Баатарын НЯМСҮРЭН

 

Хуудсыг нь сөхөх бүрд шинэ бодол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буланд “Цагаан Уул” туужийн зохиогч Б.Дэлгэрцэцэгийг урилаа.

 

Удвал, Цагаан Уул, Сарнай нарын амьдралаар аялаарай

 

-Би 2020 онд Удвал туужаа уншигчдад хүргэсэн. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн ном болсон гэж хардаг. Одоогоор хоёр дахь цуврал туужаа гарсан байна. Эргээд бодоход “Удвал”, “Цагаан Уул” туужийн уншигчдад хүрсэн хугацаа нь холдсон байж мэднэ. Учир нь дөрвөн жилийн зайтай мэндэлсэн. Анхны бүтээлээ бичиж эхлэхдээ гурван цуврал байхаар төлөвлөсөн. Нэг цувралыг нь уншсан байхад дараагийн бүтээлийг унших хүсэлд хөтлөгдөж мэднэ. Удвал, Цагаан Уул, Сарнай хэмээх гурван бүсгүйн тухай өгүүлдэг. Эдгээр бүсгүйчүүдийн амьдрал нөхөрлөлийн тухай гарна. Хэдий тэд өөр зан ааш, хүсэл сонирхолтой боловч насан туршдаа нөхөрлөж нэгэндээ нөмөр нөөлөг болдог. Хүн бүрийн амьдрал хувь тавилан адилгүй учраас тэдний ертөнцөөр аялаарай. Харин Цагаан Уул бүсгүй их дайчин зантай. Бага насны  мөрөөдлөө биелүүлдэг. Мөн хүн үр өөрийн гэсэн оноогдсон хувь заяатай бөгөөд давах ёстой даваа гэж бий. Үнэхээр дутах зүйлгүй аж төрж байгаа ч өөр асуудал амьдралд гарч ирэхийг үгүйсгэхгүй.

 

Дараагийн цуврал буюу “Сарнай”

 

Номын нэр их содон. Одоогоор Монголд Цагаан-Уул гэдэг нэртэй хүн байхгүй юм билээ. Миний номд анх удаа ийм нэртэй эмэгтэй гарч байгаа. Мөн Цагаан Уул цэцгийн түүх сонирхолтой. Монголчууд бид үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэж бэлгэшээдэг. Хэзээ ч ганддаггүй цэцэг. Тиймээс бүсгүйчүүдээ энэхүү үзэсгэлэнт цэцэгтэй зүйрлэмээр санагддаг.

Өнгөрсөн онд Америк улс руу ажлын айлчлал хийсэн, мужуудынх нь боловсролын тогтолцоог нь судалсан.  Энэ бүхэн “Цагаан Уул” туужаа бичихэд түлхэц болсон. Би уншигчийн санал сэтгэгдлийг илүүд үздэг. “Цагаан Уул” номын уншигчдаас  “Дараагийн туужаа хэзээ гаргах вэ” гэсэн асуулт их ирсэн. Гурав дахь цуврал  болох “Сарнай” номоо бичиж байгаагаа дуулгахад таатай байна. Ирэх есдүгээр сард уншигчдад хүргэхээр төлөвлөөд шамдаж байна. Энэ удаагийн тууж маань хүмүүсийн сэтгэлд их нийцсэн нь ирүүлсэн зурвас, хэлж байгаа сэтгэгдлээс нь ажиглагдсан. Эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлсэн хэмээх үгнээс илүү ихийг бүтээх сэдэлд хөтлөгдсөн. Би уншигчдынхаа эрэлт хэрэгцээг мэдэрдэг. Гэхдээ дагаад явахыг хүсдэггүй. Дагуулах ёстой гэж боддог. Өмнөх бүтээлээсээ сайн бичихийг хичээдэг. Номоо бичиж дуусаад, хэвлүүлэх үе бол юутай зүйрлэмгүй аз жаргалыг мэдрүүлдэг дээ. Тодорхой цаг хугацааны дараа засаж сайжруулах зүйл нь ажиглагдах нь бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)