Монголын анхны мөнгө-зээлийн эдийн засагч Хаад боржигин овогт Лхамжавын Онхдой

Мөнгөний түүх нь хүн төрөлхтний гарал үүсэл, амьдрах ахуй нөхцөл, овог аймгийн зохион байгуулалт, таваарын солилцоо, хэрэгцээ, арилжаатай холбоотой хөгжиж ирсэн байна.

Мөнгө, зээл, банк нь улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны чухал ухагдахууны /категори/ нэг бөгөөд Монголын түүхэн хөгжлийн сурвалж бичгүүд, судлаач эрдэмтдийн зохиол бүтээлтэй нягт холбон авч үзвэл зохилтой болно.

Мөнгө, үндсэн шинж чанар, үүрэгтэй байдаг. Шинж чанарын хувьд барьж мэдэрдэг, хуваагддаг, хадгалдаг. Тооцоо, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр болно. Харин зээл нь чөлөөт мөнгөн хөрөнгийг зориулалтаар, хүүтэй, хугацаатай, барьцаа баталгаатай, төлөгдөх нөхцөлтэй, хүмүүс, байгууллагад банкнаас олгодог хөрөнгө юм. Үүрэг нь хөрөнгийг дахин хуваарилах, зардлыг хөнгөвчлөх, капиталын төвлөрлийг бууруулах, шинжлэх ухаан, техник дэвшлийг хангахад зориулагддаг.

Хэрлэн, Онон, Туул голын сав газраар нутаглаж байсан Монголчууд IX зуунд төв Азид нэрээ түгээж, XI-XII зууны үед Цагаан хэрмээс Байгал нуур, Хянганы ой хөвчөөс, Алтайн уулс хүртэлх өргөн уудам нутагт Монгол, Найман, Мэргэд, Хэрэйд, Татар зэрэг улс оршиж тус бүр Хан тэргүүтэй, газар нутаг, хүн ам, мал сүрэг, цэрэг, хот сууринтай өөр хоорондоо болон гадаад улстай, улс төр, эдийн засгийн харилцаатай байжээ.

Сурвалж бичээс үзэхэд Монгол хэмээх аймгуудын холбоо Хабул, Амбагай, Есүхэй, Хотула, Хадын үед жинхэнэ улс болсон түүхтэй байна. Тумбинай сэцэний ууган хөвүүн Хабул 1130 онд гурван аймгийн ихэс, ноёдын хуралдайгаар Хамаг Монголын хаанд өргөмжилсөн, хатан нь хонгирад аймгийн Гоо Улаан байжээ. Монголын нууц товчоонд “Олон Монголчуудыг Хабул хаан захиран бөлгөө, Хабул хааны хойно, өөрийн долоон хөвүүн байтал, Сэнгүүн билэгийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн” байв гэжээ. Зүрчидийн Алтан улс зэргэлдээ улс орноо эзлэн их гүрний шинжтэй болж өмнө зүгт Сүн улс, Умарт Монгол үлдээд байхад 1135-1147 онд Алтан улсын довтолгооны эсрэг байлдаж ялсан нь зэвсгийн дарханы ур чадвар сайтай, сурвалж бичиг, археологийн баримтаас үзэхэд жирийн төмөрчнөөс хот, суурины төмөрчин, жирэмчинтэй, Хятадад Баяд аймгийн морь, төмрөөр гайхагдах болжээ.

Монголын мөнгөн тэмдэгт нь олон жилийн түүхтэй VI-VIII зууны үед Түрэг, Уйгар, Хятан овог аймаг мөнгийг цутгаж хэрэглэж байжээ. Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулаад анхны зоосон мөнгийг морь унаж, сэлэм барьсан баатар эрийн дүрстэй Сүхэс хэмээх алт, мөнгөн зоос хэвлүүлж, өргөөний хоймор заларч, гадаад улсын хаадад бэлэг болгон өгдөг байжээ. Дэлхийд 1227 онд цаасан мөнгийг алт, мөнгөн баталгаатай гүйлгээнд хэрэглэсэн бол Монголчууд 1236 онд төрөл бүрийн хэмжээ, жинтэй зоос цутгаж байжээ.

Чингис хааныг залгамжлагчид зуун төрлийн алт, мөнгө, зэс, хүрэл, гууль, төмөр зоос хэрэглэж байсан ба Өгөөдэй хаан 1236 онд, Мөнх хаан 1254 онд цаасан мөнгө хэвлүүлж эд баялгаа тооцон, гадна улстай худалдаа хийж байсан бол Хубилай хаан 1260 онд “Хубилай хааны мөнгөн дэвсгэрт” нэртэй цаасан мөнгийг алт, мөнгөн баталгаатай гаргаж хэлхээ гэдэг өртгөөр хэмжин 1 хэлхээ-1 лан цагаан мөнгөтэй, 10 хэлхээ=1лан шижир алттай тэнцэж байжээ.

Манжийн ноёрхлын үед Хятадын худалдаа нэвтэрч, янз бүрийн пүүсийн Пяьз нэртэй цаасан мөнгийг дуурайлган сүм хийд, хошууд цаасан мөнгө гаргаж цалин пүнлүү, арилжаанд хэрэглэсэн байна. 1850 оны сүүлээр Орос, Хятадын 3 төрлийн цагаан мөнгө /дэнс, ембүү, зоос/ мөнгөний үүргийг гүйцэтгэж, жасын алба, сүм хийдийг санхүүжүүлж, ардуудад барааг зээлээр өгч, өөрийн хэрэгцээт зүйлийг хямд авдаг байжээ. 1869 онд их хүрээнд “Хүү үржүүлэх сан” байгуулж мөнгө хүүлж, 22,9 мянган лан мөнгөний зээл олгож, хүүд 16,9 мянган лан, 5435,4 шар цай зээлдүүлж, хүүд 3463,4 лан шар цай авч байжээ.

Автономит Монголын засгийн газар гадаадын банкны салбар ажиллуулахыг зөвшөөрч үндэсний банктай болохыг судлан, 1900 онд Хаант Оросын “Орос-Хятадын банк” хүрээ, Улиастайд салбараа нээсэн бол 1907 онд Хятадын “Дачин-Инь-Хан” банк салбараа байгуулж ард, ноёд, түшмэдэд, орон нутгийн захиргаанд зээл олгож, зоос, цаасан мөнгө гаргаж ихээхэн ашиг олж байжээ. 1911 оны үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний дараа үндэсний мөнгө, банкгүйгээс гадаад орны валют хэрэглэж 1912 оны Монгол-Оросын худалдааны гэрээгээр Оросын худалдаачид, үйлдвэр, пүүс, хоршоод гааль, түрээсгүй үйл ажиллагаа явуулж, гүйлгээнд Оросын рубль, янчаан, лан хэрэглэх болж бусад орны вальютыг хориглож, Оросын цагаан мөнгөтэй харьцах жишиг тогтоож улсын санг арвижуулах арга хэмжээ авчээ. Жишиг нь: 1 руб=250 Орос цагаан мөнгөтэй, 1 янчаан=350 Орос цагаан мөнгөтэй, 1 лан=5000 орос цагаан мөнгөтэй дүйцэж байжээ. 1913 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилж Петербург хотод засгийн газрын албаны хүмүүстэй уулзан үндэсний банк байгуулахыг хүсэж байжээ.

VIII Богдын засгийн газар 1911 онд орчуулагч Москвитэд банк байгуулах эрх олгосон боловч, нээж чадалгүй худалдаачин Юферьвт худалдсаныг Хаант Оросын засгийн газар консулаар дамжуулан авч сая рублийн дүрмийн сантай банк байгуулах болж Сибирийн худалдааны банканд шилжүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тус бүр 100,0 руб үнэтэй 10000ш акц гаргаж, 2000ш Орост, 8000ш Сибирийн банканд байхаар, 1915 оны сүүлээр их хүрээнд банк нээж Монгол, Орос, гадаадын худалдаачид, ардуудад зээл олгож байжээ.

Ингэж Оросын “Сибирская-Торговья” банк эрхийг авч Петерград хотод “Монгол улсын банкны” хороо байгуулж нийслэл хүрээнд салбараа байгуулахаар Ермалевыг илгээж, Банкны түшмэл хошуу, шавьд салбар нээж иргэд, пүүс, хоршоодод зээл олгож үлэмж ашиг олж байсан. 1918 онд Хятадын “Жунго-Инь-Хан” банктай гэрээ байгуулж салбараа оруулах зөвшөөрөл өгч төсвийн мөнгөн гүйлгээ хийх, бүх байгууллагын данс нээлгэх үүргийг хүлээж, засгийн газар зээл олгох, мөнгөн тэмдэгтийг хятадын банканд гарах тохироотой байсан ч генерал Сюй-Жу-Жан хүрээг эзэлж Хятадын ноёрхол тогтсоноор хаагдсан байна. Мөн Япон-Хятадын хамтарсан “Жибинь-Жань-Хан” банкны салбар нээгдэж “Пяьз” нэртэй мөнгөн тэмдэгт гаргаж, зээл олгож ажилласан ч Орост хаан засаг унаж, Барон унгарны цэрэг ирж Хятадын цэргийг хөөж банкны үйл ажиллагааг хаагджээ.

Ардын хувьсгалын дараа банк байгуулах, үндэсний вальюттай болох, мөнгөн гүйлгээтэй холбоотой асуудлыг сангийн яам хариуцаж мөнгөний зах зээлийг улсын хяналтад авах, гадаадын худалдаачид, пүүсээс татвар хураах болжээ.

Ардын засгийн газрын эдийн засгийн анхны арга хэмжээ нь улс, иргэдээс гадаад, дотоодын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг хүчингүй болгож, феодалын төсөв, албан татварыг устгаж, улсын түр хурал 1922-02-28-нд “Хоршоо сайжруулах банк” байгуулахаар Намын 1923 оны II их хурлын эдийн засгийн бодлогод тусгажээ.

Тэр үед эдийн засгийн чадавх сул, зөвлөлт Орос улсаас тусламж хүсэж 1923 оны 10 сарын 09-ны өдөр /1924-9 сар/ “Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны дүрмийг В.И.Комор даргатай комиссын хурлаар баталж 8 хүн гарын үсэг зурсны Бат-Очир гэдэг хүн гарын үсэг зурснаар үйл ажиллагааг 1924 оны 6 сарын 02-нд 22 ажилтантай нээгдсэний 2 монгол хүн болжээ.”

Уг банкны үйл ажиллагаа нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг дэмжих, худалдааг өргөтгөх, мөнгөн гүйлгээг эмх замбараатай болгоход үйлчилж байжээ.

Монголын худалдаа аж үйлдвэрийн банк нь хувьцаа, облигац гүйлгээнд гарган үнэт цаас, металл, зоосон мөнгөн, үнэт чулуу худалдан авах, худалдах, хөрөнгийнхөө 30 хувь ашигт малтмал боловсруулах, худалдаа, тээврийн байгууллага байгуулах, концессуудад оролцох, хүлээн авах эрхтэй байжээ.

Банкны дараагийн зорилт нь мөнгөний шинэчлэл хийх 1925 оноос улсын бүртгэл, тооцоонд хятадын янчаан цаасан мөнгийг хэрэглэхгүй болж 24 оны намын III их хурал, улсын I их хурлын удирдамж чиглэлийг үндэслэн засгийн газар 1925-2-23-нд мөнгөний шинэчлэл хийх шийдвэр гаргаж үндэсний вальютыг “төгрөг” гэж тогтоож, мөнгөн зоос /18гр цэвэр мөнгөтэй дүйцэх 900 проб цаасан мөнгө гаргахаар шийдвэрлэжээ.

Ард түмэндээ зарлан тунхаглаж мөнгөн тэмдэгтийг 1925-12-09-нд гаргах байсан ч 8-нд 200144 төгрөгийн мөнгөн тэмдэгт, цагаан мөнгөн зоосыг 1926-02-01-нд анх удаа гаргаж янчаантай өрсөлдөх, баттай төлбөрийн хэрэгсэл болоход 2 үеийг туулсан, төгрөг алтан баталгаанд суурилснаар хатуу вальют болж чаджээ.

1927-04-06-нд Төгрөг, Янчааны ханш тэнцсэн. 1928-03-14-нд Төгрөгийн алтан баталгаа 40,3 ам/центтай, 4-р сарын 15-наас 1 мянган 95 мөнгөтэй тэнцэхийг зарлаж 1927-01-01-нээс улсын хэмжээнд иргэд байгууллагын төлбөр тооцоо, тайлан, үнэ, татвар, хураамжийг төгрөгөөр тооцох болжээ.

Зөвлөлт Орос улсын банкны Ерөнхий хорооноос мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасанд баярын цахилгаан 1925-12-09-нд ирүүлсэн байна.

Монголын засгийн газрын шийдвэрээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны салбаруудыг аймаг, орон нутагт дэс дараатай нээн ажиллуулсны дээр Хэнтий аймагт 1926 оны 09 сард 6-р хэлтэс нэртэй дарга, сургагч, ня-бо, нярав, хэлмэрч оронтыг байгуулж, Орос мэргэжилтэн Копейкин, Иванов, Чумаков зэрэг хүмүүс ажиллаж байжээ.

Монголын банкны үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хөгжил, бууралттай нягт холбоотойн дээр 1931-1940 онуудад мөнгөн гүйлгээг засгийн газрын баталсан кассын төлөвлөгөөгөөр зохицуулах, байгууллага 100 төгрөгөөс дээш гүйлгээг бэлэн бус, шилжүүлгээр хийх, мөнгөн орлогоо банканд тушаах, банкны зөвшөөрөлгүй зарцуулахыг хориглох, бүх орлогыг өөрийн хүчээр хураан төвлөрүүлэх, төлбөрийн ээлж дараалал тогтоох арга хэмжээ авчээ. Улс ардын аж ахуйг 1941 оноос жилийн төлөвлөгөөтэй, 1950 оноос таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж эхэлснээр Банкны байгууллага Касс-Эмисс, урт, богино хугацаатай зээл, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын санхүүжүүлэх жинхэнэ төв болсон.

ЗХУ, Монголын худалдаа аж үйлдвэрийн банканд оруулсан хувь хөрөнгөө Монголын талд шилжүүлснээр БНМАУ-ын СНЗ-н 1954-06-02-ны 120-р тогтоолоор БНМАУ-ын Улсын банк болгон өөрчилж Ю.Цэдэнбал дарга гарын үсэг зуржээ.

Ингэж Улсын банк байгуулагдсанаар аймаг, хот суурин газар, суманд Улсын банкны хэлтэс, салбар хэлтэс тооцооны кассууд байгуулагдсанаар улс орны хэмжээний мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо /дотоод, гадаад/ урт, богино хугацаат зээл, вальют, хөрөнгө оруулалт, хадгаламж, төсвийн орлого, зарлага үнэн зөвөөр гардаг бодит ажил, амьдралын жинхэнэ тусгал болсон юм.

Монгол улс төлбөрийн зоосыг 1925-2001 онуудад 10 удаа гаргаж Орос, Хятад, Герман улсад үйлдвэрлэж байгаад 1970 оноос дотооддоо хийсэн дурсгалын зоосыг 1970 оноос хойш 200 гаруй удаа гаргаснаас 1992 онд 250 мянган төгрөг алтан зоос 1996 онд 5000 төгрөг мөнгөн зоос гаргажээ.

Мөн цаасан мөнгөн тэмдэгтийг 1925-1983 онуудад 7 удаа шинэчилсэн дэвсгэрийн хэмжээ том, бага, үсэг хуучин монгол, криллээр, соёмбо,  таван хошуу малын, морины дүрстэй сүлдтэй, Д.Сүхбаатар, Чингис хааны зурагтай, Банкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ЗХУ-д хийлгэж байжээ.

Шинэ үндсэн хууль батлагдаж Монгол улс болсноор 1993 онд шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргажээ.

Монголын банкны байгууллагын түүх нь улс орноо 40 гаруй жил удирдан жолоодсон. Монгол улсын, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал даргын ажил үйлстэй холбоотой. 1939-1940 онд Сангийн яамны дэд сайд, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажилласан байна. Ю.Цэдэнбал дарга улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсад улсынхаа нэр хүндээ дээшлүүлэх, мөнгө-зээлийн системийг бэхжүүлэхэд ухамсарт амьдрал, оюун билэг, авьяас чадвараа зориулсан нам, төрийн зүтгэлтэн юм.

Ялангуяа мөнгө-зээлийн системийг сайжруулахаар авсан арга хэмжээ нь: Нам, улсын их хурлуудад тусгаж аж ахуйн газруудын хоорондын тооцоог журамтай болгож ар, авлагыг устгах, барилгын төлөвлөгөө, төсөв, санхүүжилтийг банкаар гүйцэтгүүлэх, дүгнэхдээ үе шатны ажил дууссан, ашиглалт өгснөөр авч үзэх, үйлдвэр, аж ахуйн газруудын эргэлтийн хөрөнгөнд норматив тогтоон өөрийн, зээлийн гэж зааглан хяналт тавих, Намын төв хорооны 1959 оны IV бүгд хурлаас хөдөө аж ахуйн нэгдлийг бүх талаар дэмжиж бэхжүүлэх, мөн 1970 оны VIII бүгд хурлаас хөдөлмөрийн хөлс олгох социалист зарчмыг мөрдүүлэх, санхүү, банкны байгууллага цалингийн фондын зарцуулалтад хяналт тавих, МАХН-ын 1971 оны XVI их хурлаас үйлдвэр, аж ахуй газруудыг эдийн засгийн шинэ системд шилжүүлж аж ахуйг удирдах, төлөвлөх ажлыг боловсронгуй болгож, барилгын ажлыг томсгосон тооцоогоор санхүүжүүлэхтэй холбогдуулж аймаг, хотын банкны хэлтсийн дарга нарыг хүлээн авч ажил хэргийн удирдамж чиглэл, үүрэг даалгавар өгсөн байна.

Олон улсын хэмжээнд 1963 оноос Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын засгийн газрын хуралдаанд оролцож олон тал тооцооны систем нэвтрүүлэх хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, вальют, санхүү, зээлийн үйл ажиллагааг социалист интеграциар хөгжүүлэх нэг зүйл нь сэвийн орнуудын олон улсын хөрөнгө оруулалтын банк байгуулж, улсын банк гишүүний хувьд үйл ажиллагаанд оролцож тогтоосон журмаар төлбөр, тооцоог хийж эдийн засгаа хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл авч байжээ.

БНМАУ-ын ардын их хурлын тэргүүлэгчид зарлигаар 1976 онд Эрдэнэт хот байгуулагдсан, Банкны хэлтэс БНМАУ-ын СНЗ-ын 1975 оны 105-р тогтоолыг үндэслэн улсын банкны ерөнхий хорооны даргын 1975-07-18 өдрийн 3/229-р тушаалаар 7 сарын 23-нд 10 хүнтэй үйл ажиллагаа эхэлж даргаар Г.Шагдар, ня-бо Н.Бат-Очир ажиллаж байжээ. Тус хэлтэс 1990 оны эцэст салбар хэлтэс, тооцооны касс 7-той 67 хүнтэй ажиллаж хотын үйлдвэрийн аж ахуйн газар, ард иргэд, төсөвт болон нам олонхын байгууллагын дансаар бүхий л бэлэн, бэлэн бус мөнгөний гүйлгээ, зээл, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж улсын төлөвлөгөөний биелэлтэд төгрөгөөр хяналт тавьж, эмиссын гүйлгээг эрхэлж байв.

Мөн харилцагч Эрдэнэт үйлдвэр, Хивс, Хүнсний комбинат, модны, эсгий, эсгий гутлын үйлдвэр, улаан толгойн САА зэрэг газруудад мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо, зээлээр үйлчилж байсан. Улс орны хөгжлийн шаардлага, банкны үйл ажиллагаа өргөжиж байгааг засгийн газраас анхаарч 1979 оны 1 сарын 1-нээс хэлтсийг банкны контор болгон өөрчилж, Зээл-мөнгөн эргэлт, бүртгэл гүйлгээний хэлтэс болгон өөрчилж, салбар хэлтэс, тооцооны касстай үйл ажиллагаа явуулж байгаад Банкны 2 шатлалт тогтолцоо хуульчлагдан Монгол банкны ерөнхийлөгчийн 1991 оны 316 тушаалаар Монгол банкны салбар шинээр байгуулсан, үүний дараа анхны арилжааны 7 банк, мөн 2000 оноос 9 арилжааны банк ажилласан хэдий ч эрх зүйн чадамжгүйгээс ихэнх нь дампуурсан юм.

Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхтэй холбогдон Улсын банкийг хоёр шатлалтай болгох асуудлыг 1991 онд Банкны тухай хууль батлагдсанаар Төв банк /Монгол банк/, Арилжааны банк болж 1996 оны шинэчилсэн хуулиар Монгол банк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, засгийн газраас хараат бус санхүүгийн зуучлагч, зээл олгох, вальютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаад төлбөр тооцоог боловсронгуй болгох, Улсын их хурал Монгол банкны дүрэм, тайлан, аймгийн хуваарилалт, орлого, зарлагын төсөв, ерөнхийлөгчийг баталж байхаар хуульчлагдсан байна.

Төв банк Арилжааны банканд хяналт тавьж /даалгавар, сануулга өгөх, торгууль тавьж, үйл ажиллагааг хязгаарлах, захирлыг түдгэлзүүлэх, онцгой дэглэм тогтоох, эрх хүлээн авагч томилох, зөвшөөрлийг хүчингүй болгох заалт тусгагдсан, мөн зээл олгох, хязгаар тогтоох, банк хоорондын төлбөр тооцоог журамлах, заавал байх нөөц тогтоох зэргээр харилцаж байхаар болжээ.

Дотоод, гадаад эзэнтэй арилжааны банк олноор байгуулагдаж эрх мэдэлтэй, өндөр албаны тушаалтан, танил талаараа хуйвалдан их хэмжээний зээл авч улсын өмчийг үнэгүйдүүлж авахад зээл нэрээр мөнгө хүүлж үлэмж ашиг олж, ХЗХ, Ломбард, ББСБ, мөнгө зээлдүүлж хүүгээр баяжигчид олширсон байна.

Арилжааны банк 20-иод байгуулагдсан хэдий ч төлбөрийн чадвар дорой, эрсдэлтэй зээл ихээр олгосон, дотоод мэдээлэл, хяналт сул, харилцагч байгууллага зээл төлөх чадваргүй болж анх байгуулагдсан. Монгол хоршоо, Төв Ази, эдийн тэнгэр, ард даатгал, СББ, ХОТШ, экспорт-импорт зэрэг 10-аад банк дампуурсан байна.

Монгол улсад Ардчилсан хувьсгал гээч ялж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд өмчлүүлж, гадаад паспорт олгож, гахай үүрүүлж, тонноор пийжүү, спирт зөөж хугацаа дууссан машин оруулж ард олныг мансууруулж байгаад өмч хувьчлал гэж ягаан, хөх хувьцаа өгч эрх мэдэл бүхий албан тушаалтнууд социализмын бүтээн байгуулсан үйлдвэр, завод комбинат, аж ахуйн газруудыг хувьчлал нэрээр үнэгүйдүүлэн ах дүү, танил талаараа хуваан авч олон зуун ажилчдыг гар хоосон, гахай явган болгож, хогийн цэг, траншейны нүхэнд очуулснаар ядуучуудын эгнээ бий болсон.

Дээрх үйл явдлуудтай зэрэгцээд хээл, хахуул, авлига бий болж улсын хөрөнгөөр судлагдан нөөц нь тогтоогдсон байгалийн баялгийг лиценз цаасаар /хайгуул, олборлолт, ашиглалт/ эзэмшилдээ авч гадаад хүмүүс, пүүс компанид худалдаж баяжиж улмаар зөвшөөрөлгүй хулгайгаар ашиглах болсон.

УИХ гишүүдээс эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын шунал улам асаж өөрсөддөө ашигтай хууль, журам баталж ЖДҮ, үнэ тогтворжуулалт, татварын хөнгөлөлт, тэглэлт, олон төрлийн сан байгуулж мэдээлэлд ойроороо хувааж идээд, ханалгүй, нүүрсний хулгай тэрбумаар гарч олон түмний боломжийг хулгайлаад ямар ч хариуцлага хүлээхгүй, шударга хуулийн байгууллага үгүй болж, сонгуулийн өмнө янз бүрийн уулзалт, ярилцлага, чуулган, форм, хоршоо г.м хурлуудаар ард олны тархийг угааж төөрөгдүүлэн сонгогдохоор явж буй даанч ичгүүртэй санагдаж байна.

Аж ахуйн газрууд орлогоо нууж хоёр тайлан гаргадаг, далд эдийн засаг, хулгай, авлига арилаагүй нөхцөлд арилжааны банк, улсын хэмжээний бүртгэл, тооцоо, эдийн засгийн судалгаа, Улсын банк байх үеийн тайлан мэдээ шиг улсын хэмжээний эдийн засгийн ажил амьдралыг үнэн зөв бодитой харуулдаг гэдэгт эргэлзэх болсон.

Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй мөнгө /капитал/, техник, технологи, маркетинг, менежментийн арга ухааныг гаднаас оруулж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх болохоос ардчилсан Монгол хэмээн хэчнээн хөөрцөглөөд хөгжихгүй гэдгийг ухаарах цаг болжээ.

Энэ оны /2024 оны 6 сарын 2-нд болох/ Монгол улсад банкны байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан банкны байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд өөрийн ажилласан Архангай, Хэнтий, Орхон аймгийн банкны ахмадууд болон одоо ажиллаж байгаа ажилтнуудад их ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе.

Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)