Ч.Гантулга
Энэ амралтын өдрүүдэд та сонирхолтой ном уншиж, оюуны алжаалаа тайлахыг хүсэж байвал бид доорх таван номыг танд санал болгож байна.
1.Анна
Загварт хайртай, энэ салбарт ажилладаг хүн бүрийн бахархал болсон, үлгэр дуурайлал авдаг хүн бол яахын аргагүй “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур юм. Түүний нэрийг хүн бүхэн мэддэг боловч Анна маш нууцлаг нэгэн ажээ. Харин түүний дотоод мөн чанар, уран бүтээл, амжилт, уналт болоод хувь хүн талаас нь нээсэн хүн бол сэтгүүлч Эми Оделбөгөөд түүний бичсэн энэхүү “Анна” намтарчилсан ном юм. Эми Одел түүний хамгийн дотны найз ажээ. Хэдийгээр өмнө нь Аннагийн амьдралын тухай сэдэл авсан “Прадагаар гоёсон чөтгөр” хэмээх Холливудын кино хийгдэж байсан ч Эма Оделийн бичсэн намтар ном Аннаг хамгийн бодитоор дүрсэлсэн бүтээл болж чаджээ. Тус номд Анна Винтур “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор болох зорилгодоо хэрхэн хүрч байгаа, зорилгоо биелүүлснээр 1988 оноос хойш 35 жилийн турш түүнийг хэн ч, юу ч зогсоохгүй гэдгийг үргэлж чимээгүйхэн, ажил, амжилтаараа нотлон харуулж байгааг нь тодоор дүрсэлжээ.
2. Үйлтэй байшин
Дараагийн санал болгох том бол зохиолч Ю.Трифоновын “Үйлтэй байшин” ном юм. Энэхүү ном гурван туужаас бүрдэх бөгөөд Монголын Улсын төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд асан, дипломат, нэрт орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн орчуулж уншигчдын хүртээл болгожээ. Харин редактораар С. Баяр ажилласан юм. Тэрээр номын өмнөх өмнөтгөл үгэндээ “Трифонов дан хэлмэгдэлтийн тухай бичдэг зохиолч биш. Түүхийн сэдвээр, ялангуяа Оросын нийгмийн хуваагдан задарч байсан XIX зууны төгсгөл, “народникууд” буюу ард түмнээ өмгөөлөгчдийн тэмцлийн тухай бичдэг байсан онцлогтой” хэмээн бичжээ. Трифонов нь ОХУ-ын орчин цагийнзохиолчдоос Борис Пастернак, Михаил Шолохов, Михаил Булгаков, Юлин Семенов нарын дараа айргийн тавд бичигддэг байсан байна. Харин түүний нэг онцлог нь ямар ч сэдэв, түүхэн үеийг сонгосон бай түүний бүтээлийн гол асуудал, зовлон жаргал, бахархал нь хүн байдаг ажээ. “Үйлтэй байшин” тууж ч таныг хүний түүхээр аялуулах юм.
3. Зууны хүн
Манай сонин 2021 онд "Зууны хүн" нэртэй шинэ булан нээж энэ зуунд монголчуудынхаа дундаас ажил үйл, амжилт бүтээл, авьяас чадвараараа салбар салбарт манлайлж яваа алдартнуудын тухай уншигч түмэндээ толилуулсан билээ. Зуун зуунд манлайлагчид заавал төрдөг ажээ. Тэр тухай манай сонин зөвхөн энэхүү номоороо ганцхан удаа хүргэж байгаа биш юм. Манай сонины уламжлалт ажил, нийтлэлийн бодлого гэж хэлж болно. Хорьдугаар зууны сүүлчээр "Зууны манлай" бас "Монголын бахархал" нэртэйгээр манлайлагчдынхаа тухай бичиж, алдаршуулсныг уншигчид санаж байгаа биз. Энэ удаагийн "Зууны хүн" булангийн хүндэт зочдын ажил, амьдралыг харуулсан хөрөг нийтлэлүүд мөн тэрний үргэлжлэл болж, ном хэлбэрээр уншигчдад хүрсэн нь энэ билээ. Манай энэхүү номд багтсан 12 алдартны ихэнх нь Хөдөлмөрийн баатар болсон бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурдахад хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар гэх энэ эрхэмалдрыг хүртсэн, олимпын анхны медальтан, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав гуайг нэрлэж болох юм.
4. Майя нарын зөн билиг
Өнгөрсөн жил худалдаанд гарсан “Майя нарын зөн билиг” номыг та уншиж амжсан уу. Хүн төрөлхтөн үргэлж урагшилж, хөгжиж ирсэн нь маргаангүй үнэн. Гэхдээ бидний өнөөдрийн агуу гээд байгаа бүтээл, санааны эх нь үргэлж өнгөрсөн түүхтэй уялдаж,холбоотой байдаг. Өнөөдрийн бидний сонгосон зам болох ардчилал буюу олонхийн засаглал гэдэг нэр томьёоны тухай ярихад л эртний Грек, Ромын сэтгэгчдийн гаргаж ирсэн санаа гээд түүнийг л тойрон мөлжиж, улс орнууд ямар удирдлагатай яаж явах вэ гэдэг дээр маргаж, мэтгэлцэх жишээтэй. Сансар огторгуйг эзэмшиж, өөрийгөө орлуулах хиймэл оюун ухаан хөгжүүлж байгаа өнөөдрийн хөгжил нь өнгөрсөн түүхийн гайхамшгийг олж илрүүлэхэд тусалж, өнө эртний хүмүүс өнөөдрийн биднийхээс ч илүүг бүтээж хөгжиж байсан дүр төрх улам тодорч гарч ирсээр байна. Үүний нэг жишээ бол эртний Майячуудын түүх юм. “Майя нарын зөн билиг”. Монгол угсаат ахан дүүсийн сураг. Энэ бол өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай ном ажээ.
5.Буйд газрын кафе “Яагаад”
Зохиолч, уран илтгэгч Жон Стрелеки нь 1969 ондАмерикийн Нэгдсэн Улсын Иллинойс мужид төржээ. Тэрээр бизнес, менежментийн зөвлөхөөр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Түүний бичсэн энэхүү Буйд газрын кафе “Яагаад” хэмээх хувь хүний хөгжлийн ном нь түүний анхны бүтээл бөгөөд 2003 онд хэвлэгдэж, 35 хэлнээ орчуулагджээ. Тус ном нь хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж болоод түүнийг дагалдах мөнгө, эд хөрөнгө, алдар нэр, амжилт бүтээл, цөхрөл гутрал зэрэг өдөр тутам учирдаг зүйлсийн цогц хариулт, гаргалгааг эвлэгхэн, хөнгөхөнөөр өгүүлэх болно. Түүнчлэн бидний хэзээ нэгэн цагт бага ч болтугай бодолхийлсэн тэр зүйлсийн гүн гүнзгийд нэвтэрч, танд утга учир бүхий хариултыг өгч чадах ажээ.
Эх сурвалж: www.zms.mn