Б.ТУУЛ

 

...”2024 оны “Silk Way Rally” буюу “Торгоны зам” автомашины бартаат замын уралдаанд  эр зориг, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа харуулсан 31 орны 106 тамирчинд халуун баяр хүргэе!”...хэмээн авто спорт сонирхогчдыг суудал дээр нь өндөлзүүлдэг, эр зоригийг нь хөглөдөг авто ралли буюу олон улсын бартаат замын автомашины уралдаан Улаанбаатар хотноо барианд орж, бай шагналаа гардуулах ёслолын ажиллагаагаа алга ташилт дүүрэн эхэлж байгаа нь энэ юм. Энэхүү уралдаан нь 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд “Dakar rally”-ийн дараа орох томоохон бартаат замын уралдаан билээ. Энэ жил Монгол, Оросын нутаг дэвсгэрийг дамнан манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тэмцээнд оролцогчид долоодугаар  сарын 9-15-ны өдрүүдэд нийт 5.500 орчим км замыг амжилттай туулж, Улаанбаатар хотноо мөсөн хотхон “AIC Степпе Арена”-д шагналаа гардаж, амжилтын оргилуун дарс буудуулж байна.

2024 оны ралли уралдааны маршрут нь ОХУ-ын Томск хотоос эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод ирсэн байна. “Торгоны зам” олон улсын ралли уралдаанд энэ жил оролцогч, сонирхогч 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгджээ. Тоймлоод хэлбэл, энэ жилийн уралдаанд 31 орны 111 тамирчин эр зоригоо сорьжээ. Энэ жилийн “Торгоны зам 2024” авторалли уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдаж байгаагаар онцлог юм. Энэ нь Монголын тал нутаг, үзэсглэнт байгаль, манай улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлыг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг албаныхан онцолж байлаа. 

Уг арга хэмжээний нээлтэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсролын асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Лодойравсал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн илгээлтэд “Торгоны зам” ралли нь нэр хүндтэй, сонирхолтой спортын арга хэмжээ болохын ач холбогдлыг онцолж, оролцогчдод халуун баяр хүргээд, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах нь улс орнуудын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой”-г онцлон дурдсан байлаа. Мөн “Silk Way Rally” олон улсын төслийн тэргүүн Владимир Чагин “Уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчдыг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Тус уралдаанд Монгол Улсын төлөөлж хоёр тамирчин оролцож, багийн дүнгээр хоёрдугаарт бичигджээ. Мөн "Silk Way Rally" мото төрөлд Монгол Улсын тамирчин П.Мөрөн найман шатанд түрүүлсэн амжилттайгаар шагналын индэрт зогсож байгаа нь бахархууштай байлаа.

Авто ралли уралдаан нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулсан нь жолооч нарыг чансааг шалгасан, хүнд сорилт байсныг хэлж байв. Тухайлбал Говь-Алтай, Баянхонгорын замд хатуу чулуурхаг хөрстэй, хад чулуу ихтэй замаар явсан байна. Уулын замаар явах, гол гатлах, гуу жалга ихтэй, нарийн төвөгтэй газруудаар их явсан. Энэ нь жолооч нарын ур чадварыг үнэхээр сорьсон, овсгоо самбаа шаардсан бартаатай зам байлаа гэдгийг хэлж байлаа.

“Торгоны зам-2024” олон улсын автомашины ралли уралдаан “Мото”-гийн зэрэглэлийн өрсөлдөгчдөөс Алексей Наумов ялалт байгуулсан байна. Оросын тамирчин жагсаалын туршид тууштай тоглолт үзүүлж, тайван байдал, ур чадвараараа Монголын тамирчин М.Пүрэвдоржийг гүйцэж түрүүлжээ. Монголын тамирчин М. Пүрэвдорж сүүлийн шатанд хэд хэдэн ялалт байгуулж, Газпромын цомыг хүртэх боломжийг хангажээ. Хүрэл медалыг Екатерина Жаданова хүртсэн байна.

Уралдааны “G-Moto Challenge “тэмцээнд Олег Павленко ялалт байгуулсан байна. Энэ төрөлд Иван Ли хоёрдугаар байрт орсон бол Антон Круглов гуравдугаар байрт шалгарчээ.

Мөн тэмцээний дөрвөн төрөлд раллигийн хамгийн залуу тамирчдын нэг Данил Логинов хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр шалгарчээ. Харин раллигийн мөнгө, хүрэл медалийн эздээр хоёр дахь жилдээ “Silk Way Rally”-д эхний гурван байрт шалгарсан Азат Шаймухаметов, дебютант Максим Сдвижков нар байв. Дараа нь хажуугийн тээврийн хэрэгслийн ангилалд Роман Русинов, Дмитрий Павлов нарын багийнхан гайхалтай ур чадвар үзүүлж, бартаат замын бүх тээврийн хэрэгслийн нийлбэр дүнгээр тэргүүлжээ. Дмитрий Черкесов, Владимир Простаков нар марафон уралдааны  хоёрдугаар байрт шалгарсан бол Андрей Новиков, Алексей Горюнов нар ОХУ-ын “G-Force Motorsport” багийн прототипт гуравдугаар байрт орсон байна.

“T1” прототипийн ангилалд “GAZ Raid Spor”t баг хүчтэй тоглолт үзүүлж, эхний болон хоёрдугаар байруудыг баталгаажуулсан аж. Раллигийн ялагчаар Александр Семенов, Дмитрий Охотников нар тодорч, Алексей Игнатов, Евгений Павлов нар хоёрдугаар байр эзэлжээ. Ийнхүү Монголын тал нутгаар эр зориг, овсгоо самбаагаа сорьсон 31 орны тамирчид “Торгоны зам”-аар овоглосон бартаат замын уралдаанаа өндөрлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 137 (7381)