Т.БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Харилцаа, хамтын ажиллагаа" буланг тогтмол явуулж байхаар болсон. Энэ удаа АНУ, Мексик, Куб улсад суугаа Элчин сайдын яам болон  Европын холбооны мэдээг тоймлон хүргэж байна.

 

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцжээ

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Вашингтон хотноо болжээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд оролцсон байна.  Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар НАТО-гийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ойг тэмдэглэх үндсэн ёслолын хурал долоодугаар сарын 9-ний өдөр болов. Тус арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдэн “Өнөөдөр НАТО эгнээндээ 32 орныг нэгтгэсэн, урьд өмнө байгаагүй хүчирхэг болсныг цохон тэмдэглэв. Элчин сайд Ө.Батбаяр мөн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Э.Блинкений зохион байгуулсан “НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарт зориулсан арга хэмжээ”, АНУ-ын Төрийн департаментын зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээнд тус тус оролцжээ.

 

“Маргаашийн сайн сайхны төлөөх шийдлүүд”-ийг хэлэлцэв

Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын гуравдугаар бага хурал Мехико хотноо “Маргаашийн сайн сайхны төлөөх шийдлүүд” хэмээх сэдвийн дор болжээ.  Мексик Улсын ГХЯ, Мексикийн эмэгтэйчүүдийн үндэсний хүрээлэн, НҮБ-Эмэгтэйчүүд зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй энэхүү бага хуралд 40 гаруй улс болон НҮБ, бусад олон улсын байгууллага, иргэний нийгмийн 300 орчим төлөөлөгчид оролцсон байна. Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр бага хурлын өндөр түвшний хуралдаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд хэрэгжүүлж буй үндэсний бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулав. Түүнчлэн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар танилцуулж, өндөр түвшинд оролцохыг улс орнуудад уриаллаа. Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын гуравдугаар бага  хурлаас Даргын хураангуй гарган, Тунхаглал батална. Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын анхны хурлыг 2022 онд ХБНГУ, хоёрдугаар хурлыг 2023 онд Нидерландын Хаант Улс тус тус хүлээн авч, зохион байгуулж байсан.

 

С.Золжаргал: Кубын ард түмэнд эртний анд нөхөр Монголын ард түмнээс өгч буй сэтгэлийн дэм

Өнгөрсөн онд Кубын ихэнх газар нутаг үерийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн гол салбарууд нь хүнд хохирол амссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д нэг сая ам.доллартой тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.  Тэгвэл тусламжийг Хавана хотын боомт дээр хүлээлгэн өгчээ.  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, БНКУ-ын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн суурин төлөөлөгч Этиэннь Лабанде нар болон Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцов.Тусламжийг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Кубын Вилла Клара болон Сиенфуэгос мужийн 50 мянга гаруй эмзэг бүлгийн иргэдэд зориулж нийт 400 тонн цагаан будаа, 107 тонн ургамлын тос, 250 тонн буурцгийг 6 сарын турш үнэгүй тараах юм. Элчин сайд С.Золжаргал “60 гаруй жилийн түүхтэй Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал харилцаандаа чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү хүмүүнлэгийн тусламж нь нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулж буй Кубын ард түмэнд эртний анд нөхөр Монголын ард түмнээс өгч буй сэтгэлийн дэм юм” гэдгийг онцлов. Кубын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз Монголын ард түмнээс олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь цагаа олсон чухал ач холбогдолтой тусламж болж байгааг онцлон тэмдэглээд Кубын ард түмний өмнөөс талархал илэрхийлэв.

 

Брюссель хотод гэрэл зургийн үзэсгэлэнг нээжээ

Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав.  Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Л.Болд “Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500.000 еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно” гэв. Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховский, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон Европын холбооны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцов. Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Европын Холбоо нь манай улсын  “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 137 (7381)