Б.Алтангэрэл

Эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, Даяар дуурьсах мэргэн цол хүртлээ.

Тэрээр “Миний хувьд том цолтой тул багийнхнаа дасгалжуулахын  зэрэгцээ бэлгэлгээ хийсэн. Мэдээж бүх харваачид түрүүлэхийн төлөө наадамд оролцсон. Нутгийн уул ус минь өндөлзөн харж, ивээсэн байх. 21 дэх жилдээ харваж байна. Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч буй н.Ууганзаяа, Хөвсгөл аймгийн харьяат  аймгийн мэргэн н.Жалбаа багш нарын минь ач. Энэхүү цолоо өнгөрсөн жил горьдлого тээн хүлээж байсан. Алтан шар зурхай хишгээ хайрлалаа.

Дөрвөн өдөр сунаж харвалаа. Цаг агаар харваачдыг нэлээдгүй сорилоо. Өчигдрийн бороо харваачдыг оноог салгаж өгөх шиг болсон. Тэнгэр бурхан нэлээн тэтгэх шиг боллоо. Аагим халуун, усан борооноор,  шороо тавьж шуурч байсан ч харваач хүн зогсоод сум тавьж л байна. Энэ утгаараа манай үндэсний сур харваа хүнд их тэсвэр тэвчээр, хатуужил олгодог спорт" гэв.

Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан 38 оносон амжилтыг үзүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: www.zms.mn