Б.Алтангэрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Нармандахын Алтансүхэд  “Улсын мэргэн” цол,  40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүүд “Улсын гоц харваач” цол, 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, “Баргудай мэргэн” багийн харваач Бадарчийн Лхагвадоржид “Улсын онч харваач” цол, 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубийн харваач Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэгт “Улсын тод харваач” цол олгов.