Б.ЖАВХЛАН
Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1 буюу ирэх пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх. Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Цахимаар бүртгүүлэхдээ E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно. “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно. Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно. Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ. Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно. Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эх сурвалж: www.zms.mn