Ч.Гантулга
Долоодугаар сар Үндэсний их баяр наадмаас гадна аяллын сар байдаг. Энэ сард дотоодын аялагчдаас гадна Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэхээр мянга мянган жуулчин манай улсыг зорьдог билээ. Тэдэнд зориулсан, хотын чимээ, хөл хөдөлгөөнөөс хол ч очиход хамгийн тохиромжтой үзэсгэлэнт газруудын тухай товч мэдээллийг хүргэе.
1.Гүнжийн сүм
Манжийн Энх-Амгалан хааны зургаадугаар охин, Халхын Түшээт хан Дондовдоржийн гэргий Хичээнгүй Амирлангүй гүнжид зориулан босгосон бунхан нь Улаанбаатар хотоос Зүүн хойд зүгт 120 орчим километр зайд буюу Хан Хэнтийн дархан цаазат газарт оршино. Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг өнгөрч, Дэл уулын бэлээр өгсөөд,Тэрэлж голыг гатлан намаг шалбааг бүхий хөндийгөөр явсаар хүрнэ.Тэртээх 1699 онд Манж дайчин улсын бодлогоор хааны угсааны гүнжүүд монгол ноёнтой сууж эх нутагтаа тагнуулын мэдээ дамжуулдаг хар хайрцгийн бодлого байж. Үүний дагуу Хичээнгүй Амирлангүй гүнж нь Түшээт хан Дондовдоржтой дэр нэгтгэжээ. Гэвч тэрээр хааны зарлигаас няцаж, монгол түмэнд туйлын элэгтэй байсан гэдэг. Нас эцэслэх үедээ “Би монгол хүний гэргий тул монгол хүн болсон. Тиймээс миний шарилыг энэ газарт оршуул” хэмээн гэрээсэлсний дагуу одоогийн Гүнжийн сүм боссон хэмээн үздэг. Аялж очиход бэрх замтай ч туйлын үзэсгэлэнт уг газар аялагч бүхний очих газрын нэг мөн бөгөөд Улаанбаатар хотоос 1-2 өдрийн аялал хийхэд тохиромжтой юм.
2.Хөвсгөл нуур
Улаанбаатар хотоос 700 гаруй км-ийн алсад Хөвсгөл нуур бий. Монгол түмний дунд “Далай ээж” хэмээн алдаршсан хоймор нутгийн гүн цэнхэр нуур нь манай орны хоёр дахь том нуур юм. Гүний хэмжээгээр Хөвсгөл нуур нь монголдоо тэргүүлэх төдийгүй Ази тивд ч дээгүүр жагсдаг. Дэлхийн цэвэр усны нөөцийн нэг орчим хувийг агуулдаг. Монгол орны хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Байгаль нууртай хүйн холбоотой хэмээн үзэж эгч дүү нуур хэмээн нэрийддэг байна.Хамгийн гүн хэсэгтээ 262 метр хүрдэг ажээ. Мөн монгол орны цэвэр усны 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах боловч дан ганц Эгийн гол эх аван урсаж мянга орчим километр замыг туулан Байгаль нуурт цутгадаг билээ. Хөвсгөл нуур нь ойролцоогоор долоон сая орчим жилийн настай бөгөөд манай гаригт орших хамгийн эртний 17 нуурын нэг билээ. Хөвсгөл нуур орчмоос Хүслийн хад, Тэнгис гол, Даяан дээрхийн агуй зэрэг түмэн газрыг зорьж, үзэсгэлэнт байгалийг үзэхболохоос гадна Хорьдол сарьдгийн нуруу, улаан тайгыгтуулж, Цаатан түмний нутагт айлчлан зочлох боломжтой.
3.Хотон нуур
Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай таван богдын цогцолборт багтдаг цэнгэг уст нуур юм. Нуурын урт нь 21.5 км, өргөн нь дөрвөн км орчим ажээ. Хамгийн гүн хэсэгтээ 58 метр хүрдэг байна. Тус нуур нь зэргэлдээ орших Хурган нууртай 2.6 км усан хоолойгоор холбогддог. Энэхүү нуурын ойролцоо Зүүн гар Манжийн хооронд томоохон тулалдаан болж байсан бөгөөд үүнийг түүхэнд Хотон нуурын тулалдаан гэж тэмдэглэсэн байдаг ажээ. Хотон нуур нь Өлгий хотоос 160км, Цэнгэл сумын төвөөс 85км зайтай. Мөн Алтай Таван Богд уулаас Хотон Хурган нуур хүрэх хоёр замтай ба урд зам нь 100км, хойд зам нь 140км явж хүрдэг байна. Замын бартаа, саад ихтэй тул нутгийн зам сайн мэддэг жолооч, хүчин чадал сайтай машинтай явахыг анхааруулъя. Мөн Хотон нуурын ойролцоо Билүү толгойн хадны зураг, мөн нуураас 10 орчим км яваад Байгалийн үзэсгэлэнт Бага түргэний хүрхрээг үзэх боломжтой ажээ.
4.Ёлын ам
Өмнөговь аймагт тэртээх Алтайн уулсын үзүүр Гурван сайхан хэмээн дуунд мөнхөрсөн нутгийн хамгийн үзэсгэлэнт газар болох алдарт Ёлын ам бий. Улаанбаатар хотоос урагш 650 орчим км зайд байрлаж байна. Монгол орны нэн ховор шувуу болох ёлын нэрээр нэрлэсэн тус ам нь далайн түвшнээс дээш 2800 гаруй метр өндөр. Мөнхийн нар тусдаггүй сэрүүн хавцлуудад нь жилийн дөрвөн улиралд мөс, цастай байдгаараа онцлог. Зэргэлдээх Мухар шивэрт, Дүнгэнээ зэрэг амыг бодвол Ёлын ам нь харьцангүйүзэсгэлэнтэй бөгөөд Баяжихын ам руу нэвт гарч болдгоороо давуу талтай. Нутгийнхан ёлын амыг нэрлэхдээ Оюут хэмээнэ. Ёлын амны хамаарах Говь гурван сайхан уул, түүний хамгаалалтын бүс нутаг нь монгол орны хамгийн том байгалийн цогцолбор газарттооцогддог ажээ. Ойр орчмоос нь аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, тэр ч бүү хэл цоохор ирвэс хүртэл ажиглагдаж байсан удаа бий.
5. Алтай таван богд
Алтай таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог, монгол орны дээвэр болсон, монгол түмний эрхэмлэн хүндэтгэдэг төрийн тахилгат шүтээн уул юм. Энэхүү уул нь Монголын хамгийн өндөр уулсын нэг бөгөөд 4000 метрээс дээш өндөртэй зургаан мөнх цаст оргилтой.
• Хүйтэн оргил 4.374м (ноён оргил)
• Найрамдал оргил 4.192м (3 улсын хилийн уулзвар)
• Цагаан суварга оргил 4.152м
• Бүргэд оргил 4.068м
• Малчин оргил 4.051м
• Өлгий оргил 4.050м
Алтай таван богд ууланд Потанин, Александр, Гранегэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, урт гол нь Потанинын (20км) мөсөн гол юм. Потаниниймөсөн гол нь Сүүн гол буюу цагаан голын ундаргын эх үүсвэр болдог ажээ. Цаг агаарын хувьд Монгол орны хамгийн тогтворгүй газруудын нэг бөгөөд нэг өдөр, нэг цагийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр дөрвөн улирлын шинжийг та тэндээс харж болно.
Эх сурвалж: www.zms.mn