Б.НЯМСҮРЭН

Хүчтний өлгий нутаг Архангай аймгийн таван сумын ой энэ жил өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Бид энэ удаа тус таван сумын ойн барилдааны мэдээллийг хүргэж байна.

 

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн нэмэх начин Ц.Отгонбат

Тус ойд аймгийн харцага Б.Анхтөр үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан С.Сүхбат, сумын заан А.Тодмагнай нар шалгарлаа.

 

“Бөх билэгт” дэвжээ, Сүндэр группийн бөх аймгийн начин Ц.Отгонбат нь Архангай аймгийн Өлзийт сумын уугуул. Энэ удаа өөрийн төрсөн нутгийнхаа 128 бөхийн барилдаанд одтой сайхан наадаж түрүүлсэн юм. Энэ тухайгаа “Даваа бүр амаргүй байлаа. Нутгийнхаа түүхт ойд эртээс ач холбогдол өгч бэлтгэл, сэтгэл зүйдээ анхаарсан. Түрүүлээд аав болон өөрийн алдраа дуудуулах мэдрэмж сайхан юм билээ. Үзүүр түрүүнд аймгийн арслан Анхтөртэй барилдсан. Мөн тав болон зургаагийн даваанд тунасан. Нутгийн түмэнтэйгээ баярын сэтгэгдлээ хуваалцсан” гэсэн юм. Тэрээр энэ сарын 10-нд зохион байгуулагдсан Налайх дүүргийн баяр наадамд тав давж цолоо баталсан идэр хүчтэн юм. Түүний хувьд жүдо, самбо суурьтай. Харин 2010 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Тухайн жилээ Өгийнуур сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2013 онд Архангай аймгийн 90 жилийн ойд тав давж аймгийн начин болсон билээ.

 

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн арслан Б.Шаравдорж

Улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.

 

“Бөх билэгт” дэвжээ,”Алдар” спорт хорооны хүчтэн Б.Шаравдорж нь хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан төрж өссөн нутгийнхаа 100 жилийн ойд түрүүлэв. Тэрээр энэ цаг үед зүлэг ногоонд дэвжээнд өнгөлөн барилдаж  буй “Z” үеийн төлөөлөл. Түүнийг бөх сонирхогчид өндөр цолонд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэдэг. Тэрээр одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд  анхны цолоо хүртэхдээ сумын начин болсон. Төд удалгүй хэдхэн хоногийн дараа сумын наадамдаа түрүүлж заан цолоор амжилтаа ахиулсан.  Өнгөрсөн онд бэлтгэл нь чамбайрч Багануур дүүргийн барилдаанд түрүүлж арслан цол хүртсэн. Энэ цагийн идэрхэн хүчтэн.

 

Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн арслан Г.Мөнхбаяр

Тэгвэл улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн заан н.Мөнхбаяр, аймгийн нэмэх начин О.Баярбаасан нар шалгарлаа

 

“Алдар” спорт хорооны тамирчин Г.Мөнхбаяр төрсөн нутгийнхаа 100 жилийн 128 бөхийн барилдаанд түрүүллээ. Тэрээр даваа бүрдээ нягт хариуцлагатай барилдаж энэ жилийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртсэн юм. Учир нь наадмаар аймгийн заан цолоо ахиулж  Архангай аймгийн наадамд түрүүлж арслан болж чадсан. Г.Мөнхбаяр арслан бөхийн спортоор 2017 оноос эхэлж хичээллэсэн билээ.  Тэрээр тамирчин болсон хувь заяагаа “Даваа авахын төлөө барилддаг учраас туг тойрох агшин сайхан” хэмээн тодорхойллоо. Түүнийг удахгүй болох Орхон, Говьсүмбэр аймгийн наадам, Даншгийн дэвжээ хүлээж буй. Цолоо батлахыг ч үгүйсгэх аргагүй.

 

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн улсын начин Л.Отгонбаатар

Улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан У.Батгэрэл, Э.Нандин-Эрдэнэ нар шалгарлаа.

 

Улсын начин Л.Отгонбаатар нь төрсөн нутгийнхаа ойд урамтай сайхан барилдаж түрүүлэв. Өнгөрсөн жилийн төрийн наадамдаа тав давж начин цол хүртсэн. Ингээд хамгийн залуу начнаар шалгарч түмнийхээ уухайн дуунд хурдан удмын даага хөтөлсөн. 2013 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж аймгийн арслан болсон бол дараа жил нь Өмнөговь аймгийн баяр наадмыг зорьж аймгийн заан П.Баярхүүд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цолтой болов. Харин 2015 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж заан цолоо баталсан байдаг. 2019 онд дахин заан цолоо баталсан. 2020 онд Бүх цэргийн баяр наадамд  найм даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн. Үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр барилддаг тэрээр нэгэн цагт ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож явсан удаатай.

 

Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн улсын заан С.Сүхбат 

Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Их шөвөгт Жаргалант сумын харьяат, аймгийн заан Б.Энх-Амгалан, Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Пүрэвжанцан нар шалгарлаа.

 

Улсын заан С.Сүхбат заан цолоо мялааж Жаргалант сумын ойд эр бяраа гайхуулж түрүүлж чадлаа. Өнгөрсөн жилийн наадмаар зургаа давж зааны даваанд тахим буулгасан. Гэвч өрсөлдөгч бөхөөс нь допинг илэрч энэ жилийн наадмаас өмнө заан цолоо нөхөж авсан. Тэрээр анхны цолоо 2017 онд Хашаат сумандаа хүртсэн. 2022 онд арслан цол хүртэж удалгүй цолоо баталж чимэг нэмэв. Долоон жилийн өмнө чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд одоогийн улсын начин Э.Батмагнайтай хүч үзэж явсан удаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)