Л.ХУЛАН

 

“Алтаргана” наадам нь анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр зохиогдож байсан бол өдгөө Дэлхийн монголчуудын хамгийн том эвэнт, зан заншлын баяр болон өргөжжээ.  Энэ жил тус наадам 15 дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоодугаар сарын 26, 27-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд зөвхөн буриад зон олон төдийгүй бүх үндэстэн ястнууд оролцох боломжтой билээ.  Тэгвэл өчигдөр “Алтаргана” наадмыг угтсан “Алтаргана Ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Энэ үеэр шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан бөгөөд доктор Б.Отгончимэг болон профессор Г.Оюунбаяр нарын илтгэл шилдгээр шалгарсан байна. Буриад зоны урлаг, утга зохиол түүний онцлогийн талаар эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэе.

 

Буриад соёл өв, уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан: “Алтаргана” наадмыг дэлхийн монголчууд зорин ирж байна

-Энэ удаагийн “Мир Алтаргана” буюу “Алтаргана Ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Буриад соёл өв, уламжлалыг хөгжүүлэх сан,  Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурал нь “Буриад зоны хөгжил, цаашдын ирээдүй”, “Буриад судлал, түүх соёл, хэл шинжлэл, утга зохиол түүний үүрэг” гэсэн ерөнхий гол хоёр сэдвийн дагуу боллоо.  “Алтаргана” наадамд дэлхийн өнцөг булан бүрд суугаа буриадууд цуглаж, аялал жуулчлалыг соёлтой холбож байна.  Одоогийн байдлаар  30-аад орны 30 мянган хүн оролцохоор яригдаж байна.  “Мир Алтаргана” гэдэг нь Оросоор Мир  нь “энх тайван” гэсэн утгатай үг. Буриад үндэстэн бол Өвөг Монголчууд.   энэ ч утгаараа  бүх Монгол туургатныг энх тайвнаар нэгтгэх гэсэн санаа. Тийм учраас “Алтаргана” наадмыг Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн ястнууд зорин ирсээр байна. Тэр дунд Итали хүн ч бий. Эрдэм шинжилгээний хуралд манай улсын шинжлэх ухааны академийн эрдэмтдээс гадна Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгаас, Агийн буриадаас, Буриад улсаас зорин ирж оролцлоо. Энэ жилийн “Алтаргана” наадамд спорт, урлагийн их наадам, дөрвөн насны морьдын уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад  ардын болон орчин үеийн буриад дуу дуулах, эсээ бичлэг, буриад үндэсний хувцас урлах, баримтат болон уран сайхны киноны уралдаан  гэх мэт 14 төрлийн уралдаан тэмцээнийг явуулж шилдгийн шилдэг номинацуудыг шалгаруулна.

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхбаяр: Буриадын зохиолчид буриадаар зохиолоо бичих хэрэгтэй

-“Алтаргана Ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Буриадын яруу найраг дахь соёлын үнэт зүйл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Аль ч улс үндэстний оршихуйн дархлаа нь соёлдоо байдаг. Ялангуяа цөөн тоот үндэстний оршихуйн дархлаа болсон соёлын асуудал бидэнд тулгараад байна. Энэ нь бидний шийдвэрлэх ёстой гол асуудал. Энэ ч утгаараа цөөн тоот үндэстний соёлд орчин үеийн техник технологийн дэвшил, гадаад хэл соёлын нөлөө, амьдарч байгаа орчин ахуй гээд олон хүчин зүйлүүд нөлөөлж соёлд экологийн асуудал тулгардаг. Экологи гэдэг зөвхөн байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалах талаар зүйл биш.  Хэл соёлоо унаган төрхөөр нь хадгалах дараагийн үедээ дамжуулах тухай юм. Буриад  зоны хувьд энэ нь тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь. Өдөр ирэх тусам орчин үежиж байгаа энэ үед Буриад үндэстэн хэл аялгууныхаа давтагдашгүй байдлыг алдсаар, ахуй амьдралынхаа оргинал орчноос холдсоор байгаа. Энэ нь тухайн үндэстний буруу биш. Хамгийн гол нь  өв уламжлалаа хэвээр нь байлгахын сацуу яаж орчин үетэйгээ нийцүүлэх вэ гэдэг нь чухал. Үүнийг шийдэх гарц гаргалгаа нь тухайн  ард түмний бүтээсэн аман ба бичгийн зохиолоор дамжуулан өв соёл, уламжлалт зан заншлаа авч үлдэх юм. Өөрөөр хэлбэл Буриадын зохиолчид буриадаараа зохиол бичиж, Буриад ард түмэн буриад аялгаараа ярих хэрэгтэй. Буриад эсвэл монгол бичгээр зохиол бичсэн зохиолыг кириллээр хөрвүүлэхэд утгын хувьд ялгаагүй ч гэсэн ойлгогдох, уншигчдын сэтгэлд хүрэхдээ эрч нь буурдаг байх жишээтэй. Ийм учраас буриад хэл аялгуу, ахуй соёлоо зөвхөн өөрсдийн  орчиндоо биш бүхий л цаг үед хэрэглэж бусдад таниулж, цааш нь түгээн дэлгэрүүлж байх хэрэгтэй.

 

Өвөр Монголын их сургуулийн багш У.Халиунаа: Хөлөнбуйр аймгаас “Алтаргана” наадмыг зорин ирсэн

-Би Соёл урлагийн их сургуулийг 2007 онд төгссөн. Одоо Өвөр Монголын Хөлөнбуйрын их сургуульд ажиллаж байгаа. “Алтаргана”  наадам болох гэж байгаа талаар мэдээлэл аваад, “Алтаргана Ертөнц” олон улсын эрдэм шинжилгээний  хуралд оролцох гэж ирсэн.  Хуралд “Монгол бий биелгээ- Ёохор бүжгийн хэв нам, онцлогууд” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа.  Аливаа угсаатны үзэл туульс, түүх, үүсгэж бий болгосон ахуй амьдралын онцлогийг хүний биеийн уран нарийн хөдөлгөөнийг хөгжмийн ая, татлага, хэл аялгуутай хавсран илэрхийлсэн хэлбэр бол бүжиг, бий биелгээ юм. Үүнийг бүжгийн өв гэж нэрлэж болно. Үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн судлаачид бүжгийн угсаатны зүй, антропологи  болон урлаг судлалын  чиглэлээр хөгжүүлж ирсэн бөгөөд бүжгийн соёлын өв уламжлал мэдлэг гэх нэр томьёо харьцангуй хожуу үүссэн байдаг. Гэсэн ч бүжгийн өвийн талаар олон судалгаа хийгдсэн байдаг.  Миний хийсэн судалгааны тухайд Монголын угсаатны бүлгийн бүжгүүдийг судлах, олон улсын угсаатны бүжгийн антропологийн судалгааны онол үзэл баримтлал болон  соёлын биет бус өвийн хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцын үзэл баримтлал, бүжгийн өвийг уламжлалт хэв намбаар хадгалж хамгаалах түүний оршин тогтнох чадварыг хангах, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдэж байгаа.

 

Профессор Г.Оюунбаяр: Буриадууд IQ өндөртэй байдаг

-Хятадад байдаг Буриадуудын хувьд төв, зах зээлээсээ нэлээн хол. Тэд Хятадын нэг захад ч Монголд ч ялгаагүй малчин, нүүдэлчин маягаар, интернэтийн хамралт бага нутагт аж төрөн амьдарч байгаа. Дата үйлчилгээний тухайд 8 хувьд нь хүртээмжтэй. Одоо буриадуудад ямар нөөц бололцоо байна вэ, Энэ маягаараа байгаад байх уу, Хот нүүх, гадаад руу хараар ажиллахаар гарах уу, Эсвэл нутагтаа ажилтай, орлоготой амьдрах боломж бололцоог нь бий болгох уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Харин энэ асуудлыг шийдэхэд тэдэнд өөрсдөд нь ямар нөөц бололцоо байгаа вэ гэдгийг тооцож үзэх нь чухал.

Буриадуудын талаар батлагдсан нэг тоо баримт байдаг.  Тэд хавтгай нүүртэй, тархины багтаамж нь том. Энийг хэмжсэн маш нарийн тоо ч бий. Түүгээрээ ч Оросдоо их алдартай. Буриадуудын байдаг байршил газар нутгийн хувьд диваажинтай төстэй газар амьдардаг. Тэдэнд нутгаа голох шилэх гэсэн тийм асуудал байдаггүй. Монголд ч, Оросод ч ялгаагүй нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр том газруудад амьдардаг онцлогтой. Буриадууд өвөг монголчууд гэдэг утгаараа Монголоос гарсан ч хаана ч энх тайвнаа тогтоон амьдарч чаддагийг “Факс Монголика”-аас ч харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7386)