Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Өвөг дээдэс маань хүмүүний амьдралыг үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх төдий л юм шүү хэмээн захисан нь бий. Энэ л богинохон хугацаанд хүн бүрийн туулах тавилан, амьдралын зам мөр өөр. Тэгвэл өөрийн хувь заяа, ажил амьдралаа эх орныхоо зүүн өмнөд этгээд Дорнын шаргал говьдоо зориулан аж төрж буй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын засаг дарга И.Батсүрэнг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолж байна. 

Уудам шаргал талдаа тэмээн сүрэг тааваараа идээшилж, Үзэсгэлэнт бүрдэнэ булгийнхаа энгэрт өнгөрснөө дурсаж, ирээдүйгээ тодорхойлон 100 жилтэйгээ золгож буй говийн нэгэн сумын талаар энд сийрүүлнэ. Хуучны Цогт бэйсийн хушуу, хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрэх ид шидийн анагаах увидастай баян бүрдтэй, холын хүний мэлмийг баясгах аргаль угалз, агь таанатай энгүй баян нутаг билээ.

Эрдэнийн сургуульд сурч эрдмийн их уухайг нь уудлан эзэмшиж, их аянд мордсон олон мэргэжилтэнтэй, эх орныхоо урд хилийг сахин суух 100 жилийн түүхтэй эрхэм хүмүүсийн Эрдэнийн өлгий юм.

 

Ээжийнх нь мэргэжил Эрдэнэ сайхан нутагтай хувь заяаг нь холбожээ

И.Батсүрэн нь 1971 онд С.Идэрмаагийн хоёр дахь охин болж Дорноговь аймгийн Эрдэнэ суманд мэндэлжээ. Түүний ээж С.Идэрмаа нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан бөгөөд ээжийнх нь мэргэжил түүнийг энэ сайхан нутагтай холбожээ. Тэрээр ээжийнхээ тухай “Миний ээж 17 настай санхүүгийн сургуулийг дүүргэн Эрдэнэ суманд цалингийн нягтлангаар томилогдон ирж ажил, амьдралын гараагаа эхлүүлж байсан гэдэг. Түүнээс хойш гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Дорноговь аймгийн Эрдэнэ суманд нягтлангаар ажилласан. Гавьяаны амралтдаа гараад үр хүүхэд, ач зээтэйгээ аж төрж байгаад 72 насандаа бурхан болсон” гэсэн юм. И.Батсүрэнгийн хүүхэд нас бусдын адилаар Эрдэнэ суманд ээж, ах дүү нарын хамт өнгөрчээ. 1978 онд Эрдэнэ сумын Соёлч дунд сургуульд элсэж, 1986 онд Сайншанд сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд элсжээ. Тэрээр хичээнгүй сурагч байсан бөгөөд сургуулиас зохиогдох урлаг соёлын арга хэмжээнд манлайлан оролцдог сурагч байж. Түүний хичээнгүй тууштай зан чанар нь төрийн албанд өдгөө 33 жил ажиллахад нөлөөлсөн ажээ.

 

Ангийн хөвгүүнтэйгээ гэр бүл болжээ

Амьдралын хамгийн чухал сонголтын нэг бол хорвоог хамт туулах ханиа сонгох байдаг. Тэгвэл И.Батсүрэн дунд сургуулийн ангийн хөвгүүн У.Жаргалсайхантай гэр бүл болж өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болжээ. Түүний хань У.Жаргалсайханы аав Уханаа нь сийлбэр, гөлөм, дээс шиддэг гарын дүйтэй хүн байж. У.Жаргалсайхан аавынхаа ур, ухааныг өвлөж гар урлал хийдэг байна. Энэ тухай “Сайн ханьтай учраас ажил, амьдрал минь тэгш, дүүрэн явдаг гэж боддог доо. Цаашдаа ч ханийнхаа нөмөр нөөлөгт олон жилийг хамтдаа туулна” гэсэн юм. Эцэг эхчүүдийн хувьд нийгэмдээ оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт бол үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, цаашлаад чадварлаг боловсон хүчин болгох байдаг. Тэгвэл У.Жаргалсайхан И.Батсүрэн нарын том охин Замын-Үүд сумын гаалийн газарт мал эмнэлгийн улсын байцаагчаар ажилладаг. Харин дараагийн охин нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг энэ жил био анагаахаар төгссөн. Харин бага хүү нь энэ жил есдүгээр ангиа дүүргэжээ. Үр хүүхдээ боловсролтой хүн болгож замыг нь засаж өгөх нь эцэг, эхийн үүрэг гэж боддог тухайгаа тэрээр “Хүүхдүүдээ чадварлаг боловсон хүчин болгож нутагтаа ажиллуулахыг эрмэлздэг. Тиймээс том охиноо Замын-үүд суманд ажилд оруулсан. Дунд охиноо бас орон нутагт ажиллуулах тухай ярилцаж байгаа. Учир нь орон нутагт чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгааг өөрийн биеэр мэдэрч байгаа учраас ийнхүү бодох болсон” гэв.

 

Мөлхөж өссөн нутаг, Мөргөж өссөн хайрхан минь

 

Төрж өссөн нутаг гэдэг хүний амьдралын бүхий л цаг үед хамт байж унаж босоход ч эцгийн хайр, эхийн  элбэрэл мэт сүүн цагаан зам мөр татуулдаг. Тиймээс И.Батсүрэн өөрийн төрж өссөн нутгаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр иржээ. Түүний ажил мэргэжил Эрдэнэ сумтай хэрхэн холбогдсон талаарх түүхийн хуудсаар аялуулья.

И.Батсүрэн 2000-2003 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль, нягтлан бодох бүртгэл, Татварын бүртгэл мэргэжлээр суралцжээ. 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер  мэргэжлээр төгссөн байна. И.Батсүрэнгийн ажил, амьдралаа эхэлсэн төрөлх нутагтаа өдийг хүртэл 33 жил ажиллажээ. Энэ тухайгаа тэрээр “1989-1990 оны хооронд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын яслид туслах ажилтан. 1990-1991 онд Эрдэнэ сумын соёлын төвд эхлэгч, 1991-1994 онд соёлын төвийн нярав, номын санч, 1994-1996 Соёлын төвийн захирал, 1996-2003 онд Засаг даргын тамгын газрын татварын байцаагч, 2014-2017 онд Засаг даргын тамгын газрын дарга, 2020-2024 онд Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байна” гэсэн юм.

 

Төр түшилцэж төрөлх нутгаа хөгжүүлж буй он жилүүд

Сумын залуучуудын холбооны тэргүүлэгчид /1990 он/

И.Батсүрэн 33 жил төрийн албанд ажиллажээ. Үйлчилгээний ажилтнаас удирдах албан тушаалд очтолоо өсөн дэвшсэн нь түүний хичээл зүтгэл, үнэнч зан чанартай холбоотой. Тодруулбал, тэрээр 2020 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж хамгийн өндөр саналаар аймаг, сумын ИТХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Эрдэнэ сумын Засаг даргаар томилогдожээ. Энэ талаар “Нутгийн ард иргэдийнхээ итгэлээр би сумын Засаг дарга хэмээх хүндтэй албан тушаалд томилогдоод дөрвөн жил болж байна. Тодруулбал, төлөөллийн байгууллагад Эрдэнэ сумын иргэд маань маш өндөр саналтайгаар намайг сонгосон. Миний хувьд итгэлийг зүтгэлээр хариулахаар хичээж ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жил тийм ч дардан байсангүй. Тухайлбал, Манайх мал аж ахуй зонхилсон сум. Гэвч цар тахал, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан олон сорилттой тулгарч амаргүй цаг хугацаанд сумын Засаг даргын ажил үүргийг гүйцэтгэлээ. Энэ үед нутгийн ард иргэдийн дэмжлэг, туслалцаа, итгэл үнэмшил их байлаа. Урмаар тэтгэгдэж итгэлээр жигүүрлэн ажлаа саадгүй урагшлуулсаар үр дүнд нь 2021, 2022, 2023 онд аймгийн тэргүүний сумаар шалгарсан” гэсэн юм.

Монгол улсын ууган сумдын нэг Эрдэнэ сум энэ жил 100 жилийн ойтойгоо золгож байна. Дорнын шаргал говийнхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болсон буйдхан сумын 100 жилийн түүхийг бичилцэж буйгаараа бахархдаг тухайгаа И.Батсүрэн хэлж байсан юм. Мөн тэрээр сумандаа хэрэгтэй олон бүтээн байгуулалтыг хийжээ. Энэ тухайгаа “Энэ жил Эрдэнэ сайхан нутгийн минь 100 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээг тэмдэглэж өнгөрөөх хариуцлага дор олон ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд хамгийн чухал ажил бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр буюу дөрвөн тэрбум төгрөгөөр говийн бүсийн загвар эмнэлгийн ажлын бүтээн байгуулалт юм. Иж бүрэн тоног төхөөрөмжтэй жишиг эмнэлэг ашиглалтад орсноор иргэд маань бүх төрлийн үйлчилгээг сумандаа авах боломжтой болно. Мөн малчин иргэдээс гадна цэргийн анги, төмөр зам, сумын ажилгүй иргэдийг малжуулах төсөлд хамруулан амьдралын чанарыг дээшлүүлж байна. Шинээр ирж буй боловсон хүчнийг ажиллаж амьдрахад таатай нөхцөлөөр ханган ажиллаж байна” гэсэн юм.

Сумын Засаг дарга И.Батсүрэн суманд эрэлттэй байгаа мэргэжил эзэмшиж буй оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлж, эргүүлээд суманд нь урьж ажиллуулдаг ажээ. Тодруулбал, Бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш суманд нэн хэрэгцээтэй мэргэжлүүд болох Монгол хэл, Математикийн багш, эмч зэрэг мэргэжлээр оюутнуудыг бэлтгэж энэ жилээс эхний хүүхдүүд сургуулиа дүүргэж ажлын гараагаа төрөлх нутгаасаа эхлүүлэхээр болжээ. Мөн хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулан түүнийхээ дагуу хэрэгжүүлээд ажиллаж байгаа тухай Засаг дарга И.Батсүрэн ярьж байлаа.

И.Батсүрэнд олон ажлын санал ирж байсан ч тэдгээрээс татгалзан төрж өссөн нутгаа хөгжүүлж сумандаа ажиллаж амьдрах хүсэлдээ үнэнч үлдэж, төрсөн нутгийнхаа хөгжлийн өнгийг тодоор гэрэлтүүлэхээр их үйлсийг эхлүүлэн зорьж яваа эмэгтэй юм. Төр түшилцэж төрөлх нутгаа хөгжүүлсэн түүний 33 жил үүнийг гэрчлэх ажээ.

 

МЭНДЧИЛГЭЭ

Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Цогтой гүний хошуу, эдүгээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, суугуул, ажиллаж хөдөлмөрлөж байсан нутгийн зон олондоо сум үүсэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, нутаг орондоо элэгтэй байж, их хөгжлийн үүд хаалгыг нээн, арвин бүтээл, эрдэм оюун нь ундарсан сайн сайхан амьдрал өрнөсөн энх мэндийн хадгийг өргөн барьж мэндчилье.  

Догшин хутагтын нутаг, Дорнын шаргал говийн, Ээлээ өгсөн элбэг амьдралын өлгий,  Эрдэнэ сум маань  жилээс жилд цэцэглэн хөгжиж буй түүхэн цаг хугацаанд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө нутаг орныхоо хөгжлийн төлөө зориулж ирсэн ахмадууд, энэ нутгаас төрөн гарсан хөдөлмөрийн алдартан, эрдэмтэн, их үйлсийн гавьяатнууд, нутаг орны хөгжил цэцэглэлтийн төлөө түүчээлэн ажиллаж буй төрийн албан хаагчид, төмөр замчид, хилчид, малчид, хүүхэд, залуучуудаараа ойн босгон дээр бахархаж байна. 

Бид өмнөх түүхээсээ улбаалан өнөөдрийн хөгжлийг бүтээн босгож, ирээдүйгээ хөтлөн явуулах үүрэг хүлээсний хувьд түүхт ойн босгон дээрээ орон нутгийнхаа хөгжлийн төлөөх бүхий л ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.  

Эрдэнэ сум маань сүүлийн 3 жил дараалан 2021, 2022, 2023 онуудад үйл ажиллагааны үр дүнгээрээ аймгийн шилдэг сумаар шалгарсан амжилтаар түүхт 100 жилийн ойгоо угтаж байгаадаа бид баяртай байна.

Аймгийн шилдэг Эрдэнэ сум маань туулж өнгөрүүлсэн 100 жилийн амжилт бүтээлийн түүхэн номоо өлгийдөн авч сум орныхоо цадиг түүхийг гэрэлт номын хуудсанд мөнхөлж, залуу хойч үеийнхээ гэгээн оюун, гэрэлт мэлмийд хадаг болгон өргөн барьж байгаадаа талархаж буйгаа айлтгая.

Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Эрдэнэ нутгийн уугуул, суугуул  ололт амжилтаа бататгахыг төлөө цаг ямагт тэмүүлэн ажиллаж байгаа Элбэг амьдралын өлгий Эрдэнэ нутгийн түмэн олон минь буян заяа нь тэгш дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрийн ажил маань түвшин сайхан

Түмэн олон минь амар амгалан байх болтугай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН

ЗАСАГ ДАРГА И.БАТСҮРЭН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)