Э.МАРАЛ
"Оюу толгой" ХХК-ийн 4000 ажилтан, тэдний гэр бүлийн 20 мянган хүний эрх ашгийн төлөө ажилчид жагсаал хийв.
Ажилчдын төлөөлөл "Оюу толгой компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан шийдвэр гаргасан. Иймд хууль зөрчиж ажилчдын цалинг багасгаж буй явдалд шинээр хороо байгуулаад дуу хоолойгоо нэгтгэн тайван жагсаал зохион байгуулж байна. Бид Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт хүргүүлсэн. Түүнчлэн шинээр ажилд орсон ажилтан туршилтын хугацаандаа тус ажил хаялтад орсон гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан асуудал гарсан. Тухайн ажилтан ажиллаж байх хугацаандаа ямар ч зөрчилгүй байсан гэдгийг ахлах ажилтан нь тодорхойлсоор байтал шууд менежерийн тушаалаар ажилдаа тэнцэхгүй гэж хөдөлмөрийн гэрээг нь цуцалж байгаа явдал нь Оюу толгойн дотоод дүрэм журмыг зөрчиж байгаа юм. Уг асуудлаар хүний эрхийн байгууллагад гомдол гаргасан. Мөн Оюу толгой компанийн 94 хувь нь монгол, зургаан хувь нь гадаад ажилчид байгаа ч цалингийн зардлын 60 хувь нь монгол ажилчдад, 40 хувь нь гадаад ажилчид авдаг гэсэн судалгаа, баримт байгаа. Бид үүнд мэргэжлийн хүмүүсээр тооцоо бодуулж үзэхэд ажилчдын цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзэхэд монгол ажилчдынх нь найман хувь, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчны цалинг авч байна.
Компани 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний гүйцэтгэх захирлын тушаалаар цалин хөлс олгох журамдаа 168 цагийг бүхэл цагаар аваад түүнээс илүү гарсныг илүү цагаар бодно. 168 цаг дотроо ажилласан илүү цагийг 14 хоног амарч байгаадаа нөхөж амраасан гэж үзнэ гээд заачихсан. Үүнд Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 28-нд тайлбар гаргаж, үүнийг хуульд нийцээгүй байна. Илүү цагийг олгох нь зүйтэй. Илүү цагийн асуудлыг хамтын хэлэлцээрээр зохицуулна гээд заагаад өгчихсөн. Иймд бидний хүсэж байгаа зүйл бол ажил олгогчтой хамтын хэлэлцээрийг эхлүүлэх юм" гэв.
"Оюу толгой” ХХК-аас харин энэ асуудлаар тодруулахад “Ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах эрхийг дэмжиж, ямагт хүндэтгэлтэй ханддаг. Бид ажилтнуудын ашиг сонирхолд нийцсэн, сайн сайхан байдлыг нь дэмжсэн нэгдсэн шийдэлд хүрэхийн төлөө Үйлдвэрчний эвлэлийн хороодтой Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхийг хичээсээр ирсэн, одоо ч цаг алдалгүй эхлүүлэхэд бэлэн байна. 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс хойш бид "Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Оюу толгой” орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчидтэй гурвалсан уулзалт удаа дараа хийж, шаардлагатай бүхий л дэмжлэг зохицуулалтыг хийсээр байна. Харин "Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороод нь хуулийн хүрээнд хамтын хэлэлцээг эхлүүлэхэд тавигдаж буй шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тодруулбал, хуулийн дагуу хамтын хэлэлцээг эхлүүлэхээс өмнө үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн хэлэлцээнд орох бүрэлдэхүүнийг харилцан тохиролцох ёстой боловч өнөөг хүртэл тохиролцоонд хүрээгүй байна. Компанийн хувьд, уг шаардлага хангагдмагц хамтын хэлэлцээг даруй эхлүүлэх боломжтой гэдгийг мэдэгдсээр байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хороод нь хоорондоо хамтран ажиллаж, хэлэлцээнд орох бүрэлдэхүүний асуудлыг үр дүнтэй, харилцан хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэн, хуульд заасны дагуу хамтын хэлэлцээг эхлүүлэхээр ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн тус компанийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)