордныг цогцоор бүтээн байгуулах  хэрэгтэй.

Чингис хааны алдарт ач, аугаа их Мөнх хаан 1254 онд Хархорум хотын “Түмэн Амгалант” ордонд францын уран дархан Гийом де Бушье тэргүүтэй дархчуудаар “Мөнгөн мод”-ыг бүтээлгэн залсан тул францын талд албан ёсоор хандаж, хамтын бүтээн босголт хийх хүсэлтээ илэрхийлэхийг олон жил санал болгож ирлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийх төрийн айлчлалаар шийдэгдэх болтугай гэж хичээнгүйлэн залбиръя. Түүхийн залгамж чанарыг бодвол тэрхүү бахархалт үйл явдлын 770 жилийн ой  2024 онд тохиож буй. Мөн дэлхийн түүхнээ анх удаа христос, ислам, буддын шашинт олон үндэстний эрдэмтэн хуврагуудын шашны онолын маргаан, мэтгэлцээнийг тус хотод зохион байгуулсаны 770 жилийн ойг тус тус тохиолдуулан  шинэ Хархорум “амьд бүтээн байгуулалт” хийхийг бид ихэд чухалчилж байгаа юм.

 

Шинэ Хархорумын төлөөх өчүүхэн хүний хийсэн зарим ажил

 

Аугаа суут эзэн Чингис хааныг Монголын нэгдсэн тулгар төр улсаа байгуулан, улмаар эзэнт их гүрнийг үндэслэн үлэмж гавьяа байгуулсан аугаа удирдагч гэдгээр нь дэлхий дахин мэдэх билээ. Энэ бол түүний хүн төрөлхтөний өмнө байгуулсан гавьяаны нэг тал юм. Харин олон улс, орныг хураан захирагч төдий бус ази, европ дахины ард түмнийг хамтын хөдөлмөрт татан оролцуулж, 1220 оны цагаан луу жил Хархорум хотыг улсын нийслэл болгосонд Чингис хааны үлэмж гавьяаны бас нэг чанар оршиж буйг дорой бичээчийн олон жилийн судалгаа харуулж өгсөн гэж үзэх үндэстэй.

1992-1997 онд Хархорум судлалаар курс, дипломын ажил хийж, төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ Хархорумыг байгуулж нийслэл болгох асуудал дэвшүүлэн, 2000 оны 3-р сард УИХ, ХБНГУ-ын Элчин сайд Юрген Элиас, ШУА, МУИС болон Турк, Казакстан, Япон улсын ЭСЯ-тай хамтарч Хархорумын 780 жилийн ойд зориулж “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шинээр байгуулах тухай асуудлууд” олон улсын анхны том хурлыг санаачлан, Төрийн ордонд  гардан хийсэн минь энэ талаар олныг хамруулан зохион байгуулсан анхны томоохон ажил байлаа.

Мөн 2000 онд “Under The Eternal Sky-Lets Reconstruct The Kharakhorum” (редактор академич Н.Ишжамц) ном гаргаж шинэ Хархорумын үзэл баримтлалыг үүсгэв. Монгол Улсын ШУА-иас: “Монголчууд Дэлхийн Нийслэлийг Байгуулсан нь (2002 он) судалгааны бүтээлээрээ Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан” гэж дүгнэн ШУА-ийн I зэргийн диплом, Алтан медалиар шагнаж урамшууллаа. 2005 онд Хархорум судлалаар түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болж, монголын эзэнт гүрний нийслэлийн түүхийг цогц байдлаар судлан хэд хэдэн бүтээл туурвиж, Хархорум судлалыг үндэслэж, хөгжүүлэн, шинэ Хархорумыг байгуулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүтээх санал санаачилгаа төрийн бодлого болгуулах ажил хийв.

Энэ мэт ажил өрнөсөөр 2014 онд нэг олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар дахь Хархорум хотын түүхэн ач холбогдол, үнэ цэнэ” илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Намар нь НЗДТГ, Нийслэлийн Архивын Газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан Нийслэлийн 375 жилийн ойн “Монголын нийслэл...Нүүдлээс суурьшилд” ОУЭШХуралд “Монголын нийслэлийн түүхэнд Хархорумын эзлэх байр суурь” илтгэл тависан. 2016 онд “Эрдэнэ зуу-430” ОУЭШХуралд эрдэм шинжилгээний хуралд “Хархорум-Эрдэнэ зуугийн түүхийн залгамж холбоог тодруулан судлах нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

2020 оны 2-6 дугаар сард Хархорумын 800 жилийн ойгоор 10 гаруй байгууллага, 40-өөд эрдэмтнийг татан оролцуулж “Эх түүхийн бахархал Хархорум-Эрдмийн чуулган” таван нэвтрүүлэг хийсэн нь уг хотын түүх, өв соёлыг олон нийтэд таниулах зорилготой цуврал болсон юм. Харин “Эргэн босох Хархорум-Хөгжлийн чуулган” хоёр цуврал маань шинэ Хархорум хотыг бүтээн байгуулахад төр, олон түмний анхаарлыг хандуулах зорилготой байсан юм. Нийт долоон (7) цуврал нэвтрүүлэг хийж, өөрөө хөтлөн TV9 телевизээр давталттай нэвтрүүлснийг манай ард олон санаж байгаа байх аа. Тус нэвтрүүлгийг нэмэж үргэлжлүүлэх хувийн төлөвлөгөөтэй байсан боловч цэнхэр дэлгэцийнхэн маань өөр олон ажилтай хэмээсэн. Ингээд дэлхий нийтийг түгшээсэн коронавирусын онцгой хүнд дэглэмийн горимд дэлхий нийтээрээ орсон боловч 2020 оны 12 дугаар сарын 17-нд Хархорумын 800 жилийн түүхэн тэгш ойг тасалдуулахгүй хийх гэсэн хувийн зорилго өвөрлөн “Хархорум 800: Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж хийсэн болно.

Саяхан “Чингис хааны нийслэлийн бүтээн байгуулалтад Дундад азийнхны оролцоо хийгээд Өгэдэй хааны бүтээн босголтын бодлого” илтгэлээ Узбекстан улс. Ургенчийн улсын их сургуульд “Uzbek and Mongolian scientific relations in the fields of history and linguistics” эрдэм шинжилгээний хуралд тавьж, хэлэлцүүлсэн.

Дээрх мэтээр төр, түмэн олныг Хархорумдаа анхаарал хандуулахыг сануулан уриалж, бэлтгэлийг хангах, нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн сэтгэл зүйг дасгах бодлогыг тасралтгүй явуулж ирлээ.

 

Монгол Улс 90 хоногийн туршид дэлхийн хот төлөвлөгч, архитектурын мэргэжилтэн, байгууллагуудын сэтгэлгээний ололтыг  шинэ Хархорумд чиглүүлэхийн учир

 

Монгол улсын хөгжлийн төвшинд төдийгүй  бүс нутаг, цаашилбал дэлхийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, эрүүл аюулгүй, байгальд ээлтэй ухаалаг хот байгуулалтын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ “Хархорум” хот төлөвлөлтөд баримтлах зарчим, нийгэм, эдийн засгийн хөгжил, архитектур, орон зайн төсөөллийг тодорхойлох, хотын гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, үнэт зүйлс, түүх соёл, уламжлал, зам харилцаа, тээвэр логистик, инженерийн дэд бүтэц, ус, эрчим хүчний хангамж, хог хаягдлын менежментийн шийдэл, хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулалт, бүтээн босголт хэрэгжих хугацаа, үе шатуудыг тооцон, орчин үеийн ухаалаг хотын онцлогийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн зарчмыг өндөр төвшинд тодорхойлох учиртай.

 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хотын түүхэн хөгжил, өв соёл, үнэт зүйлд тулгуурлан хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцэх дүр төрхийг илэрхийлэх зэргээр Шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлал /концепц/-ыг оролцогч багууд хэрхэн тодорхойлсоныг эн тэргүүнд харах болов уу. Монгол Улсын нийгэм эдийн засагт эзлэх байр суурь, бүс нутгийн эдийн засгийн таталцал, нөлөөллийг тооцох, шинэ хотын эдийн засгийн бүтэц, тэргүүлэх салбар, хэтийн төлөв, боломжит ажлын байрны тооцооллыг салбараар гаргаж, хэрэгжилтийн үе шат, хугацааг тодорхойлох, хэрэгжүүлэх менежмент, бүтэц, схем, хөрөнгө оруулалтын томсгосон тооцоог хийх зэргээр шинэ Хархорумын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, архитектур орон зайн төсөөллийг бодитой дэвшүүлэх зэрэг олон зүйлийг анхаарууштай байнам.

Үүний сацуу олон улс, бүс нутагтай холбогдох интеграци (харилцаа, хамаарал), шинэ Хархорум хотын таталцал нөлөөллийн бүсийг тодорхойлохоос эхлээд хот байгуулалтын үүрэг зориулалтын бүсчлэл, хотын газар доорх болон агаарын орон зайг ашиглах шийдэл, хотын хүн ам, барилгажилтын нягтралын зохистой харьцаа, барилгажилтын төрхийг тодорхойлохыг мэргэжлийн байгууллага заажээ. Шинэ хотын засаг, захиргаа, олон нийтийн бүсийн орон зайн төсөөлөл, түүх, археологи, соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлан таниулах менежмент, аялал жуулчлалын бүсүүдийн орон зайн төсөөлөл, Өгий нуур орчмын аялал жуулчлалын бүсийн орон зайн төсөөллийг тодорхойлохыг чухалчилжээ. Хархорум хотын эрүүл мэндийн цогцолборын орон зай, олон улс, бүс нутгийн хэмжээний үйл ажиллагаа явуулах спортын цогцолбор, шинжлэх ухаан технологийн судалгааны төв, бүс нутгийн мэдээллийн дата төв, шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн паркийн бүсийн орон зайн төсөөллийг тодорхойлох шаардлага тавигдсан буй. Хотын үйлдвэрлэлийн төрөл, ангилал, чиглэл, газар ашиглалтын менежментийг тодорхойлж, чөлөөт бүс, тусгай бүс байгуулах боломжийг судлан үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох гэх мэт өргөн хүрээнд цогцоор харж, нэг ёсондоо Орхоны сав нутагт байгуулах хотыг ой ухаандаа бүрэн босгосон байхыг олон улсын уралдаан зарласан “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-ны удирдлага, хамт олон, төр, засаг, холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хүсэх нь мэдээж бөгөөд шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалтад оролцож буй дотоод, гадаадын нийт баг, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье!

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба